2021 оны наймдугаар сарын 09
Монгол Улс, Улаанбаатар хот – Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологийн Их сургууль /ШУТИС/- иас зохион байгуулж буй ‘‘Гүний уурхайн блоклон олборлох технологи, арга туршлага’’ сэдэвт олон улсын цахим симпозиум 2021 оны наймдугаар сарын 12-13-ны өдрүүдэд болох гэж байна.
Өнөөдөр дэлхийд 20 хүрэхгүй гүний уурхайд блоклон нураах технологи ашиглаж байгаа бөгөөд тэдний төлөөлөл болгож Чили улс дахь Коделкогийн Эл Тэниентэ зэсийн уурхай, АНУ-ын Колорадо муж дахь Фрийпорт компанийн Хендерсон молибдены уурхай, Өмнөд Африк дахь Петро Даймондс компанийн /өмнө нь Дэ Бийрс Даймондс Майнз эзэмшиж байсан/ очир-эрдэнийн Калинан уурхайн мэргэжилтнүүд илтгэл тавьж, өөрсдийн туршлагаа хуваалцана. Мөн ШУТИС-ийн эрдэмтэн судлаач нар илтгэл тавихаас гадна Рио Тинто болон Оюу толгой компанийн төлөөлөл Оюу толгойн гүний уурхайн блоклон олборлохх технологийн талаар танилцуулга хийнэ.
ШУТИС нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн энтрепренер их сургууль болох зорилгын хүрээнд геотехникийн судалгааны төв болохоор зорьж байгаа. Энэ хүрээнд Рио Тинто групп, Оюу толгойн дэмжлэгтэйгээр хамтын ажиллагааг эхлүүлээд байгаа бөгөөд энэхүү олон улсын симпозиумыг Рио Тинто Монгол ХХК-иас дэмжин оролцож байна.
Симпозиумын нээлтэд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, ШУТИС-ийн ректор, доктор профессор Б.Очирбат, Рио Тинтогийн Зэсийн группийн захирал Б.Болд нар үг хэлнэ. Олон улсын симпозиумын хөтөлбөр болон илтгэгч нарын талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу. Хэрэв та симпозиумд оролцох хүсэлтэй байгаа бол наймдугаар сарын 11-ний 17:00 цагаас өмнө бидэнтэй холбоо барина уу. Симпозиумд оролцох хүсэлтээ илэрхийлсэн хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид хуралд оролцох цахим холбоосыг жич хуваалцах болно.
Редакцын анхааралд:
Олон улсын таваарын зах зээлд зэсийн эрэлт хэрэгцээ нэмэгдэхийн хэрээр олборлоход харьцангуй хялбар зэсийн ордууд цөөрч, газрын гүнд орших илүү нарийн төвөгтэй ордыг уурхай болгон хөгжүүлэх шаардлага дэлхий даяар бий болоод байна. Ил уурхайн аргаар олборлох боломжтой орд улам шавхагдахтай зэрэгцэн блоклон олборлох аргыг сонирхох нь элбэг болж байна.
Гүний уурхайн блоклон олборлох арга нь дэлхийд уул уурхайн салбарт хөгжиж буй шинэ тутам арга технологид тооцогддог бөгөөд тоотой хэдэн уурхайд л энэ аргыг ашиглаж байна. Блоклон олборлох арга нь гүний уурхайн бусад аргыг бодвол бүтээн байгуулалт хийгдсэний дараа зардал багатай, бүтээмж өндөртэй байдгаараа давуу талтай тул Оюу толгойн бүлэг орд шиг газрын гүнд, аварга том хэмжээтэй, харьцангуй бага, дунд металлын агуулгатай хүдрийн биетийг олборлоход тохиромжтой юм.
‘‘Гүний уурхайн блоклон олборлох технологи, арга туршлага’’ цахим симпозиум нь гүний уурхайн талаарх гүнзгий мэдлэг олж авах, Монгол инженерүүд олон улсын мэргэжилтнүүдтэй туршлага солилцож, олж авсан мэдлэг, туршлагаа улсынхаа уул уурхайн салбарт түгээж, бусад уул уурхайн төслийг илүү хялбар, илүү өртөг багатай хөгжүүлэх гарц боломжийг нээж өгөх ач холбогдолтой юм.
#ГүнийУурхайнГүнРүү аялцгаая!
Холбоо барих
ШУТИС
Батчулууны Ганзориг
Chelikcesur79@must.edu.mn
+976 94023289
Рио Тинто Монгол ХХК
Энхтөрийн Нарантунгалаг
Narantungalag.enkhtur@riotinto.com
+976 94042241
Оюу толгой ХХК
Цэндийн Ганзориг
GanzorigTs@ot.mn
+976 99085617