Гашуунсухайт боомтын нүүрс тээвэрт үүссэн нөхцөл байдал, Зам тээрийн хөгжлийн сайд Л. Халтарын А/158 тоот тушаалыг эсэргүүцэж жолооч нар жагсаж эхэллээ.
Нүүрсний гол гарц болсон Гашуунсухайт боомтын Цагаан хад бүсэд нүүрс тээврийн жолооч нар өнөөдрөөс зам хааж бөмбөлөг тээврийн тогтолцоонд буй шударга бус асуудлуудыг залруулахыг шаардаж эхэлжээ. 40 хүртэлх тооны жолоочийг нэг баг болгон нүүрс тээвэрт явуулах арга хэмжээ буюу бөмбөлөг тээврийн систем нь жолооч нарын тээвэрлэлт хийх хуваарьт тэгш бус нөхцөл үүсгэж буй ажээ. Ингэснээр тээвэрчид тодорхойгүй олон хоногоор сул зогсолт хийж, ажил, эрүүл мэндээрээ хохирох шалтгаан болж буй ажээ. Түүнчлэн жолооч нарын шинжилгээний хариу нөгөө талд эерэг, дотоодын шинжилгээгээр сөрөг гарч буй нь эргэлзээ төрүүлж байна. Иймд тээвэрчдийн зүгээс бөмбөлгийн тогтолцоог ил тод, шударга болгохыг шаардаж эхэллээ. Энэ долоо хоногт Сангийн сайд Б. Жавхлангаар ахлуулсан Ажлын хэсэг газар дээр нь асуудлыг шийдвэрлэж ажиллахаар болжээ.
Нөгөөтэйгүүр Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар энэ сарын 20-ноос эхлэн Цогтцэций-Чойр чиглэлийн замаар нүүрс тээвэрлэхийг хориглохоор болсон нь жолооч нарт хүнд тусаж байгаа ажээ. Гэвч уг чиглэлд нүүрс тээвэрлэх нь байгаль орчинд ихээхэн хохиролтой байгаагийн сацуу Чойр өртөөн дээр 400 мянган тонн нүүрсний нөөцийн овоолго үүсч нэмж нөөц хадгалах талбайгүй болжээ. Иймд асуудлыг нааштайгаар шийдвэрлэх, цаашлаад хатуу хучилттай зам тавих хүртэл энэ чиглэлд тээвэрлэлтийг зогсоох нь зүйтэй гэсэн байр суурийг салбарын сайд тайлбарлалаа.
Харин тээвэрчдийн тухайд дээрх үүсээд буй асуудлыг шийдвэрлэхгүй бол тэмцлийн хурц хэлбэр буюу хүнд даацын машинтайгаа талбайд жагсах хэлбэрт шилжинэ гэдгээ илэрхийллээ.
Засгийн газрын хувьд нүүрсний экспортыг нэмэгдүүлэх чиглэлд Хятадын талтай яриа хэлэлцээрээ эрчимжүүлж байгаа ч энэ явцад Монгол жолооч нарын ажлын байрны тогтвортой байдлыг хадгалахад онцгойлон анхаарах шаардлага тулгараад байна.
Б. Төгс