Б.Төгсбилэгт
Оросын түүхий эдээс баруун татгалзана. Мөн барууны бараа бүтээгдэхүүнээр хэсэгтээ ОХУ цангана. Харилцан “өлсөх тоглолт”. Жижиг оронд том эдийн засагтай улс хориг тавихад үйл явдал бага талын буултаар дуусдаг бол том гүрнүүдийнх улам бүр “харилцан гэдийлт”-ээр даамжирдаг ажээ. Хойд хөрш болон барууны хооронд буулт хийх янзгүй өдрүүд үргэлжилж буй нь 2022 он, дараагийн урт хугацааны байр байдлыг тодруулж байна.
Дэлхийн улс орнууд цар тахлын нөлөөгөөр нийлүүлэлтийн сүлжээний эмх замбараагүйдэлтэй тулгарсан бол одоо тэр байдал улам бүр дордох гэж байна. Даяарчлалын үед дэлхийн улс орон бүр эдийн засгийн хувьд өөр хоорондоо харилцан хамааралтай болж, хэлхэлдэн сүлжилдсэн бол ОХУ, Украины хоорондох зэвсэгт мөргөлдөөний дараа уг хэлхээс хэсэгчлэн тасрах гэж байна. Барууныхан хойд хөршийн эсрэг эдийн засгийн хатуу хориг тавьж эхэлсэн нь ОХУ-ын сөргүүлэн илгээх хоригтой халз мөргөлдөж харилцан бие биенээ хясаж хавчих болов.
Хэвийн үед зах зээлийг эрэлт, нийлүүлэлт шийддэг бол энэ удаад геополитикийн хүчин зүйл голлон нөлөөлж эхлэв. Их гүрнүүдийн удирдагчдын шийдвэр, сэтгэл хөдлөлөөс зах зээл, нийлүүлэлтийн төлөв шууд хамаарч байна. Цар тахлын дараах сэргэлтийн нөлөөгөөр эрэлт нэмэгдэж, инфляцын өсөлтийн эрчим сулрах янзгүй байсан бол одоо ОХУ, Украины зэвсэгт мөргөлдөөнөөс үүдэн урт хугацаанд үргэлжлэх түүхий эдийн өлсгөлөн айсуй. Үнийн өсөлт, эрдсийн болон үр тарианы нийлүүлэлтийн хомсдол, ханган нийлүүлэлтийн сүлжээний удаашрал энэ онд хүчтэй мэдрэгдэх нь гарцаагүй болов. Энэ бүхний нийлбэр нь эдийн засгийн хямрал, санхүүгийн зах зээлийн уналтаар илэрнэ. Цохилтыг энэ удаад ядуу буурай орнууд дангаар хүртээд зогсохгүй хөгжингүй орнууд ч мэдрэхээр байна.
Барууныхан ОХУ Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулж эхлэхээс өмнө удтал тооцоолж боловсруулсан эдийн засгийн хориг арга хэмжээгээ хэрэгжүүлж ОХУ-ын төв банкны валютын нөөцийн тал орчим хувь буюу 300 тэрбум ам.долларыг царцаав. Мөн олон улсын төлбөр тооцооны сүлжээ SWIFT-ээс ОХУ-ын төв банк болон зарим томоохон банкуудыг салгав. Зэрэгцээд АНУ хойд хөршөөс нефть, газ импортлохгүй болсноо мэдэгдээд Их Британи ч мөн адил эрчим хүчний импортоо энэ ондоо багтаагаад зогсоохоо амласан. Европын холбоо харин энэ чиглэлд хараахан нэгдсэнгүй, гагцхүү 2027 онд бүрэн хараат бус болох хөтөлбөрөө зарлахаар бэлдэж байна.
ОХУ-ын төв банкны валютын нөөцийг царцаасан нь доллар, еврогийн итгэлтэй байдлыг ганхуулж эхэлсэн тул Путин байгалийн хийн түлшээ рублиэр борлуулахаа мэдэгдсэн (2022.03.23) бөгөөд Европын холбоо төлбөрөө гэрээний дагуу еврогоор хийх болно гэж хариулав. Путин рублиэр хийгээ авах саналыг хүлээн зөвшөөрөх хугацааны товыг гуравдугаар сарын 31-нээр дуусгавар болгохыг анхааруулав. Рублиэр газ худалдан авах нь рублийн ханшийг чангаруулах тул Европын холбооны томоохон улсууд уг тулгалтыг хүлээж авахыг хүсэхгүй байна. Гэвч рублийн ханш аль хэдийнэ эрчимтэй чангараад эхэлжээ. Хэсэг хугацаанд барууны улс орнууд хий авахгүй байж болох ч ердөө хоёр ч хүрэхгүй сарын дараа хийн нөөцөө шавхаж болзошгүй. Катар зэрэг шингэрүүлсэн хийн нийлүүлэгчид ОХУ-ын орон зайг нөхөж чадахгүйгээ анхааруулаад буй. Тиймээс одоохондоо Европын холбоо төлбөр тооцоон дээр рубль руу шилжиж газ худалдан авахаас өөр арга харагдахгүй байна. Гагцхүү Герман зэрэг тэргүүлэгч улс орнууд илүү үнэтэй АНУ-ын хийнд хэсэг найдах боломжтой ч томоохон аж үйлдвэрийн салбарууд нь цахилгааны үнийн өсөлтөөс үүдэн гарцаа танахаас өөр аргагүйд хүрнэ. Энэ зовлонг барууны металлургийн салбар 2021 оны турш сануулсаар ирсэн ч байдал бүр дордох зам руугаа орлоо. АНУ-ын хувьд шингэрүүлсэн хийн томоохон нийлүүлэгч мөн боловч тогтвортой бус, зөвхөн өндөр үнэтэй үед шууд худалдаан дээр тоглолт хийдгээрээ ялгардаг.
Том ухралт
Байден Европын холбоонд энэ онд АНУ-аас нэмэлтээр 15 тэрбум куб метр шингэрүүлсэн хий нийлүүлэхээ (2022.03.25) мэдэгдэв. Цаашлаад 2030 онд уг хэмжээг 50 тэрбум куб метрт хүргэхээ амлав. Зах зээлийн ажиглагчид зөвхөн эхний 15 тэрбум куб метр хий нийлүүлэх тухайд тун амаргүй гэж тайлбарлав. Нэмэлтээр байгалийн хийн олборлох болон холбогдох дэд бүтцийг байгуулахад 2-5 жил шаардагдах ажээ. Гагцхүү АНУ Азийн хэрэглэгчдээ ятгах замаар тэдэнд нийлүүлэх байсан шингэрүүлсэн хийн гэрээгээ цуцалж Европ руу илгээх ганц л зам бий. Томоохон хэрэглэгчид болох Япон, Өмнөд Солонгос улс санхүү, цэрэг стратегийн хувьд АНУ-аас ихээхэн хамааралтай байдаг тул Байдены хүсэлтийг чих зөөлөн хүлээж авч хэсэгтээ аядуу хандаж болох юм. Харин Хятад улс гэрээгээ биелүүлэхгүй аваас АНУ-д ямар нэг байдлаар хариу барих нь гарцаагүй.
Түүнээс гадна энэ үйл явцад Байден ногоон дүр төрхөө алдах эрсдэлтэй. АНУ дотоодын олборлолтоо нэмэгдүүлэх тохиолдолд занарын хийн олзворлолтоос үүдэн хүлэмжийн хийн ялгаруулалтын асуудал хөндөгдөнө. АНУ-д ерөнхийдөө уламжлалт бус газрын тос буюу занарын тос, хийн олборлолт давамгайлдаг. Энэ салбар нь дотооддоо байгаль орчны хувьд орон нутгийн иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгардаг. Нөгөөтэйгүүр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг сөрөн зогсох уриатай Байдены идэвх санаачлага, Америкийн газрын тосны олборлолтыг нэг түвшинд барих уриалгын утга алдагдана. Саяхан Глазгогийн хурал дээр Байден томоохон амлалтууд өгсөн бол одоо тэс хөндлөн замналаар алхах шаардлагатай болж байна. Байдены захиргаа уг алхмыг түр зуурын шинжтэй холбоотнуудаа дэмжих төлөвлөгөө гэж эерүүлэн тайлбарлахыг оролдоно. Ногоон амлалтуудыг түр орхиод зөвхөн техникийн талаас авч үзэхэд хийг шингэрүүлээд хөлөг онгоц руу юүлэх экспорт, импортын зориулалттай терминалын дэд бүтэц зэрэг ихээхэн санхүүжилт, хугацаа шаардсан ажлууд АНУ болон Европын холбоог хүлээж байна. Бүх зүйл ном дүрмийн дагуу биелбэл ойрын 30 жилд хүлэмжийн хийн ялгаруулалтыг дуу нэгтэйгээр баталгаажуулсан явдал болохыг дэлхийн дулаарлын эсрэг хөдөлгөөнийхөн шүүмжилж байна. Илүү том хүчин зүйл гэвэл, АНУ нь Парисын хэлэлцээрт бусад орнуудаа манлайлах үүрэгтэй боловч уг үйлдлээр том ухралт хийж байна. Ингэснээр бусад улсад АНУ-тай барьцаж, чулуужмал түлшний олборлолтоо нэмэгдүүлэх эсвэл хэвээр хадгалах боломж ч бүрдэнэ.
“Ганцаардмал” Орос
Байдены Европт хий нийлүүлэх амлалт хэрэгжих шатандаа харьцангуй том сорилттой тулгарч байх зуур барууны ОХУ-ын эсрэг тавьсан хориг улам бүр чангарч болзошгүй. Барууны зүгээс гурван талаас ОХУ-ын эдийн засгийг хавчих хориг арга хэмжээ авч хэрэгжүүлж буйн дунд санхүүгийн, технологийн болон эрчим хүчний хориг багтана. Тухайлбал чип, хагас дамжуулагч ОХУ руу нийлүүлэхгүй байх тухай хоригийг АНУ бахархалтайгаар зарлаж буй. Гэхдээ ОХУ, Украин нь чип, хагас дамжуулагч үйлдвэрлэлд шаардлагатай түүхий эдийн гол нийлүүлэгчид учир цаашид энэ салбарт нийлүүлэлтийн удаашрал, ханш өсөх асуудал даамжирч болзошгүй байна. Нөгөөтэйгүүр чипний нийлүүлэлтийн зах зээлийг АНУ дангаар бүрэн хянах боломжгүй тул уг хориг арга хэмжээ нь төдийлөн үр дүнгээ өгөхгүй байх магадлал өндөртэй. Санхүүгийн хориг арга хэмжээтэй тэмцэх зорилгоор ОХУ рублийн ханшийг чангаруулахаар эсрэг хөдөлсөн нь ам.долларын бус арилжаагаар эрчим хүч худалдах явдал байв. Рублийн ханш ам.долларын эсрэг 152 болж түүхэн доод хэмжээнд хүрсэн нь эргээд 90 болж чангараад байна. ОХУ нь барууны “найрсаг бус” ангилалд багтаасан орнуудтай рублиэр байгалийн хийгээ арилжаалах тухай зарласан нь ханш чангарахад нөлөөлсөн.
Харин эсрэгээр түнш орнуудтайгаа үндэсний мөнгөн тэмдэгтээр, тухайлбал Хятадтай юаниар, Энэтхэгтэй рупигээр харилцан худалдаа хийхээр болж байна. Барууны орнуудын хориг арга хэмжээ төдийлөн нөлөөгөө өгөхгүй байх зуур БРИКС-ийн (Бразил, ОХУ, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк) “хана хэрэм” улам бүр бэхжиж буй нь одоо тодорхой боллоо. Энэ холбооны нэгдмэл байдлыг сулруулахыг АНУ, Их Британи чармайж байгаа ч хэтэрхий оройтсон байж мэдэхээр байна. Хэрэвзээ хориг арга хэмжээ ОХУ-аас хальж Хятад, Энэтхэгийг аливаа хоригоор сүрдүүлэх тохиолдолд барууны орнуудад улам бүр ашиггүй болох тул энэ хувилбар биелэхгүй болов уу. БРИКС-ийн орнууд болон Азийн бусад боломжит зах зээл нийлээд ОХУ-ын Европ руу чиглэсэн экспортыг тодорхой хэмжээнд нөхөх боломжтой. Европын холбоо нь ОХУ-аас өдөрт дунджаар нэг тэрбум ам.доллартай тэнцэхүйц эрчим хүч (газ, нүүрс, нефть) худалдан авдаг гэсэн тойм тооцоо бий. Энэ орлогыг бусад зах зээлээс аль болох түргэн хугацаанд оруулж ирэх сорилттой хойд хөрш тулгарч байна. ОХУ-ын Уралс газрын тосны ханш Брэнт маркийнхаас багагүй хэмжээгээр зөрүүтэй буюу хямд байгаа ч хангалттай ашигтай ажилласан хэвээр байх нь тодорхой байна. ОХУ-ын нүүрс, газрын тос нь илүү хямд байх учир Энэтхэг, БНХАУ маш найрсгаар худалдан авна. Урт хугацаандаа барууны улс орнууд болон ОХУ-ын хооронд үүссэн “тунирхал” арилахгүй бол дэлхийн эдийн засаг зааглагдан хуваагдах төлөв харагдана.
Энэ амаргүй төлөв дунд эрдэс түүхий эдийн ханш урт хугацаанд өндөр байх төлөв улам бүр баталгаажиж байна. Зэсийн ханш 10000 долларыг даваад байгаа бол никель, хөнгөн цагаан, цайрын ханш мөн өсөлттэй байна. Чухамдаа зах зээлд тогтворгүй байдал нэмэгдэхийн хэрээр түүхий эдийн ханш өсч байна.
Түүхий эдийн хямрал айсуй
ОХУ, Украин нь улаанбуудайн томоохон нийлүүлэгчид. Хоёр орны экспорт хумигдах нь гарцаагүй. Дээр нь ОХУ нь хүнсний бордооны томоохон үйлдвэрлэгч.
ОХУ барууны хориг арга хэмжээний эсрэг хариу хориг арга хэмжээгээ гуравдугаар сарын 10-нд зарлаж 200 нэр төрлийн бүтээгдэхүүнд экспортын хориг тавьсан. Баруунд бордооны үнэ хоёр дахин нэмэгдсэн нь хүнсний үнийн өсөлт дахин үргэлжлэх дохио болж байна. Европын бордоо үйлдвэрлэгч компаниуд эрчим хүчний үнийн өсөлтөөс гарцаа танах болсон. Европын холбоо нь хүнсний хангамжийн хувьд харьцангуй бие даасан үйлдвэрлэл явуулдаг ч бордоо, тэжээлийн хувьд гаднаас хараат байдаг төдийгүй шатахууны үнийн өсөлт фермерчдэд ажиллахад хүндрэл үүсгэж буй юм. Хүнсний үнийн өсөлт, хүнсний нийлүүлэлт хумигдах байдал нь дэлхий дахинд нүүрлэж болзошгүй хүнсний хямралыг урьдчилан хэлж өгч байна.
Дэлхийн хүнсний хөтөлбөрөөс (WFP) хоол хүнсний хямрал, тэр дундаа Африк, Ойрхи Дорнодын эмзэг буурай орнуудад газар авах аюул нүүрлээд буйг мэдэгдэж, санхүүжилтээ нэмэгдүүлэхийг Европын холбоонд уриалав. Ядуу буурай орнуудад өлсгөлөн газар авах нь Европ руу нүүх цагаачдын цувааг нэмэгдүүлэх аюултайг анхааруулжээ.
Украин, ОХУ нь дэлхийн улаанбуудайн экспортын гуравны нэгийг бүрдүүлдэг бөгөөд тэдгээрийн нийлүүлэлт хумигдах нь хөдөө аж ахуйн олон төрлийн бүтээгдэхүүний үнийн өсөлтийг давхар нөхцөлдүүлнэ. Хятад улс мөн улаанбуудайн ургац хураалт тун тааруу байж болзошгүйг мэдэгдээд байна.
Шинэ нөхцөл дэх Монгол
ОХУ, Украины мөргөлдөөн нь манай улсын хоёр хөршийн харилцааг улам бүр бэхжүүлэх орчин нөхцөл болж байна. Өмнөд хөрш, хойд хөршийг дэмжих талд зогсож байгаа бөгөөд худалдаагаа улам эрчимтэй нэмэгдүүлэхээр зэхэж байна. Ялангуяа хориг урт хугацаанд үргэлжлэх тохиолдолд хоёр улсын технологийн салбарын хамтын ажиллагаа улам бүр гүнзгийрч мэднэ. Монголын хувьд үүссэн шинэ нөхцөлд давуу болон сул талууд бий.
Монголын коксжих нүүрсний зах зээлийн орон зай хумигдах вий гэсэн болгоомжлол бий. Гэсэн хэдий ч Тавантолгойн нүүрс Хятадын хойд бүс нутагт нэлээд танигдсан бол ОХУ-ын коксжих нүүрсний экспорт зүүн хойд хэсэгт нь илүү чиглэсэн байдаг. Нөгөөтэйгүүр Оросын коксжих нүүрс ганцхан Хятад бус Энэтхэг рүү мөн чиглэх болно. Хоёр хөрш харилцаагаа бэжхүүлснээр гурван улсыг холбосон дэд бүтэц, томоохон төслүүдийн яриа хэлэлцээр илүү хурдан ахих боломжийг авчирч мэдэх юм. Гэхдээ бүх зүйл ийм энгийн биш бөгөөд Хятад руу чиглэсэн барууны шахалт ирэх өдрүүдэд хэрхэн явагдахаас ихээхэн зүйл хамаарна. Үүсээд буй нөхцөл байдлаас үүдэн Хятадын эдийн засгийн өсөлт удаашрах аваас манайд хэрэгжих томоохон төслүүдийн явцад мөн сөргөөр нөлөөлж болзошгүй. Үүнээс гадна манай улсын барууны орнуудаас авах санхүүжилтийн хэрэгсэл илүү өндөр өртөгтэй болж мэднэ.
Дэлхийн нөхцөл байдал хувирч өөрчлөгдөж байгаа энэ үед импортоос бүрэн хамааралтай улсын хувьд цаашид дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлэх шаардлагатай нь улам бүр тодорхой болж байна. Манай улс түлш, эрчим хүчний хувьд ОХУ-аас ихээхэн хамааралтай байдаг. Улаанбуудай болон бусад үр тариа, хүнсний бордоо болон бусад олон бараа бүтээгдэхүүний импортод мөн ОХУ-аас шууд хамааралтай.
Гэхдээ ОХУ-ын дотоодод шатахууны үнэ хямдраад буй үед Монгол улс илүү хямд үнээр шатахуун импортлох асуудлыг тавих боломжтой. Хятад, Энэтхэгийн хувьд Уралс тосыг хөнгөлттэй үнээр авах болсон.
Цар тахлын нөлөө бүрэн арилаагүй төдийгүй Хятадад халдварын тохиолдол өндөр байгаа нь энэ онд манай улсын нүүрс, газрын тосны экспорт зорилтот хэмжээнд хүрэхгүй байх төлөвийг тодруулж байна. Дөрөвдүгээр сараас нүүрсний экспорт нэмэгдэхээр байгаа ч хэвийн хэмжээнд хүртэл хол байна. Иймд манай улсад энэ онд алтны салбар дахин нэг удаа “эдийн засгийн авралын хэрэгсэл” болох нь тодорхой байна. Учир нь алтны ханш 2000 ам.доллар/унц руу ойртож өсөөд байгаа бөгөөд цаашид ханшийн шинэ оргил түвшинг тогтооход ойрхон байна.