Эрдэс баялгийн салбарын үр ашиг, өгөөж, бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын үйлчилгээг нээлттэй, хүнд сурталгүй, ил тод хариуцлагатай болгоход чиглэсэн “Эрдэс баялаг-цахим шилжилт” хэлэлцүүлгийг УУХҮЯ-наас өнгөрсөн сард зохион байгуулахаар товлосон боловч хойшлогдсон билээ. Тэгвэл Байгалийн баялгаас оюуны баялагт уриан дор тус цахим хэлэлцүүлгийг маргааш зохион байгуулахаар болжээ. Уг хурлын чиглүүлэгчээр “Оюутолгой” ХХК-ийн Хамтын ажиллагаа, мэдээлэл харилцааны газрын ерөнхий менежер Э.Лхагва, “Кью Эм Си” ХХК-ийн захирал М.Дагва нар ажиллах аж. Хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал нар үг хэлснээр хурлын үйл ажиллагаа албан ёсоор эхлэх юм. Хэлэлцүүлгийн эхэнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Эрдэс баялгийн салбарын цахим шилжилтийн бодлого”, тус яамны Цахим бодлого, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Т.Баасанпүрэв “Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны нэвтрүүлсэн цахим систем” зэрэг сэдвээр илтгэл тавина. Түүнчлэн Үндэсний геологийн албаны дэд дарга буюу Ерөнхий геологич Б.Уянга “Ашигт малтмал, газрын тосны газрын цахим шилжилт”, Ашигт малтмал, газрын тосны газрын Орлогч дарга Б.Түвшинжаргал “Ашигт малтмал, газрын тосны газрын цахим шилжилт” сэдвээр илтгэхээр бэлтгэжээ. Хурлын хүрээнд цахим бүүт зохион байгуулах бөгөөд “Майкро Майн Монголиа”, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “АББ Монголиа” ХХК, “Оюутолгой” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ оролцох аж.
Г.Идэр