Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

Хүүхдийн паркийг Рио Тинто компани тохижуулна

 

Есдүгээр сарын 7-нд болсон Нийслэлийн ИТХ-ын XV хуралдаанаар ҮСАХ-ийн 10.2 га газрыг нийслэлийн тусгай хэрэгцээнд авч, цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болсон. Тус газрыг тохижуулах ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Рио тинто компани  бүтээн байгуулалтыг хийх юм. Тэгвэл энэ ажил өнөөдрөөс биеллээ олж  “Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнг сэргээн засварлах гурван талт хамтын ажиллагааны санамж бичиг”-т Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Рио Тинто Монгол ХХК, Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн ХХК-ийн удирдлагууд гарын үсэг зурлаа.

 Рио Тинто Монгол ХХК нь Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнгийн баруун жигүүр болох  Хүүхдийн ордноос Нарны зам хүртэлх нийтийн эзэмшлийн 10,2 га талбайг (Зураг дээрх А байршил) иргэд амарч зугаалах, эрүүл, тохилог орчинд чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой, тогтвортой ногоон байгууламж болгон сэргээн засварлана.  Харин Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн ХХК нь  талбайн үлдсэн хэсгийг буюу 6 га талбайд (Зураг дээрх B байршил) үйлчилгээний зориулалтаар, Хүүхдийн паркийн үндсэн агуулга, шинж чанаруудад нийцүүлсэн тохижилт хийхээр болжээ.

 "Рио Тинто Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Амаржаргал “Манай компани нийгмийн хариуцлагын хүрээнд энэхүү төслийг хүн амын талаас илүү хувь нь амьдарч буй нийслэлд амьдрах тав тухтай орчин бүрдүүлэх, гэр бүл, хүн хоорондын харилцааг сайжруулах, тогтвортой, ногоон хөгжлийг дэмжих зорилгоор хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд бид төслийн удирдлагыг бүрэн хариуцаж, амжилттай хэрэгжүүлснээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, тогтвортой хөгжлийг дэмжих жишиг ажил болгох хүлээлттэй байгаа”-г онцлов. Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Дэлхийд нэр хүндтэй, хариуцлагатай компани нийслэлийн иргэдийн амьдралын чанарыг сайжруулж, нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаад талархал илэрхийлье. Цаашид Улаанбаатар хотын ногоон байгууламжийн хэмжээ дэлхийн стандартад хүрэх ёстой. Энэ нь нийслэлийн иргэдийн бие болон сэтгэлийн эрүүл мэндэд чухал ач холбогдолтой юм.” гэв. "Рио Тинто Монгол" ХХК төслийг хэрэгжүүлэх явцдаа олон нийтийн оролцоог хангах, бүтээн байгуулалтад үндэсний компаниудыг оролцуулах зарчим баримталж ажиллахаар төлөвлөжээ. Үүнтэй холбоотой зураг төсөл, гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерийг тус компани хариуцаж зарлах бөгөөд төсөл нийт дөрвөн жилийн хугацаанд үргэлжилнэ. Тухайлбал эхний нэг жилд нь бүтээн байгуулалт, үлдсэн гурван жилд нь арчилгаа хийх. цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг бойжуулах, нөхөн сэргээх ажлуудыг хийнэ. Ийнхүү гурван талт хамтран ажиллах санамж бичиг байгуулснаар цаашид Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнг сэргээн засварлахтай холбоотой ажлууд шат дараатай хийгдэж, 2023 оны эхний хагаст бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр болжээ.

ҮСАХ-ийн бүтээн байгуулалт тэртээ 1950-иад оноос эхэлж, тухайн үеийн оюутан залуус,  байгууллагууд салбар бүрээрээ идэвхийлэн оролцож мод тарьж байсныг ахмадууд өдгөө ч дурсдаг. Тэдний залуу насны дурсамж бүтээн байгуулалтыг агуулсан энэ газар өдгөө эргээд сэргэх цаг айсуй. 

                                                                                                Ж.Мөнх