УУХҮ-ийн сайд Г.Ёндон бизнесийн салбарын томоохон аж ахуйн нэгжүүдээс бүрдсэн Монголын Бизнесийн Зөвлөлийн ээлжит уулзалтад оролцож, Канад Улсын Торонто хотноо зохион байгуулагдсан Олон улсын уул уурхайн чуулга уулзалт (PDAC-2022)-д монголын төлөөлөгчид 25 дахь удаагаа зургадугаар сард оролцсон тухай, уул уурхайн салбарт цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, төслүүдийн талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.
Цахилгаан автомашин, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, хотжилт, ханган нийлүүлэлтийн эх үүсвэрийг төрөлжүүлэх улс орнуудын сонирхлын улмаас метал ашигт малтмалын эрэлт, хэрэгцээ улам бүр нэмэгдэх хандлагатай байгаа үед геологи, уул уурхайн салбарт улс орнууд хамтран ажиллах сонирхол их байна. Дэлхийн эдийн засгийн хөгжилд критикал ашигт малтмалын найдвартай ханган нийлүүлэгч улс орнуудын үүрэг цаашдаа улам бүр нэмэгдэж, онцгой байр суурь, ач холбогдолтой байх нь Канад Улсад хийсэн уулзалт, арга хэмжээний үеэр харагдаж байсныг сайд Г.Ёндон онцолсон.
Удахгүй ашиглалтад орох төмөр зам уул уурхайн бүтээгдэхүүний экспортод эерэг нөлөө үзүүлнэ, цаашлаад ус, эрчим хүчний хангамжийн төслүүд хэрэгжсэнээр нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл хөгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа талаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг дурдсан. Томоохон ашигт малтмалын ордыг нээн илрүүлснээс хойш тогтвортой үйлдвэрлэл эхлэх хүртэл хугацаа шаарддаг тул эдийн засгийн өсөлтийн дараагийн үе шатыг дэмжих үүднээс геологи хайгуулын ажлыг эрчимжүүлэх нь чухал болохыг "Энержи Ресурс" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл онцлов.
Уулзалтаар ашигт малтмалын нөөцтэй гэгддэг улс орнууд хөрөнгө оруулалт татахаар хүчтэй өрсөлдөж байгаа өнөө үед бид хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлж, хөрөнгө оруулагчидтай харилцан ашигтай хамтран ажиллах нь чухал болохыг оролцогчид дурдаж байлаа.
УУХҮ-ийн сайд Г.Ёндон тэргүүтэй төлөөлөгчид 2022 оны зургадугаар сард Канад Улсад ажиллах үеэр Mongolia@PDAC-2022 бизнес форум зохион байгуулж, Канад Улсын Байгалийн баялгийн сайд, Ресурс Кэбэк, Торонтогийн Хөрөнгийн бирж, Канадын ойжуулалтын групп, Канадын Экспортыг дэмжих байгууллага, Канадын Байгалийн баялгийн сайдын Парламентын нарийн бичгийн дарга зэрэг төлөөлөгчидтэй уулзаж, цаашид хамтран ажиллах талаар санал солилцсон юм.
Эх сурвалж: УУХҮЯ