Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

“Нүүрс баяжуулалт 2021” онол практикийн бага хурал боллоо

Монголын Ашигт малтмал баяжуулагчдын холбоо, “Энержи Ресурс” ХХК  хамтран    “Нүүрс баяжуулалт 2021” онол практикийн цахим хурлыг  (06.08)   зохион байгууллаа.  Хурлыг нээж Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбооны (МАМБХЕрөнхийлөгч Б.Чинзориг, “Энержи Ресурс” ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан дэд Ерөнхийлөгч Ц.Баасандорж нар  үг хэлэв. “Нүүрс баяжуулалтын чиглэлээр  бид анхны хурлаа хийж байна. Энэхүү хуралд хамтран оролцож, дэмжин ажиллаж байгаа “Энержи Ресурс” компанийн нийт инженер, техникийн ажилтанд талархлаа илэрхийлье” хэмээн МАМБХ-ийн Ерөнхийлөгч Б.Чинзориг тодотголоо.   

“Эрдсийн боловсруулалтын гол ач холбогдол нь баялгийг сорчлохгүй ашиглах төрийн бодлого бөгөөд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн бий болгох, стандарт шаардлага хангасан бүтээгдэхүүнийг хэрэглэгчиддээ нийлүүлэхэд оршиж байна.  Тиймээс бид нүүрс баяжуулах үйлдвэрийн технологийн бодлогоо тодорхойлон төлөвлөгөө боловсруулж, үе шаттай хэрэгжүүлэхээр зорьж ажиллаж байна” хэмээн “Энержи Ресурс” ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан дэд Ерөнхийлөгч Ц.Баасандорж тодотгоод Ухаа худагийн Нүүрс баяжуулах үйлдвэрийн 10 жилийн ойн мэндийг нийт  салбарынхан дэвшүүлэв.   

Цахим хурлын эхний хэсэг “Нүүрс баяжуулалтын технологийн хөгжил, цаашдын хандлага” сэдвээр өрнөж,  дэлхийн нүүрс баяжуулах үйлдвэр, Монголын нүүрсний салбарын өнөөгийн байдал,  Монгол Улсын нүүрс баяжуулах үйлдвэрийн хөгжил”  зэрэг сэдвээр илтгэж хэлэлцлээ.  Сүүлийн жилүүдэд дэлхийн олон оронд нүүрсний хэрэглээ буурснаас олборлолт, экспортын хэмжээ харилцан адилгүй байна. Монгол Улсын хувьд баяжуулсан нүүрсний экспортоор дэлхийн “топ 10”-т багтах болжээ. Хятад улс дэлхийд нийт олборлоод ашиглаж байгаа нүүрсний 50 гаруй хувийг эзэлж буй. Тухайлбал, тус улс 2018 онд 265 сая тонн нүүрс, Энэтхэг улс 224 сая тонн нүүрс импортолжээ. Харин  Австрали 393 сая тонн, Индонез 365 сая тонн, ОХУ 168 сая тонн, АНУ 101 сая тонныг тус тус экспортолжээ.  Нүүрс баяжуулах үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байна. Шилэн өрөө тасалгаатай, дотоод гэрэлтүүлэгтэй, загвар сайтай  баяжуулах үйлдвэрүүд ч байгуулагдах болжээ. ОХУ-ын хувьд хүйтнээс хамгаалагдсан, эрчим хүчний нүүрсээр цахилгаан үйлдвэрлэдэг цогц үйл ажиллагаатай Баяжуулах үйлдвэрүүд бий болж байгааг илтгэгчид онцолсон. Монгол Улсын хувьд жилд 30 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай, дэлхийд томоохонд орох  үйлдвэрийн төслийг  “Эрдэнэс Тавантолгой” ХК хэрэгжүүлж эхэлсэн билээ.

Тус цахим бага хурал нь  “Нүүрс  баяжуулах техник, технологи” сэдэвт  “Нүүрс баяжуулах тоног төхөөрөмжийн харьцуулалт”, Ухаа худаг  уурхайн нүүрс баяжуулах үйлдвэрийн  нарийн нүүрсний циклийг шинэчлэх төслийн үр дүн  зэрэг сэдвээр өрнөсөн юм.  Мөн бага хурлын дараагийн хэсэгт “Нүүрсийг  хуурай аргаар баяжуулах технологийн хөгжлийн чиг хандлага”,  “Хуурай  баяжуулалтын аргаар нүүрсний  чанарыг  сайжруулах  судалгааны төслийн“  танилцуулгыг хийлээ.  2021 оны зургадугаар сард   “Энержи Ресурс” ХХК-ийн Ухаа худагийн Нүүрс баяжуулах үйлдвэрийн 10 жилийн тохиож байгаа бөгөөд тус ойн баярын хүрээнд Монгол Улсын нүүрс баяжуулах технологийн хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар салбарын эрдэмтэн, судлаачид, инженерүүд ийнхүү судалгааны ажлын үр дүнгээ тус цахим хуралд танилцуулсан юм.

Г.Идэр