Хонконг, Торонтогийн биржид бүртгэлтэй "Саусгоби Ресурс" компани (TSX: SGQ, HKEX: 1878) энэ оны гуравдугаар улирлын тайлангаа (2021.11.12) танилцууллаа. Тайланд дурдсанаар тус компани гуравдугаар улиралд Өмнөговь аймаг дахь Овооттолгойн уурхайгаас 0.26 сая тонн нүүрс олборлосон байна. Харин гуравдугаар улирлын борлуулалт 0.17 сая тонноор хэмжигдсэн нь өнгөрсөн оны мөн үед уг үзүүлэлт 1 сая тонн байсантай харьцуулахад мэдэгдэхүйц буурчээ.
Цар тахалтай холбоотойгоор тус компани оны хоёрдугаар улиралд үйл ажиллагаагаа зогсоогоод байсан юм. Хэдийгээр уурхайн олборлолтыг гуравдугаар улиралд сэргээсэн ч Сэхээ боомтын нэвтрэлтийг түр зогсоосноос үүдэн арваннэгдүгээр сараас үйл ажиллагаагаа дахин түр зогсоогоод байгаа тухай мэдээлжээ. Учир нь аравдугаар сарын сүүлээр БНХАУ-ын Өвөрмонголын Алшаа аймгийн Эзнээ хошуунд цар тахлын халдвар бүртгэгдсэнээр халдвар хамгааллын дэглэмийг чангатгах болсон юм.
“Саусгоби Ресурс”-ын хувьд Хятадын хөрөнгө оруулалтын корпорацид (CIC) энэ сард төлөх ёстой байсан ээлжит өр төлбөрийн хугацааг 2023 оны наймдугаар сарын 31 хүртэл хойшлуулжээ. Гэхдээ ингэснээр хойшлуулсан өрийн дүнгийн 6.4%-тай тэнцэх шимтгэлийг жил бүр төлөхөөр тохиролцжээ.
Оны эхний есөн сарын байдлаар тус компанийн нийт борлуулалт 0.92 сая тонноор хэмжигдэж байгаа бол уг үзүүлэлт өнгөрсөн оны мөн үед 1.68 сая тонн байжээ.
Компанийн хувьд хагас коксжих нүүрс борлуулдаг бөгөөд өнгөрсөн гуравдугаар улиралд сайн чанарын хагас коксжих нүүрсний борлуулалтын ханш тонн тутамд дунджаар 64.25 ам.доллар байжээ. Үүнээс гадна тус компани баяжуулсан эрчим хүчний нүүрс борлуулдаг бөгөөд өнгөрсөн улиралд тонн тутамд 33.56 ам.доллараар борлуулжээ. Ингэснээр тус компанийн нийт борлуулсан нүүрсний дундаж ханш өнгөрсөн улиралд 53.52 ам.доллар/тонн-той тэнцжээ. Нүүрс борлуулалтын ханшийн хувьд өнгөрсөн оны мөн үеийнхтэй (31.6 ам.доллар/тонн) харьцуулахад 69.4%-иар өсчээ.
“Саусгоби Ресурс” энэ оны гуравдугаар улиралд 9.3 сая ам.долларын борлуулалтын орлого олж 1 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллажээ. Өнгөрсөн оны гуравдугаар улирлын ашгийн үзүүлэлт 8.5 сая ам.доллараар илэрхийлэгдэж байсан юм. Энэ оны эхний есөн сарын байдлаар компани уурхайн борлуулалтаар 42.55 сая ам.долларын орлого олж 7.56 сая ам.долларын ашигтай ажиллажээ.
Б. Төгс