Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Эрэлт нэмэгдэж, дизель түлшний нийлүүлэлт багасчээ

Олон улсад дизель түлшний нийлүүлэлт багасч эдийн засагт эрсдэл үүсгэж эхэллээ. Нефть боловсруулах үйлдвэрүүд цар тахлын дараах эрэлтийн хурдыг гүйцэхгүй байгаагаас байгалийн хий, нүүрс, түүхий нефтийн үнэ нэмэгдсээр байна. Энэ нь дэлхийн эрчим хүчний хомсдолыг улам нэмэгдүүлж байна хэмээн Ройтерс агентлаг мэдээллээ. Сүүлийн хэдэн долоо хоногт АНУ болон Азиас нийлүүлдэг дизель түлш багасч Европын хэрэглэгчдийг бухимдуулж байна. Амстердам-Роттердам-Антверпен (ARA) газрын тос боловсруулах, хадгалах бүс дэх Европын томоохон агуулахын дизель түлшний нөөц өнгөрсөн долоо хоногт 2.5%-иар буурчээ.  

 “Insights Global” зөвлөх компанийн мэдээлснээр бүс нутгийн нөөц 2008 оноос хойш хамгийн доод түвшинд хүрсэн байна. "Европын баруун хойд хэсэгт дизель түлшний эрэлт нэмэгдэж байгаа ч боловсруулах хүчин чадал буурч байгаа нь зах зээлд сөргөөр нөлөөлж байна" гэж тус компанийн мэдээлэлд дурджээ.  2022 оны хоёрдугаар сарын 7-нд Баруун хойд Европт дизель түлшний үнэ нэг баррель нь 114 ам.долларт хүрсэн нь 2014 оны есдүгээр сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. Сүүлийн саруудад дизель түлшний үнэ 2007-2008 оны түвшинд ойртсоныг шинжээчид онцолж байна.

Нефть боловсруулах үйлдвэрүүд эрэлтээс шалтгаалж үйлдвэрлэлээ нэмэгдүүлдэг. Гэвч түүхий эдийн дутагдлын улмаас боловсруулах үйлдвэрүүд хүчин чадлаа нэмэгдүүлж чадахгүй байна. Энэ нь сүүлийн 30 жилд тохиолдож байгаагүй үйл явц юм.

 “Дизель түлшний хомсдол нь эрчим хүч, тээврийн зардлыг улам нэмэгдүүлж,  цар тахлын дараах олон улсын эдийн засагт сөргөөр нөлөөлнө. Шатахууны эрэлт ойрын 10-15 жилийн хугацаанд өсөх хандлагатай байгаа, харин нийлүүлэлт нь үүнийг хангах боломжгүй тул ирээдүйд шатахууны үнэ илүү их савлагаатай болно" гэж “UBS” банкны шинжээч Жованни Стауново ярьжээ.

Европын орнуудын эрх баригчид цахилгаан эрчим хүчний хомсдолд орохгүйн тулд янз бүрийн арга хэмжээ авсаар байна. Тухайлбал, Францын Засгийн газар иргэдийн эрчим хүчний хэрэгцээг хангахын тулд тус улсын нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудад өмнөхөөсөө илүү их нүүрс хэрэглэхийг албан ёсоор зөвшөөрсөн байна.

Р.Ренчин