2022 онд уул уурхайн салбарт өрнөх бүтээн байгуулалт, хууль эрх зүй, эрдэс бүтээгдэхүүний төлөв, тээвэр ложистик зэрэг асуудлаар УУХҮ-ийн сайд Г.Ёндонтой MMJ-ийн Р.Ренчиндулам ярилцлаа.
Уул уурхайн салбарын өмнө олборлолтоос боловсруулалт руу шилжих том зорилт байна. Мөн энэ онд уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохионо. Ойн хүрээнд олон томоохон ажил өрнөх байх. Юуны өмнө эрх зүйн шинэ орчин бүрдүүлэх хуулийн төслүүд яригдаад удаж байна. Уг хуулийн төслүүд батлагдвал энэ салбарт ямар шинэ нөхцөл байдал бий болж, ямар өөрчлөлт гарах талаар ярилцлагаа эхлүүлье?
Нийгэм, эдийн засгийн шинэ тогтолцоонд шилжин орсон анхны он жилүүд амар хялбар байгаагүй боловч геологи, уул уурхайн салбараа хөгжүүлэх урт, богино хугацааны хөтөлбөрүүд боловсруулан амжилттай хэрэгжүүлснээр өнөөдөр тус салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 20 гаруй хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 70 хувь, экспортын орлогын 90 гаруй хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 80 орчим хувь, улсын төсвийн орлогын 30 орчим хувийг тус тус бүрдүүлж байна.
Хайгуул, олборлолтоос гадна боловсруулах үйлдвэрүүд барьж байгуулах, бүтээгдэхүүнээ гүн боловсруулж, нэмүү өртөг шингээн, ажлын байрыг олноор бий болгох, дэлхийн зах зээлийн ханшаар худалдан борлуулах, борлуултын ашгаас Монголын иргэн бүрд хүртэх өгөөжийг тэгш, шударга, хүртээмжтэй зарчмаар хуваарилах зайлшгүй шаардлага байна.
Иймд дээрх бодлогыг хэрэгжүүлэх хуулийн зохицуулалтыг одоо үйлчилж буй хуулиудад тусгах, уялдуулах, бодлогын хэрэгжилтийг хангах анхдагч хуулийн төслүүдийг шинээр өргөн барихаар бэлтгэж байгаа ба хайгуул, олборлолтын үе шатыг Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга, боловсруулалтыг Хүнд үйлдвэрийн тухай хуулиар, уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалтыг Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулиар, байгалийн баялгаас орж ирэх орлогыг иргэдэд тэгш шударга хуваарилж, ирээдүйн хөгжилд үр дүнтэй зарцуулах ажлыг Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар тус тус зохицуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Эдгээр хууль батлагдсанаар салбарын хөгжлийг дараагийн шатанд гаргах ажлууд хуулийн хүрээнд баталгаажиж, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах найдвартай орчин бүрдэж, бүтээн байгуулалтын ажлууд эрчимтэй өрнөж, ажлын байр олноор бий болж, түүхий эдийн боловсруулалтын түвшин нэмэгдэж, тээвэрлэлт, худалдаа дэлхийн стандарт, зах зээлийн зарчмаар явагдаж, улсад орж ирэх татвар, хураамжийн орлого нэмэгдэх замаар эдийн засгаа тэлэх өргөн ач холбогдолтой юм.
Энэ онд бид уул уурхайн салбар үүсэж, хөгжсөн түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд манай яамнаас Ажлын хэсгийг байгуулан ажлын төлөвлөгөөг батлах, хэрэгжилтийг хангахаар ажиллаж байна.
Энэ онд ковидгүй үеийнхтэй ижил хэмжээний эрдэс бүтээгдэхүүн /1.21 сая тонн зэс, 36.7 сая тонн нүүрс, 20 тонн алт, 9.5 сая тонн төмрийн хүдэр/ экспортлохоор төлөвлөсөн. Төлөвлөгөөг хэрхэн биелүүлэх вэ. Тээвэр ложистикоос эхлээд асар олон саад байна шүү дээ. Тээвэр ложистикийн гацааг хэрхэн арилгах вэ?
Дэлхий дахинд коронавируст халдвар, КОВИД-19 цар тахал тархсанаас улс орнууд халдвар хамгааллын дэглэмийг сахиулах үүднээс хилийн хориг тавих болсон нь манай улсын экспортод сөргөөр нөлөөлж байна. Засгийн газрын зүгээс 2021 онд эрдэс бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Тухайбал, 2021 оны 185 дугаар тогтоолоор хилийн боомт, улсын хилийн бүс, зурвас газруудад чингэлэгт тээврийн терминал байгуулах үүргийг холбогдох албан тушаалтнуудад даалгасан. Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах асуудлын хүрээнд хилийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтуудад чингэлэгт тээврийн терминал байгуулах ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд зохион байгуулсан.
Мөн Ховд аймгийн Булган боомтын хилээр нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх хүрээнд Гадаад харилцааны яаманд хүсэлт гаргасны дагуу Булган-Такашикэн боомтын ажиллах цагийн хуваарийг нэмэгдүүлсний үр дүнд өнгөрсөн онд тус боомтоор гарах нүүрсний экспорт эрс өссөн.
Сангийн яамны дэргэдэх Хөгжлийн хөтөч төслийн нэгжээс хилийн боомтуудын хөгжлийн ерөнхий төлөвлөлтийн баримт бичгийг боловсруулж, үүний дагуу Замын-Үүд, Гашуунсухайт боомтуудад өргөтгөл шинэчлэлтийн ажлуудыг хийж гүйцэтгэж эхлээд байгаа бол чингэлэгт тээврийн терминалын үйл ажиллагаа эрчимжсэнээр хилийн боомтын үйл ажиллагаанд оролцох хүн хоорондын шууд харилцаа багасч, нүүрсний тээвэрлэлтийн үйл ажиллагаанаас үүдэлтэй байгаль орчинд учирч буй сөрөг нөлөөлөл буурахын зэрэгцээ нүүрсний экспортын хэмжээ нэмэгдэх боломжтой юм.
Түүнчлэн УИХ-ын 2021 оны арванхоёр дугаар сарын 30-ны өдрийн нэгдсэн чуулганаар батлагдсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын 1 дүгээр зүйлд “Боомтын сэргэлт” гэсэн арга хэмжээ тусгагдсан. Энэ хүрээнд хилийн боомтуудад өргөтгөл шинэчлэл хийж, дэд бүтэц, ачаа тээврийг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажлууд хийгдэх болно.
Гашуунсухайтын чингэлэгт тээврийн терминал ашиглалтад орсноос хойш уг терминалаар хэр хэмжээний нүүрс экспортолсон бэ. Мөн Шивээхүрэнгийн чингэлэгт тээврийн терминалын бүтээн байгуулалт хэдэн хувьтай байна вэ. Ер нь чингэлэгт тээврийн терминалаар нүүрс тээвэрлэхэд ямар асуудал тулгарч байна вэ?
Гашуунсухайт боомтод 30 га талбайд чингэлэгт тээврийн терминал байгуулах ажлыг “Энержи ресурс” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК-ийн хөрөнгөөр гүйцэтгэж үйл ажиллагааг 2021 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдрөөс эхлүүлэн өдөрт 100 тээврийн хэрэгслээр экспорт хийж эхэлсэн боловч 2021 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн зонсонги байдалд ороод байна. Цаашид Тавантолгой терминал чиглэлийн нүүрсний тээвэрлэлтийг эхлүүлж, экспортыг хийх ажлыг гүйцэтгэх шаардлагатай байна.
Шивээхүрэн боомтод 11.6 га талбайд чингэлэгт тээврийн терминал байгуулах ажлыг “Монголын алт (МАК)” ХХК, “Саусгоби сэндс” ХХК, “Хүрэн толгой коал майнинг” ХХК, “Өсөх зоос” ХХК, “Жавхлант орд” ХХК, “Цагаан өвөлжөө” ХХК “Сан транс” ХХК хамтран гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын гүйцэтгэл 80 орчим хувьтай байна. БНХАУ-ын талд гацсан тоног төхөөрөмжийг татан авч суурилуулах ажил хүлээгдэж байна.
Ашигт малтмалын тухай хуулийг дагаад энэ жил уул уурхайн лицензэд нэлээд өөрчлөлт орох юм шиг байна. Үүнийг хөрөнгө оруулагчид ч ажиглаж, хүлээж байгаа байх. Лиценз тойрсон өөрчлөлтүүдээс мэдээлэл өгөхгүй юу?
Нийгэм, цаг үеийн захиалгаар салбарын асуудлыг өргөн хүрээтэй харах, энэ хуулийг шинэчлэх цаг нь болсон байна. Уул уурхай бол төсвийн орлогын дөрөвний нэгийг бүрдүүлдэг, эдийн засгийн тулгуур салбар учир бид хуулиа зайлшгүй сайжруулах ёстой.
Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход илүү хариуцлагатай, өндөр шаардлага тавина. Ашиглалтын лиценз эзэмшигчийн хариуцлагыг өндөрсгөж, хатуу шалгууртай заалтыг хуулийн төсөлд тусгасан. Харин хайгуулийн тусгай зөвшөөрөл олголтод илүү либерал бодлого баримтална. Яамны зүгээс тусгай зөвшөөрөл олголт, хайгуулын болон уулын ажлын тайлан төлөвлөгөө зэрэг иргэд, аж ахуйн нэгжүүдэд чирэгдэл учруулдаг үйл явцыг бүрэн цахимжуулж байна.
УИХ-ын баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “Сонгон шалгаруулалтын журам”-ыг шинэчлэн батлах эрхийг Засгийн газраас манай яаманд өгсөн. Энэхүү журмыг шинэчлэн баталснаар одоогийн жилд олгогдож байгаа 100 орчим хайгуулын тусгай зөвшөөрлийн тоог 3-4 дахин нэмэгдүүлэх боломж бүрдэх юм.
Уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татах талаар ямар ажил хийж байна вэ?
Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтаас манай улсын гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО) өндөр хамааралтай гэж хэлж болно. Иймд хайгуулын тусгай зөвшөөрлийг нэмэгдүүлж байж, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах боломжтой.
Хайгуулын ажил нь урт хугацаанд (12 хүртэлх жилээр), тогтвортой үргэлжилдэг тул тусгай зөвшөөрлийг ил тод, нээлттэй, хүнд сурталгүй олгосноор гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх юм. Энэ хүрээнд бид тусгай зөвшөөрөл олголтыг цахимжуулж, түргэн шуурхай, чирэгдэлгүй үйлчилгээг хүргэхээр ажиллаж байна.
Мөн хөрөнгө оруулагчдад тогтвортой, ойлгомжтой эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төсөл, дээр дурдсан анхдагч хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. Мөн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн өөрчлөлт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд тодорхой үр дүн өгнө гэж үзэж байна.
Уул уурхайн салбарт нэвтэрч байгаа байгальд ээлтэй шинэ технологи, инновацийн жишээнээс дурдана уу?
Байгальд ээлтэй технологи гэдгийг байгаль орчинд сөрөг нөлөө багатай технологи гэж ойлгож болно. Уул уурхайн ашиглалтын технологи нь ил болон далд гэж 2 төрөл байдаг. Ил уурхайн хувьд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангасан өндөр бүтээмжтэй, өртөг зардал багатай техник, технологийг сонгох нь чухал байдаг. Харин баяжуулалт, боловсруулалтын техник, технологийн хувьд хэрэглэж байгаа химийн урвалж, түүний хаягдлын асуудлыг шийдвэрлэж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах асуудал чухлаар тавигддаг. Манай улсад уул уурхайн салбар үүсэж, хөгжсөн 100 жилийн хугацаанд ил, далд уурхай, баяжуулалтын техник, технологийг эзэмшиж, нэвтрүүлэх ажил харьцангуй боломжийн түвшинд байна. “Эрдэнэт үйлдвэр”, “Оюутолгой” гээд олон компани олон улсад хэрэглэгддэг шилдэг техник, технологийг дотооддоо нутагшуулан ажиллаж байна. Салбарт шинэ техник, технологи, инновац нэвтэрснээр бүтээгдэхүүний өөрийн өртөг зардал буурч, өрсөлдөх чадвар сайжрахаас гадна бүтээгдэхүүний борлуулалт нэмэгдэж улс, орон нутгийн төсөвт төвлөрөх татвар хураамж нэмэгдэх давуу талтай юм.