Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

"Уул уурхай ба эдийн засаг: Тулгамдсан асуудал, шийдэл" сэдэвт хурал боллоо

Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн (ERI)- гээс зохион байгуулсан "Уул уурхай ба эдийн засаг: Тулгамдсан асуудал, шийдэл" сэдэвт хурал өнөөдөр (2022.01.18) боллоо.

Хуралд үндсэндээ дөрвөн гол судалгааг танилцууллаа. Тухайлбал цар тахлын уул уурхай болон эдийн засаг дахь нөлөөллийн талаар салбарын компаниудаас түүвэр судалгаа авахын сацуу загварчлал боловсруулж гаргаж иржээ. Удаах судалгаа нь уур амьсгалын хэлэлцээрийн өмнө хүлээсэн манай улсын үүрэг хариуцлагатай холбоотой. Манай улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын хэлэлцээрт нэгдэн орсон байдаг. Үүнээс үүдэн гарах өртөг зардлын талаар судалж гаргаж ирсэн нь нэлээд хэрэгцээтэй, цагаа олсон судалгаа болж байна. Үүнээс гадна Уул уурхайн салбарт нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх бодлогын зөвлөмж, Олборлолтын төсөлд нийгмийн зөвшөөрөл авахтай холбоотой чухал асуудлуудыг хөндсөн сонирхолтой илтгэлүүдийг хурлаар танилцууллаа. Хуралд сонсгосон илтгэлүүд болон судалгааны бүрэн эхтэй eri.mn цахим хуудаст орж танилцах боломжтой юм байна. Мөн судлаачдад зориулж манай улсын уул уурхайн салбартай холбоотой бүх дата мэдээллийг нэгтгэсэн дата платформыг Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгээс өөрийн цахим хуудастаа байршуулж буй ажээ. Түүнчлэн зэс, нүүрс, алт, төмрийн хүдрийн зах зээлийн судалгааны мэдээллийг тогтмол шинэчлэн оруулж эхэлжээ.

Хурлын нээлтэд Уул уурхай, хүнд үйлдвэрийн Дэд сайд О.Батнайрамдал оролцож үг хэллээ.

Тэрбээр Монгол улсад аж үйлдвэржилтийг эрчимтэй хөгжүүлэхэд цаашид нэмэлт судалгаа хийх шаардлагатай бөгөөд үүнд гадаад, дотоодын эрдэмтдийг хамтран ажиллахыг уриаллаа. Дэд сайд “Өнгөрсөн онд олборлох салбар нийт төсвийн 29-30%-ийг, нийт экспортын 93.4% буюу 8.6 тэрбум ам.долларын худалдааг хийлээ. Олон талаасаа томоохон сорилтыг авчирсан 2021 онд  эрдэс баялгийн салбар хамгийн том ачааг үүрснийг та бүхэн мэднэ. "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ нийгмийн хариуцлагын хүрээнд 1.1 их наяд төгрөг, "Эрдэнэс Тавантолгой" сайжруулсан түлшийг 75% хямдруулж ачаанаас үүрэлцсэн.

2022 он гарахаас өмнө Монгол Улсын Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлого зарласан. Цар тахлын дараах сэргэлтэд эдийн засгийг боомилж байгаа, цаашид эдийн засгийг тэлэхэд хязгаарлаж буй хүчин зүйлсийг тодорхойлж эрэмбэлж гаргаж ирсэн. Нийт хязгаарлалтын зургаан хүчин зүйлсийг гаргасны нэгт аж үйлдвэржилт гэж тусгасан. Сүүлийн хоёр жил цар тахлын нөхцөл байдал болон хил боомтын хаалттай байдалтай уялдаад Монгол улс дотооддоо үйлдвэрлэлээ эрчимжүүлэх хэрэгтэйг бүх түвшиндээ илүү ойлгоцгоолоо. Үүний хүрээнд эдийн засгаа томруулаад явахад хязгаарлалтын хүчин зүйл нь үйлдвэржилт болж байна. Тэгэхээр, үүнийг хувийн хэвшил дангаар хийх бус заавал бодлогоор дэмжиж хийх ёстой. Япон, БНСУ-ын хувьд төрийн дэмжлэгээр аж үйлдвэрийн салбараа гаргаж ирсэн сайн жишээнүүд юм. Монгол улсын уул уурхай, эрдэс баялгийн салбар нь дэлхийд хамгийн өрсөлдөх чадвар сайтай салбаруудын нэг мөн. Энэ салбараа түшиглэн аж үйлдвэржилт хөгжих учиртай. Энэ чиглэлд хууль эрх зүйн хүрээнд хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцээд явж байна. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг өнөөдөр чуулганаар хэлэлцэх эсэхийн анхны хэлэлцүүлэг явагдана. Мөн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор шинээр боловсруулсан Үндэсний баялгийн сангийн тухай хууль, бас Хүнд үйлдвэрийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг ид боловсруулаад явж байна.

Уул уурхайн салбарын сүүлийн 30 жилд төсвийн орлогын 30%-ийг бүрдүүлсэн томоохон салбар болон хөгжсөн байна. Тэгэхээр дараагийн 30 жил олборлолтоос боловсруулалт руу чиглэсэн, илүү нэмүү өртөг шингэсэн гүн үйлдвэрлэл рүү шилжсэн үе байх ёстой. Шинэ сэргэлтийн бодлогод энэ бүхэн туссан байна. Үүний хүрээнд ч УУХҮЯ-аас томоохон мега төслүүдийг урагшлуулж байна. Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил Алтанширээт дээр ид өрнөж байна. Мөн "Эрдэнэт үйлдвэр"-ийг түшиглэн Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, "Эрдэнэс Тавантолгой"-н дэргэд нүүрс баяжуулах үйлдвэр, хувийн хэвшлийн хүрээнд гангийн үйлдвэр байгуулахаар ажиллаж байна. Дөрвөн голлох бүтээгдэхүүнээ түшиглэн дараагийн шатны боловсруулах үйлдвэрүүдийн суурийг бүрдүүлэх болно. Өөрөөр хэлбэл энэ боловсруулах үйлдвэр маань өөрөө баригдаж байж цаашид илүү нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл хөгжих гол орц нь болж өгдөг.

Энэ аж үйлдвэржилтийн бодлогыг цогцоор нь тодорхойлоход томоохон суурь судалгаанууд хийгдэх ёстой. Дотоод гадаадын судлаачидтай нийлж суурь судалгаа хийж байж цаашид бодлогоо тодорхойлоход дөхөм болно. Саяхан Дэлхийн банкны санхүүжилтээр Англид төвтэй, дэлхийн томоохон консалтинг компани "CRU"-тай хамтран Монгол улсын эрдэс баялгийн салбарыг дараагийн арван жилд оновчтой хөгжүүлэх талаар судалгаа хийж танилцуулсан. Үүнд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхийн нийтийн бодлого манай уул уурхайн салбарт хэрхэн нөлөөлөх тухай мөн багтсан.

Илүү аж үйлдвэржсэн Монгол улсыг байгуулахад хэрэгцээтэй олон улсын туршлага, бусад аж үйлдвэржсэн орны туршлага, тулгамдсан асуудлууд, гарц шийдлүүд мөн Хятадын зах зээлийн орон зайн талаар гадаад, дотоодын судалгааны байгууллагууд, эрдэм шинжилгээний ажилтнуудтайгаа хамтарч ажиллана. Энэ хүрээнд бид хэд хэдэн судалгааны ажил хийлгэхээр төсвөөс санхүүжилт гаргахаар тусгасан. Холбогдох тендерүүдийг удахгүй зарлах болно. Энэ жилийн эрдэм шинжилгээний ажил баяжуулах үйлдвэр, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрүүд байгуулахад тулгарах бэрхшээл, үүнд баримтлах цогц бодлогуудын хүрээнд та бүхнийг хамтарч ажиллахыг урьж байна” гэв.

 

Б. Төгс