Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байр суурь

Уул уурхайн хөгжил геологи хайгуулаас шууд хамааралтай

Д.Нарантуяа

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой аливаа өөрчлөлт уул уурхайн салбарын хөгжилд сайн, муу тусгалаа олсоор ирсэн. 1997 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуулиар лицензийг цаг хугацааны хувьд хэн түрүүлж өргөдөл гаргасан нь авдаг зохицуулалтыг анх тусгасан. Үүнээс гадна тусгай зөвшөөрлийг зөвхөн гурван үндэслэлээр цуцлахаас гадна шилжүүлэх, барьцаалахад ямар нэг хязгаарлалт байхгүй байсан. 1997 оны хуулийн энэхүү зохицуулалтыг лиценз олголтын хувьд хамгийн либерал байсан, ил тод шуурхай, эрхийн хамгаалалт сайтай байсан гэж салбарын зарим шинжээч дүгнэсэн байдаг.

Тиймээс ч энэ хуулийн хэрэгжих хугацаанд буюу 1997-2004 оны хооронд хамгийн олон тооны тусгай зөвшөөрөл олгогдсон. Тухайн үед Монгол улсын нийт газар нутгийн 40%-ийг хамарсан талбайд бараг 6000 орчим хайгуулын лиценз олгогдож, хайгуулын үйл ажиллагаа илт идэвхжсэн байдаг. 2000-гаад оны дунд үе гэхэд дэлхийд зарцуулагдаж байсан хайгуулын хөрөнгийн 4%-ийг Монгол руу татаж чадсан гэсэн үзүүлэлт үүнийг гэрчилнэ. 2000 онд хайгуулын лиценз хүссэн өргөдлийн тоо 1340, 2002 онд 2700, 2004 онд 5000 тус тус байжээ.

2006 оны долдугаар сард наадмын өмнөхөн Ашигт малтмалын хуульд хэд хэдэн өөрчлөлт орсны нэг нь лицензийг өргөдлөөс гадна сонгон шалгаруулалтаар олгодог болсон юм. 

Уул уурхайн салбар хөгжин тэлж, 2012 онд Монголын эдийн засгийн өсөлтийг 17%-д хүргэж дэлхийд тэргүүлсэн нь бий. Гэвч их мөнгө эргэлдэх хэрээр, мөнгө тойрсон улстөржилт нэмэгдсэн. Уул уурхайд орж ирж буй мөнгийг нь халамжийн хэлбэрээр тарааж сайн дүрийг олсон хэрнээ эцэг өвгөдийн газар нутгийг гаднынхантай сүлбэлдэн цөлмөж дууслаа гэсэн амны уншлагатай популист улстөрчид олширсон. Лиценз олголтыг хяналт багатайгаар, хавтгайруулан олгосон, үүнийг дагалдан лицензийн наймаа газар авсан зэрэг нь тухайн үедээ ямар нэг зохицуулалт шаардаж байлаа. Үүнийг Монголын улстөрчдийн хамгийн дуртай бөгөөд амархан аргаар шийдсэн юм. 2011 онд тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар ашигт малтмалын лиценз олголтыг түр зогсоосон. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгохыг түр хориглох тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан бөгөөд УИХ хуулийг хаалттай хэлэлцээд баталсан. Уг хуулиар 2012 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл хайгуулын лицензийг шинээр олгохыг зогсоосон юм. Гэхдээ энэ хууль гарахаас өмнө 2010 оны сүүлээр ҮАБЗ-өөс Ашигт малтмалын газарт шинээр хайгуулын лиценз олгохгүй байх чиглэл өгч, энэ нь хэрэгжиж байсан гэдгийг дурдах хэрэгтэй. Хуулийг дахин хоёр удаа сунгасан бөгөөд сүүлийн сунгалт нь хугацаагүй байсны дээр шинээр лиценз олгохоос гадна шилжүүлэхийг мөн давхар хориглосон. Энэ хориг 2014 оны долдугаар сард Ашигт малтмалын хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр хүчингүй болсон. Ингэснээр бараг таван жил хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгогдоогүй юм.

Лицензтэй холбоотой гомдол тасардаггүй ч гомдлыг шийдэж чаддаггүй, лиценз эзэмшдэг аж ахуйн нэгж, иргэдийн тал хувь нь жил бүр ирүүлэх ёстой мэдээллээ ирүүлдэггүй, лицензийн наймаа эрхэлдэг тодорхой бүлэглэл бий болсон зэрэг үндэслэлүүдээр хориг тавигдсан. Хориг тавигдсан жилүүдэд хайгуулын салбарын хөрөнгө оруулалт үндсэндээ зогссон гэж хэлж болно. Зөвхөн хөрөнгө оруулалт зогсохоос гадна өөр муу үр дагаврыг дагуулсан. Нэгэнт шинээр олгохгүй болсон учраас өмнө цуцлагдсан лицензийг хууль хяналтынхантай сүлбэлдэн сэргээх үйл явц өрнөснийг салбарынхан бүгд мэддэг. Өөрөөр хэлбэл, хориг тавигдаад байдал дээрдээгүй.

2011 онд хориг тавигдах үед ашигт малтмалын нийт 4706 лиценз хүчин төгөлдөр байсны 3610 нь хайгуулын, 1096 нь ашиглалтын тусгай зөвшөөрөл байжээ. Харин 2021 оны байдлаар Геологи, уул уурхайн кадастрын мэдээллийн санд улсын хэмжээнд 899 хайгуулын, 1701 ашиглалтын нийт 2600 ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаа нь Монголын газар нутгийн 3.9% юм.

2015 оноос хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр эргэн олгож, уул уурхайн салбарын суурь болсон геологи хайгуулын ажил сэргэж эхэлсэн ч 2017 оноос өргөдлийн тогтолцоог халж зөвхөн сонгон шалгаруулалтаар, хатуу шалгуур, босготойгоор олгох болсон нь цагийн шаардлагад нийцэхгүй байгааг салбарынхан шүүмжилсээр байна. 

Одоо боловсруулж байгаа Ашигт малтмалын хуулийн шинэчилсэн найруулгад тусгай зөвшөөрлийн зохицуулалт хэрхэн тусах нь анхаарал татаж байгаа. УУХҮ-ийн сайд Г.Ёндонгийн MMJ сэтгүүлийн 2022 оны нэгдүгээр сарын дугаарт өгсөн ярицлагаас эш татъя. “Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход илүү хариуцлагатай, өндөр шаардлага тавина. Ашиглалтын лиценз эзэмшигчийн хариуцлагыг өндөрсгөж, хатуу шалгууртай заалтыг хуулийн төсөлд тусгасан. Харин хайгуулын тусгай зөвшөөрөл олголтод илүү либерал бодлого баримтална. Яамны зүгээс тусгай зөвшөөрөл олголт, хайгуулын болон уулын ажлын тайлан төлөвлөгөө зэрэг иргэд, аж ахуйн нэгжүүдэд чирэгдэл учруулдаг үйл явцыг бүрэн цахимжуулж байна. УИХ-ын баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд тусгай зөвшөөрлийн Сонгон шалгаруулалтын журмыг шинэчлэн батлах эрхийг Засгийн газраас манай яаманд өгсөн. Энэхүү журмыг шинэчлэн баталснаар одоогийн жилд олгогдож байгаа 100 орчим хайгуулын тусгай зөвшөөрлийн тоог 3-4 дахин нэмэгдүүлэх боломж бүрдэх юм” гэжээ.

Хуулийн төсөл олон нийтэд хараахан ил болоогүй ч өргөдөл болон сонгон шалгаруулалт гэсэн хосолсон систем байхаар тусгагдахаар байна. Сонгон шалгаруулалтын шаардлага, босгыг давах чинээтэй аж ахуйн нэгж цөөн учраас хөрөнгө мөнгөтэй салбарын бус хөрөнгө оруулагчдад илүүтэй боломж олгож байна гэсэн гол шүүмжийг хуулийн төсөл хэлэлцэх үед бодолцох учиртай.

Хайгуулын тусгай зөвшөөрлийн тоог нэмэгдүүлэхгүйгээр салбарын цаашдын хөгжлийг ярих боломжгүй. 2012 онд 132, 2013 онд 207, 2014 онд 171, 2015 онд 116, 2016 онд 102, 2017 онд 95, 2018 онд 106 ордыг нээжээ. Олон улсын практикаас харахад хайгуулын ажил 10-20 жилээр ашиглалтаасаа түрүүлж явдаг байна. 

Хайгуулын тусгай зөвшөөрлийн талаар УУХҮЯ-наас барьж буй бодлогын тус яамны Геологийн бодлогын газрын дарга Б.Батын ярилцлагыг 22-23 дуугаар хуудаснаас уншаарай. 

Сэтгэгдэл (1)