Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Нэн түрүүнд  ХАБ 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам,  “Оюу толгой” компани хамтран анх удаа “Уул уурхайн долоо хоног 2022”  буюу  “Mining week” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байгаа. Өнөөдөр эхэлсэн энэхүү хурлын бас нэгэн чухал хэсэг нь  Шангри-ла зочид буудлын   бага танхимд зохион байгуулсан “Нэн түрүүнд аюулгүй байдал” салбар хуралдаан байлаа. “ХАБ” буюу хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд хэнэггүй монгол зан хэрхэвч байж болохгүйг онцолсон гэхэд болно. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд C.Зулпхар “2021 оны жилийн эцсийн байдлаар 253 үйлдвэрлэлийн осол гарснаас 34 нь уул уурхайн салбарт гарсан байна. Энэ бол харамсалтай тоо баримт. Эрдэнэт хүний амь нас хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанаас шалтгаална. Нэг хүний цаана гэр бүл, үр хүүхэд бий. Тиймээс тэднийхээ төлөө хичээж, нэн түрүүнд аюулгүй байдал гэсэн зарчмыг мөрдөн ажиллах нь чухал”-ыг сануулсан юм. Мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа түр  алдсан хүмүүсийн 74 % хувь нь уул уурхайн салбарынхан байна. Уул уурхайн салбар эдийн засгийг хөдөлгөгч гол зүтгүүр болж байгаа ч хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж байгааг анхаарах хэрэгтэй болсныг энэхүү тоо баримт харуулна. Мэргэжлээс шалтгаалсан уушгины тоосжих өвчинд уул уурхайн салбарынхан илүүтэй нэрвэгддэг байна. Рио Тинто группийн ЭМААБООН хариуцсан тэргүүн Анн  Массе “Рио Тинто группийн аюулгүй ажиллагааны төлөвшлийн загвар”-ыг,  Монгол хүний зан үйлд тулгуурласан “Яавал аюулгүй ажиллах вэ?” судалгаа шинжилгээг профессор С,Давааням нар тус тус танилцууллаа. Уул уурхайн салбарын ажил олгогчдын төлөөлөл болж  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий  захирал Г.Ёндон үг хэлсэн. Тэрээр “Монгол орны өнөөгийн хүнд хэцүү нөхцөл байдалд ч баялаг бүтээгчид байнга хөдөлмөрлөн амь нас эрүүл мэнд нь үргэлж анхаарлын төвд байдгийг оролцогч болон сонирхогч талуудад ойлгуулан нэгдмэл ойлголтод хүрэх  нь өнөөдрийн салбар  хуралдааны гол зорилго гэдгийг онцлоод “Mining week” арга хэмжээний үед хэлэлцэгдэх олон сайн туршлагыг хоорондоо солилцон ажил хэрэг болгох, уурхай руу орсон болон уурхайгаас гарсан хүний тоо үргэлж тэнцүү байх ёстой. Үүний төлөө зорилго шийдвэрээ илүү тодорхой болгон ажиллая” гэж уриаллаа. Хамгийн чухал гурван элемент гэж тооцогддог ХЭМАА удирдлагын тогтолцоог Оюутолгой ХХК-ийн  Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, аюулгүй байдал (ЭМААБОАБ) хариуцсан Ерөнхий менежер Филип Абрахам цугласан олонд танилцуулсан нь  олон улсын уул уурхайн жишиг стандартын тухай нэгдсэн ойлголт авахаар цугласан олонд сонирхолтой санагдсаныг нуух юун.                            

                                                                                                                                                           Ж.Мөнхцэцэг