Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Бодлого, институтийн хүчин зүйл ГШХО татахад сул тал болж байна

 

Салбарын яамны захиалгаар Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны санхүүжилтээр Адам Смит Интернэйшнл байгууллага “Монгол Улсын Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчны жишиг судалгаа”-г боловсруулан гаргасан байна. Энэхүү судалгааны үр дүнг танилцуулах хэлэлцүүлэг, семинарыг (2022.05.17) зохион байгууллаа. Тус судалгаа  нь  Монгол Улсын уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналуудыг тодорхойлох зорилготой юм.

Тус судалгааны үр дүнд хөрөнгө оруулалтын орчинд тулгамдаж буй сул талуудыг гурван хүрээнд хувааж авч үзжээ. Үүнд нийгэм-эдийн засаг, бодлого-институт, нийлүүлэлт, үйлдвэрлэлийн шинжтэй зэрэг хүчин зүйл багтана.

Нийгэм, эдийн засгийн хүрээнд авч үзвэл улс төрийн тогтворгүй байдал, өөрийн хөрөнгийн өртөг өндөр, өр зээл, баялгийн үндсэрхэг үзэл болон авлига ихтэй зэргийг дурджээ.

Нийлүүлэлт, үйлдвэрлэлийн хүчин зүйлд, эдийн засаг цөөн тооны том уурхайнуудаас хамааралтай. Хайгуулын ажил эрчимтэй буурснаас гадна хайгуулаас уурхай болон хөгжих үе шатууд илүү урт хугацаа шаарддаг. Судалгаа, хөгжүүлэлтэд хөрөнгө оруулалт дутмаг. Дэд бүтэц, эрчим хүчний хангамж сулаас гадна хил нэвтрэлт удааширсан. Далайд гарцгүй, үйлдвэрлэлийн зардал харьцангуй өндөр зэргийг оруулжээ.

Дээрх хоёр хүчин зүйлээс илүү чухал сэдэв болох бодлого, институтийн хүчин зүйлд, хууль эрх зүйн зохицуулалт, бодлогын тогтолцоо сул, уул уурхайн татварын хувь хэмжээ, ялангуяа АМНАТ-ийн хувь хэмжээ тогтворгүй/байнга өөрчлөгддөг. Төрөөс уул уурхайн орлогын менежментийг сул хийж байна. Засгийн газрын бодлогын залгамж халаа сул байгаагийн сацуу уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтыг татах Засгийн газрын агентлаг, бүтэц дутмаг. Хөрөнгө оруулагчтай олон удаа маргаан үүсгэсэн зэргийг дурджээ. Оюутолгой төсөлтэй холбоотой эерэг мэдээлэл түгж байгаа нь сайн хэрэг боловч үүнээс өөр хөрөнгө оруулалтыг татах сайн жишээнүүд цөөн байгаа ажээ. Бодлого, институтийн хүчин зүйл нь зөвхөн дотоодоос хамааралтай, өөрсдөө сайжруулах боломжтой зүйлс гэдгээрээ онцлог болохыг судалгааг гүйцэтгэсэн багийн ахлагч Рон Смит онцоллоо.

Судалгааг 2021 оноос эхлүүлсэн бөгөөд Канадын Фрэйзер Институтийн судалгааны аргачлалд тулгуурлан хийсэн байна.

Манай улс байгалийн баялаг ихтэй, нөөц бололцоотой орон боловч геологийн дата мэдээллийн хүртээмж сул байгааг семинарын үеэр онцоллоо.

Мөн энэхүү судалгааны үр дүнг гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинэчлэн найруулах ажлын хэсэгт танилцуулах болно гэдгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал уламжлав. Мөн тэрбээр ирэх долоо хоногоос Засгийн газар сонгон шалгаруулалтын шинэчилсэн журмаар хайгуулын талбайг tender.gov.mn-ээр дамжуулан зарлах тухай тэмдэглэлээ. Ингээд талбай зарлагдсанаас хойш гуч хоногийн хугацаанд сонирхсон аж ахуйн нэгжүүд саналаа ирүүлсний дараа үнэлгээний ажил эхлэх ажээ.