Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

2019-2021 онд уул уурхайн ТӨК-иудын өрийн хэмжээ 4,3 дахин өсжээ.

Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн “ББЗХ” “Монгол улсын төрийн өмчит уул уурхайн  компанийн өрийн бодлого”-ыг  шинжилсэн судалгааны тайлангаа  өнөөдөр олон нийтэд  танилцууллаа. Корпорейт зочид буудалд болсон уг арга хэмжээнд ТББ, уул уурхайн төрийн өмчит компанийн төлөөлөл, уул уурхайн салбарын бодлого судлаачид,  эдийн засагчид, хэвлэл мэдээллийнхэн иржээ.  Байгалийн  баялгийн засаглалын хүрээлэн нь нийтийн эрх ашгийн төлөө байгалийн баялгийг ил тод, үр дүнтэй, хариуцлагатай удирдах засаглалын судалгаа хийдэг, АНУ-д төвтэй олон улсын бие даасан, хараат бус ТББ юм.  

2021 оны эцсийн байдлаар Монгол улсын уул уурхайн томоохон 10 ТӨК-ийн нийт өр төлбөр 6,45 их наяд төгрөг /ойролцоогоор 2,3 тэрбум ам доллар/ байсны 26 хувь нь “өр”-ийн ангилалд багтжээ. Эдгээр компанийн өр төлбөр Монгол улсын ДНБ-ий 15% -ийг дангаар эзэлж байна. Гэтэл дэлхийн бусад улс орны хувьд бүхий л салбарыг хамарсан ТӨК-иудын өр дунджаар ДНБ-ийн 7 орчим хувьтай тэнцүү байдаг. Монгол улсын уул уурхайн ТӨК-иудын тавьж буй өр нь эдийн засгийн  болон төсвийн тогтвортой байдалд ихээхэн эрсдэл дагуулахаар байна. Монгол улсын Засгийн газар уул уурхайн ТӨК-иудын ирээдүйд олох ашгийг барьцаалан  тэдний үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг болохооргүй төслүүдэд хөрөнгө гаргуулж байгаа нь өөрөө асуудал юм гэдгийг  уг судалгааг хийсэн судлаач А. Батпүрэв онцолсон юм. Уг судалгааг Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Тавантолгой, Эрдэнэс Монгол, Эрдэнэс Силвер ресурс, Багануур, Эрдэнэс Метан, Мон-Атом, Монголросцветмет, Шивээ овоо, Эрдэнэс Оюутолгой гэсэн арван төрийн өмчит компанийг хамруулан хийсэн байна. Эдгээр компаниудын ашигт ажиллагаа олон улсын жишгээс хамаагүй доогуур байжээ. Судалгаанд хамрагдсан төрийн өмчит таван уурхайн гурав нь маш бага ашигтай, эсвэл  ашиггүй ажиллаж байна.

2019-2021 онд уул уурхайн ТӨК-иудын өрийн хэмжээ 4,3 дахин өсжээ. ТӨК-иуд ашиггүй байгаа нь ихэвчлэн хэтэрхий их өр тавьсан, хэт үрэлгэн менежментийн зардалтай, төсвөөс гадуурх үүрэг хүлээсний үр дүн юм. Монгол улсын уул уурхайн ТӨК-иудын ашигт ажиллагаа сайжрахгүй, өр нь өссөөр байвал Засгийн газар дахин өрийн хямралд орох эрсдэлтэй. Монгол улсын Засгийн Газар уул уурхайн ТӨК-иудын төсвөөс гадуурх зарцуулалтад хяналт тавьж, ашиггүй ажиллаж байгаа уурхайнуудын үйл ажиллагааг хянах, эргэн харах шаардлагатай  байгааг судалгааны багийнхан онцолж байлаа.

                                                                                   Ж.Мөнх