“Уурхайн хаалт 2022” Олон улсын хурал Австрали улсын Брисбэн хотод 10 дугаар сарын 4-6-ны өдрүүдэд үргэлжлэх юм. 15 дахь удаагийн Олон улсын энэхүү хуралд MERIT төслөөс "Эрдэнэс Силвер Ресурс" ХХК-тай хамтран хэрэгжүүлж буй Салхитын ордын хаалтын төлөвлөгөө боловсруулах жишиг төслийн техникийн багийн төлөөллөөс гадна "Оюутолгой" компани, уул уурхайн судлаач эрдэмтдийн төлөөлөл оролцож байна. Хурлын эхний өдөр MERIT төслийн Канад зөвлөх Майк Поссенти "Салхитын уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөө боловсруулах жишиг төслийн үе шат 1"-ын талаарх илтгэлийг "Эрдэнэс Силвер ресурс" ХХК-ийн хэлтсийн дарга Ч.Болдбаатарын хамт танилцууллаа.
Энэхүү хуралд 22 орны 400 гаруй төлөөлөл оролцож уурхайн хаалтын чиг хандлага, нөхөн сэргээлт, газрын гадаргуугийн хэлбэршүүлэлт, иргэд талуудын оролцоо, уурхайг татан буулгах, экосистемийн загварчлал зэрэг өргөн хүрээг хамран ярилцаж байна. Энэ хуралд судлаач, инженер, хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжийн төлөөлөл гээд бүхий л талууд оролцон санал бодлоо хэлж, туршлага солилцох боломж бүрддэг ажээ.
Ж. Гэрэл