Он гарсаар буюу энэ оны эхний таван сарын байдлаар манай улсын газрын тосны бүтээгдэхүүний импорт 686 орчим мянган тоннд хүрсэн тухай Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 2%-иар өссөн дүн болж байна. Харин үнийн дүнгийн тухайд нефтийн бүтээгдэхүүний импорт 587.4 сая ам.доллартай тэнцсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 63 орчим хувиар нэмэгдсэн дүнтэй гарчээ.
Нефтийн бүтээгдэхүүнийг дотор нь ангилж үзвэл, эхний таван сард манай улсын АИ92 шатахууны импортын биет хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 77%-иар өссөн байна. Уг төрлийн шатахууны импортын (нэгжийн) үнийн дүн тонн тутамд өнгөрсөн тавдугаар сард дунджаар 823.9 ам.долларт хүрчээ. Энэ нь дөрөвдүгээр сарын дундаж үнээс 8 орчим хувиар буурсан байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам (УУХҮЯ) "Роснефть"-тэй үнэ тогтворжуулах гэрээ байгуулснаар зургадугаар сар дуустал импортын үнийг 840 ам.долларт барихаар болсон.
Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар
Харин дизелийн түлшний импортын (нэгжийн) үнийн тухайд өнгөрсөн тавдугаар сард тонн тутамдаа нэг мянга орчим ам.долларт дөхөж очсон нь дөрөвдүгээр сарын импортын дундаж үнээс 11%-иар нэмэгджээ. Дизелийн түлшний импортын нийт хэмжээ оны эхний таван сарын байдлаар 347 орчим мянган тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 14%-иар буурчээ. Гэсэн хэдий ч дизелийн импортын үнийн дүн оны эхний таван сард 290 гаруй сая ам.доллараар илэрхийлэгдэж байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс даруй 41%-иар өссөн дүн юм. Уул уурхайн салбарын идэвхжил сайжирч буй үед дизелийн импорт өмнөх саруудынхаас өсөх хандлагатай байна.
Дэлхийн зах зээлд Брэнт газрын тосны ханш өсч байгаа ч голлох хэрэглээний шатахуун болох АИ92-ын импортын үнийг тогтворжуулахаар болсон нь ихээхэн үр дүнтэй хэрэг боллоо.
Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар
УУХҮЯ-ны мэдээлснээр улсын хэмжээнд зургадугаар сарын 09-ний байдлаар нийт 152.5 орчим мянган тонн шатахууны нөөцтэй байна. Үүнээс А80 автобензин 12.2 мянган тонн, АИ92 шатахуун 51.8 мянган тонн, АИ95 автобензин 6.3 мянган тонн, дизель 77.5 мянган тонн байгаа ажээ. Энэ нь АИ92 автобензиний 39 хоног, АИ95 автобензиний 47, А80 автобензиний 73, дизелийн 28, онгоцны түлшний 64 хоногийн тус тус нөөцтэй байна гэсэн үг.
Улаанбаатар хотын хэмжээнд нийт 74.6 мянган тонн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А80 автобензин гурван мянган тонн, АИ92 автобензин 28.7 мянган тонн, АИ95 автобензин 3.9 орчим мянган тонн, диель 34.5 мянган тонн байгаа ба АИ-92 автобензиний 30, АИ-95 автобензиний 53, дизелийн 31 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна.
Манай улс он гарсаар нийт 755.5 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсныг салбарын яам мэдээллээ. Үүнд А80 автобензин 17.3 мянган тонн, АИ-92 автобензин 254.3 мянган тонн, АИ95/98 автобензин 12.8 мянган тонн, дизель 377.8 мянган тонн, онгоцны түлш 22.3 мянган тонн, бусад 71.1 мянган тонныг тус тус эзэлж байна.
Б. Төгс