Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байгаль орчин

Хятад нүүрсний хэрэглээгээ 2026 оноос аажмаар бууруулж эхэлнэ

Дэлхийн тэргүүлэх эдийн засагтай хоёр гүрэн болон АНУ, Хятад уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар ирэх арван жилийн хугацаанд хамтран ажиллах тунхаг бичигт (2021.11.10) үзэглэлээ. Уг баримт бичигт АНУ-ын Уур амьсгалын асуудал хариуцсан төлөөлөгч Жон Кэрри, Хятадын уур амьсгалын тусгай төлөөлөгч Сиэ Жэньхуа нар гарын үсэг зурлаа. Ингэснээр хоёр талын хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж ирэх оны эхний хагаст багтааж метан хийн ялгаруулалтыг бууруулах талаар ямар ажлууд хийх төлөвлөгөөг дэлгэх ажээ. Үүнээс гадна 2025 онд талууд Парисын хэлэлцээрийн хүрээнд 2035 он хүртэл хэрэгжүүлэх зорилтот үйл ажиллагааны хөтөлбөрөө танилцуулах юм байна. Энэхүү тунхаг бичиг нь Уур амьсгалын тухай НҮБ-ын суурь конвенцид нэгдэн орсон улс орнуудын 26 дугаар хурлыг илүү ач холбогдолтой болгож байна.

Хятадын хувьд ирэх онд болох уур амьсгалын 27 дугаар хуралд оролцохдоо метан хийн ялгаруулалтыг бууруулах тухай үндэсний хэмжээний дэлгэрэнгүй төлөвлөгөөг боловсруулахаар болжээ.

Өнгөрсөн долоо хоногт АНУ, Европын холбооноос эхлүүлсэн Даян дэлхийн метан хийг бууруулах тухай шинэ санаачлагад (Global Methane Pledge) хараахан нэгдээгүй байгаа улс нь Хятад юм. Уг санаачлагад одоогийн байдлаар 100 гаруй улс нэгдээд буйн дотор Монгол улс мөн багтаагүй байна. 

Хоёр тэргүүлэх гүрний үзэглэсэн тунхаг бичгийн бас нэг сонирхолтой өнцөг нь талууд 2030 он гэхэд ногоон технологи ашиглаагүй буюу уламжлалт нүүрсний станцын ашиглалтыг шат дараатайгаар бууруулах чиглэлд бүх талаар чармайж ажиллах тухай юм. Энэ талаар АНУ-ын төлөөлөгч Жон Кэрри онцоллоо. Өөрөөр хэлбэл нүүрсхүчлийн давхар ислийг ангилан хадгалах технологигүй (carbon capture storage) л бол нүүрсээр ажилладаг станцын төслүүдийг дэмжихгүй болно гэсэн үг. Үүний зэрэгцээ талууд сэргээгдэх эрчим хүч, нүүрсхүчлийн хийг ангилан хадгалах технологийн хөгжүүлэлт зэрэгт хамтран ажиллах замаар нүүрсийг халах зорилтыг хурдасгана гэж тусгажээ.

Түүнчлэн уг тунхаг бичигт тусгаснаар Хятад улс нүүрсний хэрэглээгээ 15 дугаар таван жил буюу 2026-2030 онд аажмаар бууруулахаар тогтжээ. Гэвч хоёр тэргүүлэх гүрний хувьд нүүрсийг хэрхэн халах тухай ямар нэг тодорхой зорилт хэлэхээс зайлсхийж байгааг хэвлэлүүд шүүмжилж байгаа юм.

Дэлхийн хүлэмжийн хийн ялгаруулалтаар тэргүүлэх хоёр гүрэн ийн хамтрахаар болсон нь Парисын хэлэлцээрт илүү итгэл төрүүлж байна. Уг хэлэлцээрийн хүрээнд дэлхийн дулаарлыг (аж үйлдвэржилтээс өмнөх түвшинтэй харьцуулахад) 2 хэмээс доош байлгах, улмаар уг зорилтыг давуулан биелүүлж 1.5 хэмд барихад чиглэхээр тусгасан байдаг.

 

 

Б.Төгс