“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хариуцан хэрэгжүүлж байгаа томоохон төслүүдийг санхүүжүүлэх зорилгоор нийт зарласан ЭТТ Бондын хоёр дахь шатны эхний захиалга амжилттай дууслаа.
Тус компани бондын хоёр дахь шатыг олон улсад болон дотоодын хөрөнгө оруулагчдыг оролцох боломжтойгоор олон нийтэд санал болгож, 2021 оны наймдугаар сарын 25-ны өдрийн 17.30 цагт захиалгыг авч нэгтгэлээ.
ЭТТ Бондын 2021 оны наймдугаар сарын 25-ны өдрийн II шатны нэгтгэсэн дүнгээр 519.4 тэрбум төгрөг, 53.1 сая ам.долларын захиалгыг хийж анхны төлөвлөсөн хэмжээг 117%-иар давуулан биелүүлжээ.
Санхүүгийн бүтцийн хувьд гурван төрлийн арилжааны захиалга хийснээс төгрөг болон ам.долларын нийлбэр дүнг танилцуулсны сацуу бондын захиалгын санхүүжилтийн эх үүсвэрийг тус бүрээр нь дэлгэлээ.
Үүнд, Монголын хөрөнгийн биржийн бүртгэл шивэлтээр 164 тэрбум төгрөг, 13.1 сая ам.долларын захиалга бүртгэгдлээ. Мөн банкуудаас авсан санхүүжилтийн бүтцийн өөрчлөлтөөр 70 тэрбум төгрөгийн захиалга авсан. Олон улсын хөрөнгө оруулалтын сангуудаас ирүүлсэн захиалгат үнийн дүнгээр 285 тэрбум төгрөг, 40 сая ам.долларын Бондын захиалга тус тус хийгджээ.
Эх сурвалж: "Эрдэнэс Тавантолгой" ХК