Э.Оджаргал
Үндэсний “Алт 2” хөтөлбөрийн хүрээнд Монгол орны баруун, зүүн нутгийг хамарсан алтны геологийн суурь судалгааны хоёр төслийн нэг нь “БӨМ Алт 2019” юм. Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Булган, Дундговь, Өмнөговь зэрэг 12 аймгийн нутгийг хамарсан Баруун, баруун өмнөд, хангайн бүсийн алтны хүдэржилт, хэтийн төлөвийн сэдэвчилсэн судалгаа 2019 оны наймдугаар сараас эхэлсэн юм. Судалгааны нийт талбай нь манай улсын нийт нутаг дэвсгэрийн бараг 1/3 гэсэн үг.
Тухайн бүс нутгийн алтны үндсэн болон шороон орд, илрэл, сарнилын хүрээ, геохимийн цэгэн гажил зэрэг тодорхой 5-6 мянган цэгийг судлах өргөн цар хүрээтэй төслийг үндэсний бүтээн байгуулагч “Монполимет” компани хэрэгжүүлж байна.
Геологичдын тайлбарласнаар, өмнөх судалгааны тайлангууд Оросын геосинклиналь онолд тулгуурлажээ. Харин “БӨМ-Алт 2019” төслийн хувьд плит-тектоник онолоор гүйцэтгэж байгаа бөгөөд изотоп, үнэмлэхүй насжилтын дээжлэлтийг хийж эдгээр ажлын үр дүнгээр алтны гарал үүслийг дахин тодорхойлно.
“БӨМ-Алт 2019” төслийн баг 57 хүний бүрэлдэхүүнтэй. Тэр дотроо хээрийн судалгааны 3 анги, 6 хэсэгтэй. Монгол Улсын зөвлөх геологичид, Төрийн шагналт гелологич доктор Ж.Бямбаа, Төрийн шагналт гелологич С.Цэрэн-Очир, геологич доктор Г.Дэжидмаа, геологич доктор Г.Ухнаа, геологич доктор Ж.Ган-Очир зэрэг алтны чиглэлээр тэргүүлэх мэргэжилтнүүд зөвлөхөөр ажиллаж байна.
Суурь судалгаанаас эхлээд геохими, геофизик, шинжилгээ, эрэл хайгуул, өрөмдлөг мэтчилэн олон геологичийн нөр их хөдөлмөрөөр асар их хугацаа, хөрөнгө зарцуулсан ажлууд хийгдэж байж эцэст нь орд нээх, нөөц ашиглах тухай яригдана. Эдүгээ эх орны эдийн засгийг тэтгэх Оюутолгой, Тавантолгой орд 40-50 жилийн тэртээх геологийн судалгаагаар илэрч, ашиглаж эхлээд удаагүй. Төслийн судалгааны баг тавдугаар сард хээрийн ажилдаа гарахаар бэлтгэлээ базааж байна.
Эрдэсжилтээс хамаарч алхны цохилт хүртэл өөр өөр чимээ гаргах агаад тухайн чулууны аль хэсгээс дээж авах нь ур чадвар, мэдрэмж гэнэ. Тиймдээ ч геологи нь туршлагад илүү тулгуурласан шинжлэх ухаан, хүний бүхий л мэдрэхүйгээр судалдаг ажил. Үүнд л геологичийн үнэ цэн байдгийг төслийн багийнхан өгүүлж байлаа.
“БӨМ Алт” төсөл 2022 оны долдугаар сард дуусч, тайлангаа улсад хүлээлгэж өгнө. Монгол Улсын хэмжээнд алтны геологийн судалгааны жишиг болохуйц ажил, геологийн шинжлэх ухааны нэгэн том бүтээл болно гэдэгт төслийг хэрэгжүүлэгч “Монполимет” компанийн захирал С.Энхтуяа итгэлтэй байна.
Нийтлэлийн дэлгэрэнгүйг The Mongolian Mining Journal сэтгүүлийн 2021.003 сарын дугаараас сонирхоно уу.