Б. Төгсбилэгт
Цар тахал манай эдийн засгийн хөгжлийг хоёр жилээр ухрааж, экспортын орлогыг тэрбум доллараар “цавчиж” байна. Төлөвлөгөө ёсоор цар тахал 2021 оны эхний хагас гэхэд дуусгавар болох байв. Манай улсад 2020 он бараг бүхэлдээ халдваргүй байсан бөгөөд 2021 онд удтал хүлээсэн вакцинжуулалт эхэлж, эрчимжихийн хэрээр халдварын тоо улам бүр зуузай холбон өсөв. Чухамдаа халдвар хамгааллын дэглэмийг удтал барьсан зүтгэл “2021 оны сонгууль, намын их ойн баяраас үүдэн “их тайвшрал, их назгайрал”-аар солигдсон нь вакцинжуулалтын үр нөлөөг хялбархан баллуурдаж орхилоо гэж хэлж болно. Вакцинжуулалтаар дэлхийд хошуучлах улсуудтай эн зэрэгцэх ч өвчлөлийн үзүүлэлтээр мөн адил тэргүүлж байгаа нь “КОВИД-ын парадокс”-ыг үүсгэв. Яг ийм парадокс манай улстай адил Хятадын вакцинаар дагнасан улсуудад нэгэн ижил өрнөснийг барууны хэвлэлүүд өлгөн авч мэдээлэв. Цар тахлын парадокс нь хүн амын эрүүл мэндэд аюул учруулаад зогсохгүй улсын экспортын тэргүүлэх салбар уул уурхай, тэр дундаа нүүрсний худалдаанд том цохилт өгч эхэллээ. Гуравдугаар сарын 15-наас хойш Монгол Улсын эрдсийн экспорт хумигдсанаар даруй нэг тэрбум ам.долларын экспортын боломжоо алджээ. Вакцинжуулалтын явц сайн байгаагаас үл хамаарч халдварын түвшин буурахаас нааш нүүрсний экспорт сэргэхгүй нь тодорхой боллоо.
Энэхүү амаргүй цаг үед манай улсын төр гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр ханцуй шамлахын зэрэгцээ ирэх оны хөгжлийн анхдугаар төлөвлөгөөг батлахаар зэхэж байна.
Зургадугаар сарын 21-нд УИХ-ын даргад өргөн барьсан Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг авч үзвэл үндсэндээ гадаадын хөрөнгө оруулагчийг дотоодынхтой адилтган тооцох утга агуулгатай. Одоогийн хүчин төгөлдөр хуулиар гадаадын хөрөнгө оруулагч Монголд орж ирэхийн тулд доод тал нь 100 мянган ам.долларын санхүүжилтийн босго тогтоосон байдаг. Харин хуулийн шинэчлэлийн төсөлд энэхүү доод хязгаарыг арилгах саналыг тусгажээ. Учир нь бага хэмжээний хөрөнгө оруулалт хийсний дараа цаашид нэмэгдүүлэх хүсэлтэй хөрөнгө оруулагч нарт уг зохицуулалт нь бэрхшээл учруулж болох талтай ажээ.
“Болох талтай” эсвэл “байж болзошгүй” гэдэг үгс нь эдийн засгийн нарийвчилсан тооцоололгүй үед хэрэглэгддэг. Өнгөц харахад энэхүү хуулийн өөрчлөлт жижиг, дунд үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжихэд чиглэсэн мэт харагдаж байгаа ч эсрэгээр дотоодын үйлдвэрлэгч нарт эрсдэл үүсгэж болзошгүй юм. Манай улс шиг жижиг эдийн засагтай орнуудад хөрөнгө оруулалтын доод хязгаарыг тогтоож өгдөг нь түгээмэл үзэгдэл. АНУ тэргүүтэй улс орнууд манай улсын хөрөнгө оруулалтын орчныг үнэлэхдээ иймэрхүү хязгаарлалтыг тайлбарласан байдаг. Гэвч ийм тайлбар нь эдгээр доод босго хэмжээ нь хөрөнгө оруулалтын орох урсгалыг боомилдог гэж тодорхойлоогүй байна.
Мөн Үндэсний хөгжлийн газраас 2018 оны дундуур гаргасан тайланд “Гадаадын хөрөнгө оруулагчдад тавьдаг хөрөнгө оруулалтын доод хэмжээтэй холбоотой шаардлага нь ...зарим боломжит жижиг хэмжээтэй төслүүдэд хөрөнгө оруулалт хийх боломж нөхцлийг хязгаарлахад хүргэж байж болзошгүй юм. Жижиг, дунд хэмжээтэй төслүүд нийлбэр дүнгээрээ Монгол Улсын эдийн засагт ашиг тус өгч, эдийн засгийг төрөлжүүлэхэд чухал хувь нэмэр үзүүлж чадна. Зөвхөн том төслүүдийг чухалчлан үзэх нь сөрөг үр дагавар авчирч болзошгүй” гэж өгүүлжээ. Гэхдээ төр засгаас гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжихдээ дотоодын зах зээл, дотоодын үйлдвэрлэгч нарыг хамгаалахаа мартаж болохгүй юм.
Хөрөнгө оруулалт манайх шиг оронд жил тутамд тэрбум ам.доллараас давсан нь чамлахааргүй үзүүлэлт. Гагцхүү эндээс Оюутолгойг хасаад тооцохоор хөрөнгө оруулалт эрчимтэй буурах дүр зураг тодорч байна. Хөрөнгө оруулалтын дийлэнх буюу 70 гаруй хувь нь уул уурхайн салбарт оногддог. 2022 оны аравдугаар сараас далд уурхай ашиглалтад орохтой зэрэгцээд бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт буурч эхэлнэ. Гадаадын шууд хөрөнгө оруулалт нь эдийн засгийн өсөлтийг дэмждэг. Тиймээс далд уурхайн хөрөнгө оруулалт дууссаны дараагаар манай улсын өсөлт автоматаар буурах эрсдэлтэй. Хэдийгээр өргөтгөл шат дуусмагц Оюутолгойн олборлолт, экспорт нэмэгдэх ч энэ нь бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт шиг өсөлтөд нөлөөлж чадахгүйг Дэлхийн банк анхааруулсан. Үүнийг хэрхэн нөхөх тухайд анхаарал хандуулах учиртай. Нөгөөтэйгүүр “Оюутолгой” төсөлд улс төрийн тогтвортой байр суурь баримтлах нь өөрөө хөрөнгө оруулалт татах хамгийн сайн хүчин зүйл болох юм. Зээлжих зэрэглэл тогтоодог S&P, Fitch, Moody’s агентлагууд ч цаашид зэс, нүүрсний томоохон төслийг тогтвортой урагшлуулах нь эдийн засгийн өсөлт төдийгүй хөрөнгө оруулалтыг татах суурь нөхцөл болохыг байнга дурддаг.
Дараагийн “Оюутолгой” төсөл хайгуулын салбараас төрнө. Харин хайгуулын салбарт эрчимжилт бус сааралт үргэлжлээд удаж буйг бид мэднэ. Хөрөнгө оруулалтын орчны хувьд хууль эрх зүй талаасаа манай улс харьцангуй сайн боловч авлигын түвшин, улс төрийн тогтворгүй байдал нь хөрөнгө оруулагчдыг үргээх гол шалтгаан болж байна.
Хөрөнгө оруулалтын хуулийн шинэчлэлийн хажуугаар ирэх оны хөгжлийн төлөвлөгөөг тавдугаар сарын 25-нд өргөн барьсан. 10 их наяд төгрөгийн төсөв шаардах “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө”-ний төсөл нь зургаан бүлэг, 23 зорилт, 263 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгажээ. Жилийн буюу богино хугацааны хөгжлийн төлөвлөгөөг анх удаа боловсруулж буйгаараа онцлогтой. Төр, хувийн хэвшлийн хөрөнгөөр хэрэгжих төслүүдийг ангилан жагсааж, олон нийтэд дэлгэж буйгаараа илүү ач холбогдолтой. Цар тахлын хүнд үед мөрөөдлийн жагсаалт гаргасан төдийгүй уг төлөвлөгөөнд баялгийн сан бүрдүүлэх тухай “салхи сэвэлзэхгүй” байгааг УИХ-ын зарим гишүүн шүүмжилж байна.
Төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд нийт 10 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Улсын төсвийн хөрөнгөөр 870.4 тэрбум төгрөг, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 111.7 тэрбум төгрөг, гадаад зээл тусламжаар 2.2 их наяд төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалтаар 1.2 их наяд төгрөг, бусад эх үүсвэрээс 5.7 их наяд төгрөгөөр санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлснээр ирэх онд эдийн засгийн өсөлт 4.6%, инфляц 5.8%, төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хэмжээ 3.6%-тай байхаар тооцжээ.
*МЕГА төсөлд Зэс хайлуулах үйлдвэр, Газрын тос дамжуулах хоолой барих, хар төмөрлөгийн үйлдвэрүүд багтсаны сацуу 2.8 их наяд төгрөгийн Шатахууны тогтвортой байдлыг хангах, эко түлшний хэрэглээг өсгөх үйл ажиллагаа багтсан
Энэхүү төлөвлөгөөний хүрээнд цар тахлын вирусын геномын дарааллыг тогтоох ажил 2022 оноос жигдрэх төсөөлөл байна. Уг ажилд ирэх онд 600 сая төгрөг төсөвлөсөн бөгөөд тэр нь гадаадын зээл, тусламжаар хэрэгжихээр байна. Ингэснээр манай улсад вирусын мутацын нөхцөл байдлыг тогтоох боломж энэ жил бус ирэх онд бүрдэж магадгүй байна. Одоогоор энэ чиглэлийн ажлууд дөнгөж эхлэх шатандаа байгаа юм. Үүнээс гадна саяхан Хятадын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн дэд дарга асан Фэн Зижиан тус улсад үйлдвэрлэсэн вакцинуудын нөлөөгөөр хүний биед үүссэн эсрэг биет нь Дельта вариантын эсрэг үйлчлэл сул гэсэн тайлбар хийсэн тухай Ройтерс агентлаг мэдээлжээ.
Ирэх оны төлөвлөгөөний гол ажил бол аж үйлдвэр, дэд бүтцийн төслүүд юм. Үүний дотор газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтворжуулах, евро стандартын шатахууны хэрэглээг нэмэгдүүлэхтэй холбоотой 2.8 их наяд төгрөгийн төслийг хувийн хэвшлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн зэс хайлуулах үйлдвэр, зэсийн гидрометаллургийн үйлдвэр, газрын тосны хоолой байгуулах, хар төмөрлөгийн үйлдвэр байгуулах ажлууд багтана. Эрчим хүчний салбарт Багануур, Тавантолгойн станц, 160МВт-ын цэнэг хураагуурын станцын бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр төлөвлөгөөнд тусгасан байна.
Ирэх он бол бүтээн байгуулалтын хувьд яах аргагүй түүхэн жил болох нь гарцаагүй байна. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг бүрэн дуусгахаар төлөвлөсөн. Төмөр замын салбарт тулгарч буй асуудал, хоёр хөршийн төмөр замын бодлогын талаар сэтгүүлч Э.Оджаргалын нийтлэл энэ дугаарт нийтлэгдлээ.
Зарим төслийн хувьд, тухайлбал Тавантолгойн станцын бүтээн байгуулалт энэ онд эхлэх хүлээлт байсан ч цар тахлын улмаас хойшлох дүр зураг төлөвлөгөөнөөс тодорч байна. Мөн эдийн засгийг сэргээх хүрээнд боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг тусгаад байна.
Эдгээр ажил ирэх онд хэрхэн хэрэгжих эсэх нь цар тахлыг хэр амжилттай даван туулахаас, тэр дундаа халдварын тоог хэрхэн бууруулахаас шууд шалтгаална. Шинэ Ерөнхийлөгч тодорч, Монголын төр засгийг нэг нам дангаараа удирдахаар болж байгаа нь тогтвортой байдал авчрах боловч ил тод бус байдал давамгайлах эрсдэл үүслээ. Шинэ Ерөнхийлөгч ямар дүрмээр ажиллах тухай сэтгүүлч Г.Идэрхангайн нийтлэлээс уншаарай.
2020 он бол цар тахлын жил байсан. 2021 он цар тахлын дараах шинэ хэвийн байдал тогтсон жил болно гэж олноороо найдацгаасан. Вирусын тархалт хумигдалгүй оны эхний хагас өнгөрч байгаа ч ихэнх оронд халдвар эрчимтэй буурах замдаа оржээ. АНУ, Европт тархалт аль хэдийнэ буурч, ажил амьдрал эргээд сэргэж, хэвийн горимд нэвтрэхэд ойртсон бол Энэтхэгт халдварын тоо харьцангуй буурч, нөхцөл байдал дээрдэх шинжтэй болж ирлээ. Манай улсад намар гэхэд халдварын тоо буурах төсөөлөл байгаа нь эдийн засаг, ялангуяа нүүрсний экспорт оны хоёрдугаар хагаст сэргэх найдвар төрүүлнэ.