“Геологи, уул уурхайн салбарыг эрчимжүүлэх нь” хурлыг нээж салбарын сайд Г. Ёндон илтгэл тавилаа. Сайд “Дэлхийн уул уурхайн салбар шинэ үе шатандаа орж байна. Дэлхийн дулаарлаас үүдэн ногоон эрчим хүч, эрчим хүчний шилжилт зэрэг бодлоготой холбоотойгоор манай ашигт малтмалын гол бүтээгдэхүүн болох зэсийн үнэ өсөх хандлагатай байна. Нөгөө талаас улсын төсвийн томоохон хэсгийг бүрдүүлдэг нүүрсний хувьд 2060 он хүртэл Хятад улсын баримталж байгаа бодлого, цаашлаад АНУ, Европын холбооны улсуудын бодлогын нөлөөгөөр хэрэглээ нь үе шаттайгаар буурахаар байна. Нэг талаасаа зэсийн хэрэглээ өсөх боловч нүүрснийх багасах төлөвтэй. Түүхий эдийн судалгаагаар тэргүүлэгч Голдман сакс банк 2025 он гэхэд зэсийн үнэ 15 мянган ам.доллар/тонн болохоор байна гэж төсөөлж байна. Ойрын жилүүдэд зэсийн хэрэглээ эрчимтэй өсөх таамгийг дэвшүүллээ. 2021 оны арваннэгдүгээр сард Глазго хотод болсон Дэлхийн Уур амьсгалын өөрчлөлтийн чуулганаар улс орнууд нүүрсний хэрэглээгээ үе шаттайгаар бууруулна гэсэн төлөвлөгөөгөө танилцуулсан. Хятад улс 2026 он хүртэл нүүрсний хэрэглээг оргил түвшинд хүргэж, 2050 он хүртэл үе шаттайгаар бууруулна гэсэн ийм нөхцөл байдалд бид яаж зохицож ажиллах вэ? Үнэхээр зэсийн хэрэглээ тууштай өсөх нөхцөлд бид юу хийх нь зохимжтой вэ? Ийм нөхцөл байдалд тулгуурлаж Шинэ сэргэлтийн бодлогыг боловсруулсан гэж ойлгож болно” гэв.
Уул уурхайн салбар дахь төрийн бодлого хайгуул, олборлолт, боловсруулалт, борлуулалт, хуваарилалт гэсэн зарчмаар хэрэгжих тухай сайд мөн танилцуулсан.
Өнгөрсөн оны байдлаар уул уурхайн салбарын төсөвт оруулсан орлого анх удаагаа 4.1 их наяд төгрөгт хүрч, нэгдсэн төсвийн орлогын 29.6%-ийг бүрдүүлжээ. Эрдсийн ханшийн өсөлт тохиосон нь төсвийн орлогыг дээд хэмжээнд хүрч нэмэгдэхэд гол түлхэц болжээ.
2021 оныг уул уурхайн олборлолт, үйлдвэрлэл талаас сайн ажилласан жил болсон гэж сайд дүгнэж байна. Өнгөрсөн онд манай улсын нүүрсний экспорт 56%-ийн биелэлт гарсан боловч бусад эрдсийн хувьд 80-90%-иар төлөвлөгөө биелжээ. Арванэгдүгээр сарын эцсээс төмөр замын задгай тээвэр зогссон улмаас сар гаруйн хугацаанд зэсийн баяжмал, төмрийн хүдрийн экспорт тасалдсан ч экспортын төлөвлөгөө ерөнхийдөө биелсэн байна.
Одоогийн байдлаар 6 сая тонн нүүрсний овоолго Цагаанхад дээр байна. Монголын нүүрсний 95% нь гардаг Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын нэвтрэлт буурсны улмаас өнгөрсөн оны тавдугаар сарын 1-нээс эхлэн уурхайн олборлолт зогссон тухай сайд тэмдэглэлээ. Гэсэн ч Засгийн газар нүүрсний экспортыг нэмэгдүүлэх орон зай багагүй бий гэж тооцоолж байна.
2021 оны аравдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтай уулзах үеэр манай улс 50-60 сая тонн нүүрс экспортлох боломжтой талаар илэрхийлсэн. Сая мөн Өвлийн Олимпын үеэр Ерөнхий сайд тус улсад айлчлах үеэр Хятадын Дарга Си Жинпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтай уулзахдаа энэ нөхцөл байдлыг дахин илэрхийлж, бүр 60-70 сая тонн нүүрс найдвартай экспортлох боломжтойгоо бататгаж хэлсэн. Хятад улсын талаас манай улсын ашигт малтмалын экспортын бүтээгдэхүүнүүдийг худалдаж авах хэрэгцээ, сонирхолтой байгаа тухай харилцан санал солилцсоныг сайд тэмдэглэлээ.
Цаашид нүүрсний дэд бүтцийн хувьд 2022 оноос эхлэн томоохон ахиц гарах хүлээлт байна. Тухайлбал 2022 оны долдугаар сард Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам ашиглалтад орно. Холболтын цэгийг сая тохирсон бол одоо терминал байгуулах ажил шийдэгдэнэ. 80 гаруй хувьтай Шивээхүрэнгийн чингэлэг тээврийн терминал, төмөр замын бүтээн байгуулалттай холбоотойгоор нүүрсний экспортыг 50 сая тонн болон түүнээс дээш хэмжээнд хүргэх зорилтыг Шинэ сэргэлтийн бодлогод тусгаад байгааг сайд онцоллоо.
Үүнээс гадна сайд салбарыг хөгжлийг урагшлуулахад хайгуулын салбар, уурхайн хаалт, боловсруулах чиглэлд төрөөс ихээхэн анхаарч ажиллаж буйг тайлбарлалаа.
Геологи, хайгуулын салбар нь манай улсын тухайд гадаадын хөрөнгө оруулалтын индикаторын үүрэгтэй гэж хэлж болно. Манай улс одоогийн байдлаар нийт газар нутгийнхаа 43%-ийг 1:50000 масштаб бүхий зураглал хийсэн байдаг бол өнгөрсөн онд манай улсын хэмжээнд 109 тусгай зөвшөөрөл олгосон нь төдийлөн хангалтгүй үзүүлэлт ажээ. Хайгуулын салбарыг идэвхжүүлэх үүднээс тусгай зөвшөөрөл олголттой холбоотой бүх процессийг цахимжуулж, нээлттэй ил тод болгох юм байна.
Мөн уул уурхайн нэр хүндийг зөв тийш нь хандуулахын тулд уурхайн хаалтын менежментийг ашиглалтаас өмнө нэвтрүүлдэг болно. Орон нутагт, иргэдэд уурхайгаас үүдсэн сөрөг нөлөөллийг хамгийн бага байлгах баталгааг өгч байж ашиглалт руу шилждэг болно гэдгийг сайд мэдэгдлээ.
Боловсруулах чиглэлд манай улс гангийн үйлдвэр, зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, газрын тос боловсруулах үйлдвэр, нүүүрс баяжуулах үйлдвэр зэргийг барьж байгуулахаар ажиллаж байна. Манай улс одоогийн байдлаар хамгийн сайндаа зөвхөн баяжмал хэлбэрээр эрдэс түүхий эдээ гаргаж байна. Боловсруулах үйлдвэрийг хөгжүүлснээр заримдаа шинэ уурхай нээгээд ашиглалтад оруулсантай адилтгахуйц, бүр илүү хэмжээний ажлын байр, нэмүү өртгийг авчирдаг. Улмаар боловсруулах үйлдвэр хөгжсөнөөр дараагийн жижиг, дунд үйлдвэрүүд кластер хэлбэрээр бий болдог тухай сайд онцлон тэмдэглэв.
Салбарын яамнаас боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэхтэй холбоотойгоор Хүнд үйлдвэрийн тухай хуулийг өргөн бариад байгаа бол Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Хөгжлийн сангийн тухай хуулийг өргөн барихаар ажиллаж байна.
Б. Төгс