Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

2023 онд болох Дэлхийн уул уурхайн конгрессын хурлын бэлтгэл ажлыг хэлэлцлээ

Австралийн Брисбэн хотноо 2023 оны зургаадугаар сарын 26-29-нд  Дэлхийн уул уурхайн конгрессын (ДУУК)  26 дахь удаагийн хурал болно. Тус  хурал нь“Ирээдүйг нөөцөөр хангаж нийгэмд үнэ цэнийг бүтээх нь” урианд гол анхаарлаа хандуулна гэдгийг Улаанбаатар хотноо хүрэлцэн ирсэн  ДУУК-ын дарга, профессор Марек Цала онцлов. Улсын баяр наадмын хоёр дахь өдөр буюу долдугаар сарын 12-ны өдөр “Туушин” зочид буудалд эхэлсэн ДУУК-ын Олон улсын зохион байгуулах хорооны (ОУЗБХ) 103 дугаар хуралдаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирал, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Х.Бадамсүрэн, ОУЗБХ-ны Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга, доктор Б.Бат-Очир, Монголын Экспортлогчдын холбооны тэргүүн, доктор Д.Галсандорж, ШУТИС-ийн профессор Я.Гомбосүрэн, профессор С.Жаргалан, УУХҮЯ-ны Уул уурхайн техник, технологийн хэлтсийн дарга Ч.Цогтбаатар, “Монгол нүүрс” ассоциацийн Гүйцэтгэх захирал Ж.Золжаргал, Тэсэлгээний инженерүүдийн холбооны тэргүүн Д.Дамба нарын төлөөллүүд оролцлоо. ДУУК-ийн ОУЗБХ-ны энэ удаагийн хуралдаанд  Энэтхэг, Хятад, Австрали, Польш, Канад, Австри зэрэг 15 орны төлөөллүүд цахимаар мөн оролцсон.

Хятадын Үндэсний нүүрсний ассоциацийн Ерөнхий захирал  Су Чуанронг, “Coal India Ltd”-ийн ТУЗ-ын дарга Прамод Агравал, Уул уурхайн конгрессын 26 дугаар хурлыг Зохион байгуулах хорооны дарга Хуа Гуа нар Хятад, Энэтхэгийн уул уурхайн салбарын өнөөгийн байдал, тэр дундаа нүүрсний салбарын хөгжлийн талаар илтгэж, хэлэлцүүллээ. Мөн  Дэлхийн уул уурхайн мэдээллийн тайланг хурлын илтгэгч  Кристиан Рейл (Австри), шинэ гишүүдийг элсүүлэх дэд хорооны тайланг профессор Леопольд Веббер, Ерөнхий нарийн бичгийн даргын илтгэлийг Язек Скиба нар танилцууллаа. 

Хурлын бэлтгэл ажлыг хангахад ДУУК-ийн Монголын Үндэсний  зохион байгуулах хороо болон УУХҮЯ хамтран ажилласан бөгөөд мөн Уул уурхайн шинжлэх ухааны академи,  Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөл дэмжиж оролцов.

Манай улсаас Конгрессын гишүүнээр 4 хүн сонгогдон ажиллаж байна. Үүнд ДУУК-ийн хүндэт гишүүнээр Геологи, уул уурхайн яамны Орлогч сайд асан Дугарын Рэнчинханд (1987 оноос хойш гишүүнээр ажиллаж байна), доктор Б.Бат-Очир (2005 оноос), доктор Х.Бадамсүрэн (2018 оноос), зөвлөх инженер Д.Дамба (2018 оноос) сонгогдон ажиллаж буй. Энэ жилийн хувьд тус Конгресст Индонезоос 1, Энэтхэгээс 2, Монголоос 1 гишүүн шинээр элсэж буйг хурлын үеэр хэлэлцэж баталлаа.

ДУУК-ийн Олон улсын Зохион байгуулах хорооны  103  дугаар хуралдаан   Монгол Улсад  анх удаа  амжилттай зохион байгуулагдсан нь 100 жилийнхээ ойг тэмдэглэж буй уул уурхайн салбараа олон улсын тавцанд   дэлгэрэнгүй   сурталчилсан   томоохон   арга   хэмжээ   боллоо   гэж   уг   хуралдаанд оролцогчид тэмдэглэж байна. "Mongolian Mining Journal" тус хурлын мэдээллийн түншээр ажиллаж байна.

 

Г.Идэрээ