Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Х.Нямбаатар: Арбитрын маргааныг хойшлуулж, эвийн журмаар хэлэлцэх саналыг ирүүлсэн

Р.Ренчиндулам

Засгийн газрын өнөөдрийн /2021.12.14/ хуралдаанаар гаргасан шийдвэрийг холбогдох сайдууд танилцууллаа. Хуралдаанаар Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтын журмыг шинэчлэн баталжээ. Мөн хуралдаанаар “Рио Тинто” болон “Туркойз Хилл” компанийн гүйцэтгэх удирдлагаас Монгол Улсын Ерөнхий сайдад өчигдөр ирүүлсэн захидалд тусгагдсан саналуудыг дэмжсэн байна.

Г.Ёндон: Хайгуулыг эрчимжүүлснээр дараагийн Эрдэнэт, Тавантолгой, Оюутолгойн ордыг илрүүлэх боломжтой

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон: Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтын журмыг шинэчлэн баталсан. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтын журмыг Засгийн газрын эрх олгосноор Геологи,уул уурхайн төрийн захиргааны төв байгууллага баталдаг. УУХҮ-ийн сайдын 2018 оны А28 дугаар тушаалаар баталсан Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтын журам өнөөдрийг хүртэл үйлчилж байгаа. УИХ-ын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогод геологийн судалгааны ажлыг эрчимжүүлж, урт болон дунд хугацаанд эдийн засгийн хөгжлийг хангаж, эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлэх талаар тодорхой заасан байдаг. Харамсалтай нь өнөөдөр үйлчилж байгаа журмын биелэлтээр бол уг бодлогыг биелүүлэх боломжгүй байгаа. Учир нь, одоогоос 10 жилийн өмнө Монголд 2570 тусгай зөвшөөрлийн хүрээнд 300 гаруй тэрбум төгрөгөөр хайгуул хийж байсан. Гэтэл одоогоор 900 гаруй зөвшөөрлийн хүрээнд 86 орчим тэрбум төгрөгийн геологи хайгуулын ажил хийж байгаа нь тун хангалтгүй үзүүлэлт. Сүүлийн 3 жилийн 220-230, сард 6-7 тусгай зөвшөөрөл олгосон гэсэн үг. Энэ нь геологи, хайгуулын үйл ажиллагаа явуулдаг компаниуд ажилгүй болох нөхцөлийг бүрдүүлээд байна. Тиймээс бид урт хугацааны бодлогод тулгуурлан эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлэх, геологийн судалгааны ажлыг эрчимжүүлэх, дараагийн уул уурхайн үйлдвэрүүдийн үндэс суурийг бий болгох зайлшгүй шаардлага бий болсон. Уул уурхайн салбарын бодлого нь хайгуул, олборлолт, боловсруулалт, борлуулалт, хуваарилалт гэсэн таван цогц үе шатыг дамжиж байж байгалийн баялаг Монгол Улсын иргэнд баялагтаа эзэн монгол хүнд хүрнэ. Хайгуул, олборлолт нь манай улсад сүүлийн 99 жилд хангалттай хэмжээнд явж ирсэн. Бид шинээр боловсруулалт, борлуулалт, хуваарилалт дээр тус бүр хуулийг өргөн барихаар, УИХ-аар хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа. Тэр дундаа хайгуулын ажлыг эрчимжүүлснээр бид дараагийн Эрдэнэт, Тавантолгой, Оюутолгой шиг ордыг илрүүлэх, түүнийгээ ашиглалтад оруулах, шинэ техник технологиор үр ашигтай ашиглаж, боловсруулж, борлуулах, иргэн бүрт хуваарилах боломжтой болох юм. Үүний тулд Хайгуулын ажлын сонгон шалгаруулалтыг нээлттэй ил тод болгох зайлшгүй шаардлагатай байгаа. Одоогийн Хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтын талбайг 2018 онд Засгийн газрын тогтоолоор баталсан. Анх 8.4 сая га талбайг сонгон шалгаруулалтын зориулалтаар баталсан байдаг бол үүнээс зарим нь зарлагдаад, зарим нь буцаагдаад, заримд нь орон нутаг нь зөвшөөрөл өгөөгүйгөөс өнөөдөр 4 сая га хүрэхгүй газрыг сонгон шалгаруулалтаар өгөхөөр байгаа. Сонгон шалгаруулалтаар олгож буй талбай нь ямар үндэслэл, үзүүлэлтээр олгогдсон нь маш ойлгомжгүй байгаа. Тиймээс нэгдүгээрт, энэ газрыг тодорхой болгох, хоёрт, оны нэгдүгээр улиралд багтаан зарлагдсан талбайг тодорхой эзэнтэй болгох,геологи хайгуулын ажлыг эрчимжүүлэх, сонгон шалгаруулалтыг нээлттэй ил тод болгосноор гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх зэрэг олон үр ашгийг авчирна.  Уг сонгон шалгаруулалтын шинэ журмыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дэмжсэн.


 

Х.НЯМБААТАР: ГЭРЭЭ ХЭЛЭЛЦЭЭГ ЦААШ АЛБАЖУУЛНА

Оюутолгойн төсөлтэй холбоотойгоор "Рио Тинто" болон "Туркойз Хилл ресурсес" компанийн гүйцэтгэх удирдлагаас Засгийн газарт ирүүлсэн захидалтай холбоотой дараах мэдээллийг өглөө.

Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Засгийн газрын хуралдаанаар манайд ирүүлсэн саналыг дэмжсэн. Хэлэлцээ үргэлжилж байгаа болохоор зөвхөн захидлын хүрээнд ирсэн асуудлыг танилцуулъя. Манай ажлын хэсэг 34 хувьд ногдох өрийг тэглэх асуудлыг удаа дараа тавьсан. Урьд нь уг өрийн 70%-д ногдох өрийг тэглэх санал тавьсан бол энэ удаад
Нэгдүгээрт, 34%-д ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэж, энэ нь цаашид 22 тэрбум төгрөгийн өр болон Засгийн газарт очихгүй гэдгийг захидлаараа албажуулсан.

Хоёрт, 2015 онд байгуулсан Дубайн гэрээ буюу далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг ямар нэг болзол нөхцөл тавихгүйгээр цуцлах саналыг хүлээн авснаа захидлаараа илэрхийлсэн.
Гуравт, Мөн далд уурхайн бүтээн байгуулалтын зардалд хөндлөнгийн аудит оруулахыг хүлээн зөвшөөрсөн.  
Дөрөвт, гүний уурхай ашиглалтад орж, олборлолт эхлэх хугацаа нь 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт зардлыг хөрөнгө оруулагч тал 100%  хариуцахаар болсон. Энэ өр “Эрдэнэс Оюутолгой”-д өр болж бичигдэхгүйг хөрөнгө оруулагч тал илэрхийлсэн. Дараа нь “Оюутолгой” ХХК-ийн засаглалыг сайжруулах, гүний уурхайн төслийн хяналтыг сайжруулах, холбогдох арга хэмжээг авч, зардлыг хариуцахаар болсон. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн борлуулалтаас тодорхой хэмжээний менежментийн төлбөрийг "Эрдэнэс Оюутолгой"-д өгч байхаар болсон.

Тавд, Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системээс "Оюутолгой" төсөл эрчим хүчээр хангах гэрээ байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлсэн. Ойролцоогоор 9.6 ам.доллароор 1кВт-ын өртгийг тогтож, тогтвортой байдлын гэрээ байгуулна. Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системээс Оюутолгой төслийн эрчим хүчийг хангах гэрээ байгуулж байгаа. Энэ гэрээний давуу тал нь Тавантолгой эрчим хүчний станцын санхүүжилтийн зарим хэсгийг гаднаас босгох санхүүгийн эх үүсвэрийн баталгаа болох юм.

Засгийн газар эдгээр саналыг үндсэндээ хүлээн авч байгаа. Одоо УИХ-ын 92 дугаар тогтоолыг хангасан эсэхийг танилцуулж, дээр дурдсан заалтуудын хүрээнд гэрээ хэлэлцээг цааш албажуулна. Эдгээр саналын цаана хоёр талд үүссэн Арбитрын маргааныг 6 сараар хойшлуулаад, эвийн журмаар хэлэлцье гэсэн саналыг ирүүлсэн. Бид дээр дурдсан асуудлаар тухай бүрд хоёр талаас үзэглэсэн 2009 оны Хөрөнгө оруулагчийн гэрээ, 2010 оны Хувь нийлүүлэгчдийн гэрээний үргэлжлэл болсон гэрээг гарцаагүй үйлдэхээр төлөвлөсөн.

Эргэн сануулахад Үндэсний Татварын ерөнхий газраас “Оюутолгой” ХХК-д 2018, 2019 онд тавьсан нэг их наяд 24 тэрбум төгрөгийн татварын акттай холбоотойгоор “Оюутолгой” ХХК Монгол Улсын Засгийн газрыг олон улсын Арбитрийн шүүхэд өгсөн. Харин Монгол Улсын Засгийн газар 2021 оны хоёрдугаар сард сөрөг нэхэмжлэл гаргасан юм.