Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Н.Бямбацогт: УБТЗ-ын тарифийн үнийг нэмж, ачаа барааг эрэмбэлэх шаардлагатай

УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд Н.Бямбацогт УБТЗ ХНН /хувь нийлүүлсэн нийгэмлэг/-ийн үйлчлүүлэгч аж ахуйн нэгж, иргэдтэй өнөөдөр “Ганзам палас”-т  уулзалт  хийлээ. Уулзалтын үеэр төмөр замын тарифийн үнийг нэмэх, мөн ачаа барааг эрэмбэлэх шаардлагатай байгааг мэдэгдлээ. Нэгдсэн уулзалтын үеэр тэрээр “Жилдээ 1 их наяд төгрөгийн борлуулалт хийдэг энэ байгууллагад тулгамдсан асуудал олон байна. Тяньжины ачаа, чингэлэг хоёр жил гаруй, Замын үүд-Эрээн дээр ч ачаа бараагаа авч чадахгүй зургаа долоон сар, экспортын ачаа болох жонш, нүүрс, төмрийн хүдэр бусад ачаагаа гаргаж чадахгүй жил, хоёр жилээр гацдаг. “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээр энэ онд 71 сая тонн ачаа тээвэрлүүлэх хүсэлт ирсэн байна. Гэтэл Улаанбаатар төмөр зам ХНН-ийн өөрийн хүчин чадал нь 14 сая тонн. Үүнийг шийдвэрлэхэд авлигын асуудал яригддаг. Ажлаа аваад есдүгээр сарын 1-нд  УБТЗ ХНН-ийн ажил байдалтай  танилцах үедээ уг асуудлыг шийдэх үүргийг өгч байсан. Энэ хүрээнд Замын-Үүдэд гацаад байсан бүх чингэлгийг татсан. Одоо есдүгээр сарын 10-аас хойших 200 гаруй чингэлэг хүлээгдэж байна. Мөн Улаанбаатар хотод байсан хоосон чингэлгийг гурав дахин бууруулж, ачаагаа аваагүй иргэдийн чингэлгийг шийдэхээр ажиллаж байна. Шахаж шаардаад ажиллавал болдог юм байна.

Төмөр замын хувьд цаашдаа транзит тээврийн хувьд тулгамдсан асуудал бий. Хятад улсад манайх тарифын хөнгөлөлт эдэлдэг бол ОХУ-д тарифын хөнгөлөлт өгдөг. Транзит тээврийн хувьд ачаалал бас үүссэн. Үүнийг цаашид хэрхэн яаж бууруулах вэ? гэдгээ ч шийдэх хэрэгтэй болж байна. 1100 км замтай УБТЗ гэсэн нэг байгууллагатай байсан бол одоо Ханги Мандал, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян гээд олон өмчлөлийн хэлбэртэй төмөр замын нэгдсэн сүлжээ бий болж байна. Эдгээр бүх төмөр замыг нэгдсэн зохион байгуулалтаар хангах шаардлагатай болсон. Удахгүй  УИХ-аар хэлэлцэх “Төмөр замын тухай хууль”-д энэ бүгдийг тусгасан. Энэ бол бидний дунд болон урт хугацаандаа шийдэх, төмөр замдаа баримтлах  бодлогын асуудлууд юм. Богино хугацаандаа гэвэл өнөөдрийн бидний хийж байгаа уулзалт. Ачаа бараа ачуулж байгаа, мөн илгээж, ачаа бараа зуучилж, тээвэрлэж  байгаа байгууллага болон хувь хүмүүст тулгамдсан асуудлыг хурдан шийдвэрлэе, энэ асуудал дээр байдал ямар байгааг харилцан ярилцахаар энэ уулзалтыг зохион байгууллаа” гэв.

Задгай тээвэр зогсож, контейнер тээвэр хийхтэй холбоотойгоор бараа бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт орохоор болжээ. УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үнэ тарифыг нэмэх саналыг Оросын талаас гаргасан гэнэ. Зорчигч тээврийн хувьд УБТЗ ХНН олон жил алдагдалтай тарифаар ажилласаар өнөөг хүрсэн. Улаанбаатараас Эрдэнэт ороход 8100 төгрөг, автобусаар явахад 30 мянган төгрөг. Зорчигч тээвэр нь 60%-ийн алдагдалтай байна. Улаанбаатараас Эрээн ортол нэг вагон ачаа 100 сая, Чойроос Эрээн ортол нэг вагон ачаа 70 сая төгрөгийн ханштай. Энэ бол бага тариф. Тиймээс вагон ачааны тарифаас болж импортын бараа бүтээгдэхүүний үнэ өсөөгүй гэдгийг тодотголоо. Цаашид үе шаттайгаар тарифыг нэмэхээр болжээ.  Эхлээд экспортын ачаа, транзит ачаан дээр тариф нэмж, Улаанбаатар төмөр зам ХНН-ийн парк шинэчлэлийг хийхээр болжээ. Дараагийн шатанд ажилчдын цалинг нэмэх гэнэ.

УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Төмөр замын хувьд аль ачааг түрүүлж ачих вэ гэдгээ эрэмбэлэх хэрэгтэй болсон. Монгол Улсын  эдийн засагт илүү ач холбогдолтой төслүүдийн ачааг түрүүлж ачих шаардлага бий болж байна. Хувийн хэвшлийн хувьд шударга, нээлттэй ил тод гэсэн зарчмыг баримтлах нь чухал. Жишээ нь:  “Монголросцветмет” ТӨҮГ-ын  жоншийг түрүүлж  ачих гэх мэт. Учир нь төрийн өмчит компани нь улсын төсөвт бодитой орлого оруулдаг. Улсын эдийн засаг, төсөв хүндэрсэн энэ үед төрийн өмчит компаниудаа анхаарах ёстой” гэлээ. 

                                                                                                                                                                                                               Ж.Мөнхцэцэг