Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

“Оюутолгой” ХХК  “Геологийн төв лаборатори” ТӨҮГ-тай шинэчилсэн гэрээ байгууллаа

“Геологийн төв лаборатори” ТӨҮГ болон “Оюутолгой” ХХК экспортын зэсийн баяжмалд хөндлөнгийн хяналтын шинжилгээ гүйцэтгэх болон дээжлэлт хийх гэрээг шинэчлэн байгуулж, өнөөдөр /2022.2.15/ гарын үсэг зурлаа.

Засгийн газрын 2013 оны 44 дүгээр тогтоолоор “Оюутолгой” ХХК-ийн баяжуулах үйлдвэрээс  экспортод гаргаж байгаа бүтээгдэхүүнд хөндлөнгийн хяналт хийх лабораторийн шинжилгээг гүйцэтгэх  үүргийг “Геологийн төв лаборатори” ТӨҮГ-т хариуцуулсан билээ. Уг тогтоолын дагуу анх 2013 оны зургадугаар сарын 1-нд талууд гэрээ байгуулж байсан юм. Гэрээний дагуу “Оюутолгой” ХХК-аас экспортод гаргаж байгаа зэсгийн баяжмалын багц бүрээс дээж авч, чийг тодорхойлох шинжилгээнд дээж бэлтгэх, химийн шинжилгээ гүйцэтгэх болон шинжилгээний дүнг илгээх зэрэг ажлыг өнөөдрийг хүртэл 9 жил тасралтгүй  чанарын өндөр түвшинд, олон улсын стандартын дагуу гүйцэтгэж байгаа юм.

Хамтран ажиллах шинэчилсэн гэрээнд “Геологийн төв лаборатори” ТӨҮГ-ын захирал О.Даваасамбуу болон “Оюутолгой” ХХК-ийн Ил уурхайн үйл ажиллагаа хариуцсан ерөнхий менежер Дэйвид Мэйдор  нар гарын үсэг зурсан юм.

Нийт 6.5 сая орчим тонн баяжмалд шинжилгээ хийсэн

Гэрээ байгуулах үеэр “Геологийн төв лаборатори” ТӨҮГ-ын захирал О.Даваасамбуу “Оюутолгойн экспортын зэсийн баяжмалын анхны шинжилгээг 2013 онд хийснээс хойш өнөөдрийг хүртэл нийт 6.5 сая орчим тонн баяжмалд шинжилгээ хийсэн байна. Оюутолгойн гүний уурхайн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбоотойгоор гэрээг таван жилийн хугацаатайгаар шинэчлэн байгуулж байна. Энэхүү гэрээнд хэрэглээний үнийн индекс болон шинжилгээний ажлын олон улсын жишиг үнийг тусгасан зэргийг онцлон хэлэхэд таатай байна” гэлээ.

Шинжилгээний тоо 2-3 дахин нэмэгдэнэ

“Оюутолгой” ХХК-ийн Гүний уурхайн төслийн захирал Жак Ван Тондер “Геологийн төв лаборатори” ТӨҮГ-тай хамтран ажиллах гэрээг шинэчлэн байгуулж буйдаа сэтгэл хангалуун байна. Оюутолгойн гүний уурхайн үйл ажиллагаа эхэлснээр үйлдвэрлэж буй зэсийн баяжмалын хэмжээ 3 дахин нэмэгдэх бөгөөд үүнийг дагаад нэг жилд гүйцэтгэх шинжилгээний тоо хэмжээ 2-3 дахин нэмэгдэнэ гэсэн урьдчилсан төлөвлөгөө бий. Гүний уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр дэлхийд эхний тавд эрэмбэлэгдэх гүний уурхайтай болж, олон улсын зах зээлд зэсийн томоохон төлөөлөгчдийн нэг болж, Монгол Улсын эдийн засагт оруулах хувь нэмэр үлэмж өснө гэж тооцоолж байна” гэсэн юм.

Р. Ренчин