Олон улсын “Mongolia Mining” үзэсгэлэнгийн бэлтгэл ажлын талаар Ерөнхий зохион байгуулагч “Майнекс Монголиа” компанийн Ерөнхий захирал Т.Баттулгаас тодруулав.
КОВИД-19-ийн нөхцөл байдлаас шалтгаалан 2 жил хойшилсон “Mongolia Mining” үзэсгэлэн арга хэмжээг зохион байгуулахаар болж байна. Арга хэмжээнд оролцогчдын хүлээлт хэр байна вэ? Ялангуяа гадаадын компаниуд хандлага ихээхэн сонирхол татаж байна.
Олон улсын уул уурхайн “Mongolia Mining” үзэсгэлэнг анх 2011 оноос тасралтгүй 2019 он хүртэл зохион байгуулсан. Энэ хугацаанд жилээс жилд өргөжиж ирсэн юм. Үзэсгэлэнгийн хамрах хүрээ, ач холбогдол ямагт тэлсэн. Оролцогчдын хувьд ч үзэсгэлэнгээс хүртэх өгөөж ч нэмэгдсэн билээ. Тийм ч учраас үзэсгэлэн гаргагч, оролцогчдын зүгээс манай 10 дахь удаагийн “Mongolia Mining” арга хэмжээний хүлээлт асар өндөр байна 2020 онд нээгдэх байсан үзэсгэлэн цар тахлын нөлөөгөөр 1.5 жил хойшилсон учраас зохион байгуулагч бидний адил үзэсгэлэн болох өдрийг хоног тоолох үйлчлүүлэгчдийн өндөр хүлээлт дахин 1.5 дахин нэмэгдсэн гэсэн үг. Гадаадын оролцогчдын тухайд, цар тахал дэгдэхээс өмнө 2020 онд өгсөн захиалгаа хадгалж байсан. Тэд бүгд энэ удаагийн үзэсгэлэнд оролцохыг хүссэн боловч хилийн хорионы дэглэмийн улмаас ихэнх гадаадын оролцогчид ирж чадахгүй. Гэхдээ Монгол дахь өөрийн улсын дипломат төлөөлөгчийн газрууд болон харилцагч бизнесийн байгууллагуудаараа төлөөлүүлэн оролцоно.
Одоогоор хэчнээн компани оролцохоор байна вэ?
”Mongolia Mining” үзэсгэлэнг 2021 оны есдүгээр сарын 22-24-нд зохион байгуулах албан ёсны зөвшөөрлийг бидэнд Улсын Онцгой Комиссоос (2021.08.16) өгсөн. Үүнээс хойш 50 гаруй компаниас шинэ захиалга нэмж авлаа. Цар тахлаас үүдэн тодорхойгүй хугацаагаар хойшилсноос болж захиалгаа цуцлаад байсан оролцогчид ч захиалгаа сэргээлээ. Ивээн тэтгэгчээр хамтарч ажиллах байгууллагууд нэмэгдсэн. Уул уурхайн ханган нийлүүлэгч компани, гадаад, дотоодын нийт 130 байгууллага үзэсгэлэнгээ гаргаж, оролцоно.
Үзэсгэлэнгийн бэлтгэл ажил хэр хангагдаж байгаа бол? Ямар саад, бэрхшээл учирч байна?
Төлөвлөсөн бэлтгэл ажил цагтаа бүрэн хийгдэж байна. Өнгөрсөн хугацаанд бид жилийн өмнөөс үзэсгэлэнгээ товлон, бүх бэлтгэлээ хангаж ирсэн. Бэлтгэл ажлыг ямагт өндөр түвшинд урьдчилан хийдэг. Өнөө жил хувьд хилийн хорио цээр, хил гааль дээрх түгжрэл гацаанаас шалтгаалж гадаадад хийлгэдэг зарим сурталчилгаа, бэлэг дурсгалын зүйлийг татан авахад бэрхшээлтэй, өртөг зардал ч нэмэгдэж байна.
Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалт татахад, сэргээхэд “Mongolia Mining” арга хэмжээ нь чухал ач холбогдолтой гэж ойлгодог. Манай төр засаг, яамд, уул уурхайн салбарын төрийн гол байгууллагуудын зүгээс арга хэмжээг хэрхэн дэмжиж ажиллаж байгаа вэ?
“Mongolia Mining” үзэсгэлэн бол уул уурхай салбарын ханган нийлүүлэлтийн маркетинг, худалдааны орчин. Өөрөөр хэлбэл, уул уурхайн салбарт шууд санхүүгийн хөрөнгө оруулалт авчрахаасаа илүү техник, технологи нийлүүлэх гол суваг юм. Дэлхий дахинд гарсан хамгийн дэвшилтэт технологийг Монголын уул уурхайн салбарынханд танилцуулан нэвтрүүлж, энэхүү салбарын хөгжил, бүтээмжийг дээшлүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж ирсэн гэж үздэг. Гадаад дотоодын уул уурхайн салбарын бүхий л тоглогчид “Mongolia Mining”үзэсгэлэнгийн үеэр хуран цуглардаг учраас хөрөнгө оруулагчид ч салбарын хөгжилтэй танилцаж мэдээлэл авах гэж арга хэмжээг зорин ирдэг юм. Тиймээс үзэсгэлэнгийн хүрээнд зохион байгуулагддаг бусад арга хэмжээгээр дамжуулан хөрөнгө оруулалтын яриа хэлцэл хийгддэг. Энэ утгаараа бид салбарын хөрөнгө оруулалтыг дэмжихэд ч бас тодорхой хувь нэмэр оруулж ирсэн.
Үзэсгэлэнг зохион байгуулж эхэлснээс хойш Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар зэрэг төрийн байгууллагуудтай тогтмол хамтран ажилладаг. Төрийн өмчит голлох уул уурхайн компаниуд “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт” ТӨҮГ, ”Багануур”, “Шивээ Овоо” уурхайнууд манай үзэсгэлэнгийн үеэр худалдан авалтын бодлогоо танилцуулж, үзэсгэлэн гаргагчид зах зээлийн боломжоо нээж хамтран ажиллаж ирсэн.
Олон улсын чанартай томоохон арга хэмжээг 10 жил тасралтгүй зохион байгуулж ирсэн Танаас сонирхож асуух зүйл бол дэлхий дахин дахь хөрөнгө оруулалтын хандлага хэр байна вэ? Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбар уул уурхайн чиглэлээр гадаадын хөрөнгө оруулалтыг манай улс татах өнөөгийн боломжийн талаар Та өөрийн байр суурийг илэрхийлнэ үү?
Ер нь сүүлийн жил хагасын хугацаанд ганц уул уурхай биш эдийн засгийн бүхий л салбарт хөрөнгө оруулалт их хэмжээгээр саатаж, татарсан шүү дээ. Тийм учраас, КОВИД-19 хөл хорионы дараа бараа материалын хангамж эрэлтээ гүйцэхгүйд хүрч, түүхий эд, бараа таваарын үнэ ихээхэн өсч буй байдал анзаарагдаж байна. Түүхий эдийн дийлэнхийг гадаадаас авдаг барилга зэрэг салбарт хүндрэлтэй тусч байгаа бол эрдсийн үнийн өсөлт манай эдийн засгийн сэргэлтэд эерэгээр нөлөөлнө.
Харин хөрөнгө оруулалтын тухайд, Монгол Улсын төрийн бодлогоор ч, улс төржилт, иргэдийн хандлагаараа ч гадаадын хөрөнгө оруулалтад тун таагүй орчин бүрдээд удаж байгаа шүү дээ. Бодлогын тогтворгүй байдал, улс төржилт маш олон хөрөнгө оруулагчдыг үргээсэн. Нэг хэсэг, Оюутолгойн хөрөнгө оруулалтыг дагаад Монголыг сонирхох байдал эрс нэмэгдэж дэлхийн том том уул уурхайн компани, тэдэнтэй хамтран ажилладаг төрөл бүрийн бизнесийн байгууллагууд Монголд салбар нэгжээ нээж байсан бол дээр дурдсан сөрөг хандлагуудаас болж бүгд хаагаад гарсан даа. Саяхан Монгол Улсын Ерөнхий сайд гадаадын хөрөнгө оруулагчдаас уучлал гүйж “одоо бид ёстой гоё байна” гэж амлалт өгч байна билээ. Алдсан итгэлийг олж авахад үгээр биш үйлдлээр батлах хэрэгтэй байх, бас нэлээн хугацаа орох болов уу.
Энэ удаагийн үзэсгэлэнгийн гол онцлог бол 10 жилийн ой тохиож байгаа билээ. Ямар уриатай, хөндөх гол сэдэв юу байх бол гэсэн хүлээлт байна даа?
Анх үзэсгэлэнг зохион байгуулснаас хойш яг 10 жилийн ой тохиож байгаа нь онцлог. 10 жилийн ойн лэндмарк 10 дахь удаагийн арга хэмжээгээ чанартай сайн зохион байгуулна. Хүссэн хэмжээгээр олон хүн оролцуулах, урьд урьдынхаас өргөн хийх боломжийг КОВИД-19-ийн хязгаарлаж буй ч оролцогчдод өндөр үр дүнтэй, туйлын ач холбогдолтой арга хэмжээ болгохыг бид хичээж байна. Ташрамд хэлэхэд, халдвар хамгааллын чанд журам боловсруулж, хэрэгжүүлж ажиллана гэдгийг хэлэх нь зүйтэй.
10 жилийн ойн 10 дахь удаагийн үзэсгэлэнгээ Монголын эдийн засгийн сүүлийн хэдэн жилийн хөгжил болон одоогийн нөхцөлд ач холбогдол өгч “Эрдэс баялгийн салбар эдийн засгийн сэргэлтийн суурь” (Minerаl sector, the foundation of economic revival) гэсэн уриатайгаар зохион байгуулна. Эрдэс баялгийн салбарын эдийн засгийн хөгжилд гүйцэтгэж буй үүрэг, боломж, эрдсийн экспортын орлогоор нийт эдийн засгийн хөгжлийг үр дүнтэй дэмжих шаардлага, боломжийн талаарх бодлогын семинарыг төлөвлөж байна.
Үзэсгэлэнд шинээр оролцох компаниуд болон сонирхолтой технологи, дэвшилтэт техник тоног төхөөрөмж?
Уул уурхайн тоног төхөөрөмж нийлүүлэгч, хамтран ажилладаг бизнесийн байгууллагууд цоо шинэ техник технологио манай жил жилийн үзэсгэлэн дээрээс л зах зээлд танилцуулдаг. Өнөө жил ч тэр уламжлалаа хадгална. Тухайлбал, үзэсгэлэнгийн ивээн тэтгэгч “Гранд Майнинг” компани SANY брэндийн өргөн аралт өөрөө буулгагч машин, “Хера Экупмент” компани ТОНЛИ брэндийн хүнд даацын тоног төхөөрөмжүүд, “Юнайтед Белаз Машинери” компани БЕЛАЗ брэндийн уул уурхайн автосамосволуудыг худалдан авагчдад танилцуулахаар бэлдэж байна.
Мэдээж, томоохон арга хэмжээг зохион байгуулахад хамтын ажиллагааны хүрээнд дэмжлэг, ивээн тэтгэгчдийн оролцоо тун чухал. 10 дахь жилдээ болох гэж буй үзэсгэлэнгийн дэмжигч, ивээн тэтгэгч болоод шинэ спонсор компаниудыг танилцуулахгүй юу?
10 дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэ удаагийн үзэсгэлэнг “Гранд Майнинг Экупмент”, “Хера Экуйпмент”, “Новел групп”, “Цбон”, “Юнайтед Белаз Машинери”, “Соёолон Интэрнэшнл” зэрэг компаниуд ивээн тэтгэж, “Оюутолгой” компани дэмжигч байгууллагаар, “Mongolian Mining Journal” сэтгүүл, “Блүүмберг ” телевиз мэдээллийн ивээн тэтгэгчээр хамтран ажиллаж байна. Энэ ташрамд, манай үзэсгэлэнг үргэлж дэмжиж, хамтын маркетингийн хамгийн үр дүнтэй орчин бүрдүүлэхэд өндөр хувь нэмэр оруулж байгаа ивээн тэтгэгчиддээ талархал илэрхийлье.
“Mongolia Mining” үзэсгэлэнгийн Ерөнхий зохион байгуулагч “Майнекс Монголиа” компанийн сүүлийн үед хийгдэж байгаа ажлуудаас сонирхуулахгүй юу?
Манай “Майнекс Монголиа” компани уул уурхайн салбарын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын зуучлалын үйл ажиллагаа явуулахаар 2009 онд үүсгэн байгуулагдсан цагаас “Mongolia Mining” үзэсгэлэнг жил бүр тасралтгүй зохион байгууллаа. Мөн олон улсын хөрөнгө оруулалтын “Oil and Oil Shale Mongolia” чуулганыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан юм. БНХАУ-ад болдог “China Mining”, “China Gold”, “Bauma Shanghai”, АНУ-ын Лас Вегас хотноо болдог “EXPO Mine”, Казахстаны “Minex”, Индонез улсад “Mining Indonesia” зэрэг олон улсын үзэсгэлэнгүүдтэй хамтран ажиллаж Монголын уул уурхайн компаниудын төлөөллүүдийг оролцууллаа. “Tianjin Mining Exchange”-тэй хамтран Хятад улсад Монголын уул уурхайн хөрөнгө оруулалтын уулзалт зохион байгуулсан байна. Харамсалтай нь, цар тахлын нөлөөгөөр олон улсын арга хэмжээнүүд нэлээн тасалдлаа. Сүүлийн үед “Экспо Монгол” ХХК-тай хамтран "Монгол орныг бүтээн байгуулцгаая" уриатай “Build Mongolia” олон улсын барилга, дэд бүтэц, хүнд үйлдвэрийн үзэсгэлэн зохион байгуулалцсан. Хоёр дахь удаагийн “Build Mongolia” үзэсгэлэнг ирэх аравдугаар сард зохион байгуулна.
Танд баярлалаа.