Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байгаль орчин

Эрдэнэт үйлдвэрийн Ойн генетикийн төв “Ургамал газар тариалангийн хүрээлэн”-тэй хамтарч ажиллана

 

Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Ойн генетикийн төв  “Ногоон хөгжил” төслийнхөн    Дархан хотод байрлах “Ургамал газар тариалангийн хүрээлэн”-д зочилж, туршлага судлаад иржээ. “Ургамал газар тариалангийн хүрээлэн” нь 1963 онд байгуулагдсан,  газар тариалан эрхлэх шинжлэх ухааны үндэстэй систем боловсруулах, байгаль, цаг уурын өвөрмөц онцлогт тохирсон хөдөө аж ахуйн таримлын арвин ургацтай сорт сонгож шалгаруулах, шинээр бий болгох, хөрсний үржил шимийг дээшлүүлэх арга барилыг боловсруулах үндсэн үүргүүдийг хариуцан ажилладаг юм. "Монгол орны жимс жимсгэнэ, таримал, модлог ургамал, тэдгээрийг үрээр тарих, мөчрийн аргаар үржүүлэх зэрэг ойжуулалтын бүхий л чиглэлээр номын дуу сонсож, мэдлэг туршлагаа нэмсэн. Шинжлэх ухаанд суурилсан, ойн генетикийн маш баялаг нөөц бүрдүүлж ажиллах бидний зорилгод нийцсэн ажлын томилолт байлаа” гэж тус төвийн ажилтнууд онцолжээ.

Ойн генетикийн төв  нийт 3500 гаруй зүйлийн модлог, бутлаг өвслөг ургамлын үр нөөцөлж, бүрдүүлэх зорилготой. Өнөөдөр тэд 100 гаруй кг моносны үр гэрээт байгууллагаас хүлээж аваад цэвэрлэж байна. Бас хайлаас, шар хуайсны үр түүж, цэвэрлээд бэлэн болгосон. Одоогоор хөрс, бордоогоо бэлдэж, моносны үр тарих 15 мянган нүх ухаж, бэлджээ. Мөн энэ намар 2.4 км газарт Монгол сакура гэгддэг гүйлс, бүйлс тарихаар төлөвлөж байна. Энэ бүх ажилдаа бусдын сайн туршлагаас нэвтрүүлээд явах нь уг байгууллагын гол зорилго аж.

                                                                                     Ж.Мөнхцэцэг