Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

УУХҮЯ: Тэсрэх бодисын үндсэн түүхий эдийн хангамж хэвийн байна

Салбарын сайд Г.Ёндон уул уурхайн салбарын үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх бодисын үндсэн түүхий эд азотын бордооны томоохон нийлүүлэгч компани болох ОХУ-ын “Азот” компанийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. “Азот” компани нь ОХУ-ын азотын бордооны томоохон үйлдвэрлэгч бөгөөд дэлхийн 30 гаруй орны хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн салбарын хэрэглэгчдийг хангадаг төдийгүй өөрийн дөрвөн үйлдвэрээр дамжуулан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд нийлүүлж байна. Тэр дундаа Монгол Улсын уул уурхай, хөдөө аж ахуйн салбарын азотын бордооны хэрэглээний 80 гаруй хувийг дангаараа хангадаг томоохон нийлүүлэгч компани юм.

Уулзалтын эхэнд төлөөлөгчид, 2021 онд Оросын Холбооны Улсын Засгийн газрын шийдвэрээр экспортлогч компаниудад хориг тогтоосон үед Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны зүгээс тус улсын Аж үйлдвэр, худалдааны яамтай хамтран шуурхай арга хэмжээ авч, анхаарал хандуулан ажилласанд талархал илэрхийллээ.

Үүний үр дүнд энэ оны эхний хагас жилийн байдлаар тэсрэх бодисын үндсэн түүхий эдийн тасалдалд оролгүй, тогтвортой, найдвартай нийлүүлэлт хийгдэж байна.

Уулзалтаар 2022 оны сүүлийн хагас жилд уул уурхайн салбарын тэсрэх бодисын түүхий эдийн импортыг тогтвортой байлгах, дэлхийн зах зээл дээр мөрдөгдөж байгаа үнэ ханшийн өөрчлөлтийг харгалзан үзэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлэн, шинэ дэвшилтэт технологиор үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүнээр харилцагчдаа хангах чиглэлээр санал солилцлоо.

 

Эх сурвалж: УУХҮЯ