Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт хойшиллоо

КОВИД-19-ийн омикрон хувилбарын тархалттай холбоотойгоор жил бүр болдог Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтыг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа. Энэ жилийн хувьд тус чуулга уулзалт нь Швейцарын Давос хотноо ирэх сарын 17-21-нд болохоор товлогдоод байсан бөгөөд ирэх зуны эхээр уулзалтыг зохион байгуулахаар болсон байна.

Энэ талаар Дэлхийн эдийн засгийн чуулганы төв штабаас өчигдөр /2021.12.20/ мэдээлсэн бөгөөд “Цар тахлын өнөөгийн нөхцөл байдал нь аливаа биечилсэн уулзалт зохион байгуулахад маш том эрсдэл үүсгэж байгаа. Халдвараас хамгаалах дэглэмийг чанд сахисан ч омикрон хувилбарын халдварлах чадвар чуулга уулзалтыг хойшлуулахад хүргэлээ" гэсэн юм.

Дэлхийн эдийн засгийн чуулга нь ашгийн төлөө бус сан бөгөөд жил тутамд Давост зохион байгуулдаг уулзалтаараа алдаршсан байгууллага юм. Уг уулзалтад нь дэлхийн томоохон компанийн удирдлага, олон улсын улс төрийн лидерүүд, эрдэмтэд болон сэтгүүлчид оролцож, дэлхий дахинд тулгараад байгаа эрүүл мэнд, байгаль орчин, эдийн засаг зэрэг хамгийн чухал асуудлуудын талаар санал бодлоо солилцдог юм.

Түүнчлэн, 8.5 сая орчим хүн амтай Швейцарт энэ сард гэхэд КОВИД-19-ийн 160 мянган тохиолдол бүртгэгдсэн байна. Халдварын тархалтыг бууруулах зорилгоор тус улсад Даваа гаригаас эхлэн зарим хязгаарлалтыг чангатгаад байгаа юм. Тухайлбал, иргэдэд гэрээсээ ажиллах шаардлага тавьж, вакцинд хамрагдаагүй хүмүүсийг зарим үйл ажиллагаанд оролцохыг хязгаарлажээ.                                                                                   

                                                                                                                   Эх сурвалж:Aljazeera.com