Дэлхийн Уул уурхайн конгресс (ДУУК)-ын Олон улсын зохион байгуулах хороо (ОУЗБХ)-ны 103 дугаар хуралдаан 2022 оны долдугаар сарын 12-нд Монгол улсад зохион байгуулагдах гэж байна. Дэлхийн уул уурхайн Конгресс нь уул уурхайн техник, технологийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлдог НҮБ-д бүртгэлтэй олон улсын мэргэжлийн байгууллага юм. 1958 онд Польшийн профессор Б.Крупински санаачлан байгуулсан энэ байгууллагад 1967 оноос Монголын төлөөлөгчид Конгрессын хуралдаануудад оролцож ирсэн.
Энэ удаагийн ОУЗБХ-ны хурлаар Монголын уул уурхайн салбарын 100 жилийн хөгжлийн түүхэн мэдээллүүд болон манай орны ашигт малтмалын тухай илтгэлүүдийг сонсох юм. Мөн ирэх 2023 оны зургадугаар сард Австралийн Брисбэн хотод зохион байгуулагдах Дэлхийн Уул уурхайн конгрессын 26 дугаар хуралдааны бэлтгэл ажлын талаар хэлэлцэнэ. Хурлыг ДУУК-ын дарга профессор Марек Цала удирдан явуулна. Энэ хурал нь Монголын уул уурхайн салбарыг олон улсад сурталчлах нэн чухал арга хэмжээ болно.
Хурлын бэлтгэл ажлыг хангахад ДУУК-ийн Монголын үндэсний зохион байгуулах хороо болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас хамтран ажиллаж байна. Үндэсний зохион байгуулах хороонд Монголын талаас Конгрессын гишүүн доктор Х.Бадамсүрэн, доктор Б.Бат-Очир, доктор Д.Галсандорж, Ж.Золжаргал, Д.Дамба, Б.Бүрэн нар ажиллаж байгаа бөгөөд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Гадаад харилцааны хэлтсийн дарга Анун хариуцан ажиллаж байна.
Хуралд Энэтхэг, Польш, Хятад, Чилийн төлөөлөгчид оролцохоор мэдэгдлээ ирүүлээд байгаа ба бусад орнуудын төлөөлөгчид цахимаар оролцоно. Хурлын төлөөлөгчдийг наадмын нээлтийг үзүүлэхээр төлөвлөөд байна.