“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа, БНСУ-ын Эрчим хүчний судалгааны хүрээлэн (СЭХСХ)-гийн Ерөнхийлөгч Жонг Нам Кимтэй (2021.10.05) цахимаар уулзав. Энэхүү уулзалтаар нүүрсний чанарыг сайжруулж, эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэн байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа. Уулзалтын эхэнд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа “СЭХСХ-тэй нүүрсний чанар, илчлэгийг нэмэгдүүлэх, судалгаа шинжилгээг хөгжүүлэх, шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэхээр хамтын ажиллагаагаа өргөжүүлж буйдаа баяртай байна” гэлээ. Энэ үеэр нүүрсний илчлэгийг нэмэгдүүлэхэд цаашид хоёр чиглэлд түлхүү анхаарч ажиллах хүсэлтээ “Эрдэнэс Монгол” компанийн зүгээс тавьсан юм. Тодруулбал, нэгдүгээрт, эрчим хүчний нүүрсний илчлэг, чанарыг сайжруулах, хоёрдугаарт, коксжих нүүрсний хаягдлыг боловсруулж экспортлох боломжийг нэмэгдүүлэх асуудлаар хамтран ажиллах боломжтойг Д.Хаянхярваа онцоллоо.
СЭХСХ-гээс “Багануур” ХК-ийн эрчим хүчний нүүрс, “Тавантолгой” ХК-ийн хаягдал нүүрсэнд туршилт хийж, чанарын хувьд сайн үр дүнтэй гарсан юм. Иймд судалгааг цаашид үргэлжлүүлэн нүүрсний илчлэгийг сайжруулан үйлдвэрлэлд ашиглаж болох тухай ТЭЗҮ боловсруулах шатанд хамтран ажиллах талаар харилцан тохиролцсон юм. БНСУ-ын СЭХСХ-гийн Ерөнхийлөгч Жонг Нам Ким уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газрын эдийн засаг, уул уурхайн салбарын хөгжлийн асуудлыг төлөөлж буй төрийн өмчит компани болох “Эрдэнэс Монгол”-ХХК-тай санамж бичиг зурж, хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаадаа баяртай байгаагаа онцлон тэмдэглэв. Ерөнхийлөгч Жонг Нам Ким СЭХСХ нь өнгөрсөн 10 жилийн хугацаанд Монгол Улстай агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хамтран ажиллаж ирснийг дурьдаад цаашид гэр хороолол, цахилгаан станцуудыг байгаль орчин ээлтэй түлшээр хангах төслүүдийг дэмжин агаарын бохирдлыг бууруулахад зорьж ажиллаж буйгаа илэрхийлэв. СЭХСХ нь нүүрстөрөгчийг саармагжуулах үндэсний судалгааны гол төв бөгөөд эрчим хүчний технологийг хөгжүүлэн уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулахыг зорьж байгаа юм. Уг уулзалтын үеэр СЭХСХ-гээс түүхий нүүрсийг сайжруулах технологийг Улаанбаатар хотын гэр хороолол, цахилгаан станцуудад нэвтрүүлэх талаар танилцуулга хийлээ. Тус хүрээлэнгийн судалгааны баг уурын технологийг ашиглан нүүрсний чанарыг сайжруулах туршилтуудыг амжилттай хийжээ. Иймд цаашид Шивээ-Овоо, Багануурын уурхайн нүүрсний чанар, илчлэгийг сайжруулж, гэр хорооллын утааг бууруулж, цахилгаан станцуудад байгаль орчинд ээлтэй түлш нийлүүлэхэд хамтран ажиллах боломжтой гэсэн юм. Нүүрсний илчлэгийн чанарыг нэмэгдүүлснээр эрчим хүчний хэрэглээ багасч, байгаль экологийн сөрөг нөлөө буурах юм.
Эх сурвалж: "Эрдэнэс Монгол" ХХК