Чадвартай хүний нөөцийг уул уурхайгаас бусад салбарт тогтоон барих нь бодлогын хамгийн том сорилт болж байна
Нэгэн зууны чанадад говь нутгаас олдсон олон янзын үлэг гүрвэлийн олдворуудыг эрдэс чулуулаг, уран дархчуудын бүтээл, соёл ахуй, тэдгээрийн эд өлгийн цуглуулгатай нь танин мэдэж, биширсээр “Говийн байгаль, түүхий музей”-ээс гарахад хэдийнэ гэгээ тасарсан байлаа.
Ар араасаа цуварсан олон хөтөлбөрт шахагдаж явсаар сая л нэг (оройн 9 цаг) хоолны бараа харах боломж гарав. Харамсалтай нь Даланзадгад хот шөнийн “ээлжиндээ” шилжив үү гэмээр нам гүм байх аж. Энд тэнд ганц нэг гялтайх хоолны газрууд нь сүүлчийн үйлчлүүлэгчдээ үдэхээр зэхэж, зочид буудлын маань ресторан хаагдсан байгаа тул дэлгүүрээс өөр найдвар байсангүй. Улаанбаатарын үйлчилгээний хэмнэлд дассан бидний хувьд Даланзадгадад өглөө эрт кофе олж уух, оройдоо ажлын алжаалаа тайлж суух газар олно гэдэг элсэн дотроос зүү эрэхтэй агаар нэг байв. Уг нь сүүлийн жилүүдэд Өмнөговьд үйлчилгээний салбар хөгжиж байгаа гэх боловч зочин гийчин, энгийн иргэдэд төдий л хүртээлтэй биш мэт. Гэхдээ катерингийн гэх мэт үйлчилгээнүүд бас ч гэж түгээмэл болсныг харахад ёстой л уул уурхайгаа дагаж өндийж байна даа гэмээр.
Засгийн газар 2020 онд уул уурхайн 1400 гаруй компаниас нийт 3.2 их наяд төгрөг хүлээж авсан бөгөөд үүний 78%-ийг 10 компани бүрдүүлсэн нь Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын цахим тайлангаар ил тод болжээ. Эдгээр компанийн долоо нь Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тавантолгой”, “Өсөх зоос”, МАК, “Эрдэнэс Тавантолгой” зэрэг тусгай зөвшөөрөл эзэмшигчид юм. Нөгөө талаар, тус аймаг улс, орон нутгийн төсөв бүрдүүлэлт, экспортын орлогыг залгуулахад ийм хэмжээний ачаалал авдаг гэсэн үг. Ийм ачаалалтай удаан явснаас Өмнөговьд “Голланд өвчин”-ий шинж тэмдэг илэрч байгааг аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга О.Эрдэнэ-Өрнөх зургадугаар сард Даланзадгадад “Өмнөговь аймаг ба говийн бүсийн уул уурхай, ил тод байдлын нэгдсэн чуулга уулзалт”-д тавьсан илтгэлдээ хөндөж байсан юм. Уул уурхайн нөлөөлөлд өртөж буй малчдын бухимдал, сум орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулдаг компаниудын итгэл үнэмшил эсрэгцсэн говийн бүсийн чуулганы үеэр “Голланд өвчин”-ий тухай агуулга анхаарал татах сэдэв байв. Уул уурхайгаас хараат болсон эмзэг эдийн засгийн тухай “Голланд өвчин”-ий жишээ улс орны хэмжээнд л яригддаг. Гэтэл экспортын орлогын үүд гэгдэх Өмнөговь аймгийн хүн амын шилжилт хөдөлгөөн, ДНБ-ий статистикийн үзүүлэлтээр өрхийн орлого, эдийн засгийн хөгжил нь уул уурхайн гүнзгий хамааралд ороод буй аж.
Өмнөговийн хүн амын өсөлт, ДНБ-ийг уул уурхай эрчимтэй хөгжиж эхэлсэн 2010 оноос өмнөх ба хойшхи 10 жилээр тооцож үзэхэд энэ дүр зураг илүү тод харагдана. 2001-2010 онд хүн ам нь жилд дунджаар 1.4%, нэг хүнд ногдох бодит ДНБ 14%-иар тус тус өсөж байж. Харин 2011 оноос хойш хүн амын өсөлтийн эрчим өмнөх 10 жилтэй харьцуулахад 60% нэмэгдэж, ДНБ-ий нэг хүнд ногдох бодит өсөлт уул уурхайн идэвхжлээс шууд хамаардаг болсон байна. Ялангуяа, Оюу Толгой, Тавантолгой, Гашуунсухайтын нүүрсний орд байрладаг Ханбогд, Цогтцэций, Гурвантэс сумдад хүн амын шилжилт хөдөлгөөний эрчим бусад сумаас хэд дахин их байдаг аж.
“Энэ нь ард иргэд, айл өрхийн орлогыг алт зэсийн үнэ, боомтоор гарч буй ашигт малтмалын өөрчлөлт тайлбарладаг болсны илрэл” хэмээн О.Эрдэнэ-Өрнөх онцолж байсан. Нөгөө талаар, уул уурхайн бус салбаруудад хүний нөөцөө тогтоон барих нь аймгийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд ихээхэн сорилт болж буй аж. Өнөө маргаашдаа “Голланд өвчин” зовиур багатай байж болох ч дунд болон урт хугацаандаа өмнийн говийн хөгжлийн “хавдар” болж мэдэх эрсдэл байгааг тоо баримт харуулж байна. Хамгийн муу төсөөллөөр тус аймгийн ДНБ 2030 хүртэл 2017-2018 оны түвшинд хадгалагдах магадлалтай. Харин өөдрөг төсөөллөөр одоогийнхоос хоёр дахин тэлэх боломжтой. Тиймээс уул уурхайн гүнзгий хамааралд орсон “Голланд өвчнөө” илааршуулах эмчилгээг аймгийн хөгжлийн бодлогодоо тусгажээ. Тэгэж байж газрын баялгийн орлого говь нутгийг тогтвортой хөгжилд залах учиртай.
Сүүлийн жилүүдэд барилга, санхүү болон зочлох үйлчилгээний салбарт алгуур боловч тэлж буй гэнэ. Харин дунд хугацаандаа зам тээвэр, ложистик, эрчим хүч, аж үйлдвэр, усны хангамж, боловсролын салбарт хийх ажил их байгаа аж. Эдийн засгийн өгөөжөөрөө хамгийн хүртээмжтэй байдаг аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд аймгийн хэмжээнд автозамын гурван том бүтээн байгуулалтыг эхлүүлжээ. Эхнийх нь Өвөрхангай, Өмнөговийг холбосон босоо тэнхлэгийн авто зам. Энэ зам говь, хангай, Хөвсгөлийн аялал жуулчлалын маршрутыг холбоно. Удаах нь, Баруун нарангийн уурхайгаас Цагаан дэл уулын боомт хүртэлх авто замын уул уурхайн бус эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор Даланзадгад, Номгон, Хүрмэн, Ханхонгор сумын төвтэй холбохоор төлөвлөж буй юм. Мөн баруун чиглэлийн буюу аймгийн төвийг Гурвантэс сум, Шивээхүрэн боомтын автозамыг тавьж дуусгахаар ажиллаж буй аж. Автозамын эдгээр сүлжээ нь дотоодын болон хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзжээ.
Үүнээс гадна говь нутагт гадаадын жуулчдын урсгалыг татахаар хүнд даацын агаарын хөлгүүдэд үйлчлэх чадалтай 4D категорийн аэродром бүхий олон улсын нисэх онгоцны буудлыг аймгийн төвд барихаар ТЭЗҮ-ийг нь боловсруулж буй аж. Зам тээврийн салбарт хэрэгжүүлж буй эдгээр ажил аж үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд ач холбогдолтой. Аж үйлдвэрээ авч явахад аймагт тулгамдаж буй нэг том ажил нь эрчим хүчний хангамж. Аймгийн өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг хангах зорилгоор 50 МВт-ын хүчин чадалтай цахилгаан, дулаан хослон үйлдвэрлэдэг дулааны цахилгаан станц барих, Гурвантэс, Ноён, Сэврэй сумыг урд хөршийн эрчим хүчний хамаарлаас гаргахаар ажиллаж байгаа юм байна.
Мөн сүүлийн хэдэн жил сураг тасарсан аж үйлдвэрийн паркийг Даланзадгадад байгуулахаар болжээ. Уул уурхайн компаниудын ханган нийлүүлэлтийг хийх хөнгөн үйлдвэрүүдээ дэмжих, зах зээлд илүү өрсөлдөх чадвартай үйлдвэрлэгч болоход орон нутгийн зүгээс үзүүлж буй бодлогын дэмжлэг аж. Мэдээж усны хангамж, тариалангийн салбараа дэмжих ажлууд багтсан байгаа. Гэхдээ эдгээр ажлыг хэрэгжүүлэхэд хүний нөөцийн хомсдолыг даван туулах, ялангуяа хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт тогтоон барих нь “Голланд өвчин”-ий хорыг тайлах нэг чухал “ерөндөг” болох аж.
З.Цэлмэг