Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

Нүүрсний хулгайг хязгаарлах эхлэлийг тавилаа

Өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаас нүүрсний экспортын талаар хэд хэдэн зохицуулалт хийснийг  Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан билээ. Тэрээр нүүрсний олборлолтоос эхлээд ачилт, тээвэрлэлт, хилээр гарч экспортлох  хүртэлх бүхий л үйл явцыг цахимжуулахаа мэдэгдэв.

Өнөөдрийн хувьд  Энержи ресурсээс  бусад хувийн хэвшлийн уурхайнууд  ихэнхдээ нүүрсийг уурхайн аман дээрээс зарж байгаа гэхэд болно. Энержи ресурс ХХК-ийн хувьд нүүрсээ баяжуулж, тээвэрлэлтээ ч өөрсдөө хийснээр үйл ажиллагаа бүртээ нэмүү өртөг шингээж байгааг дурдахгүй өнгөрч болохгүй.

 “Өнөөдөр уурхайн амнаас нүүрсийг тонн тутамдаа 71 ам.доллароор худалдан авч байна. Харин хил дээрхи үнэ  129 ам.доллар. Цаашид нүүрсээ хил дээрхи үнээр худалдахаар зохицуулалтыг хийнэ” гэж Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдэв. Хоёр дахь зохицуулалт нь нүүрсний бүх гэрээг цахимжуулж, түүнийхээ дагуу хилээр гарахаар болжээ.  Цахимжуулсан гэрээн дээр заасан нөхцлийн дагуу нүүрсийг экспортод гаргаж, уурхай дээр олборлосон нүүрс хилээр ачигдаад гарах хүртэлх бүх үйл явцыг  цахимаар бүртгэнэ. Нүүрсний гэрээгээ бүртгүүлээгүй машиныг хилээр гаргахгүй.

 Манай сэтгүүлд нүүрсний хулгайн талаар “Тэрбум долларын гэрээгээр чимээгүй урсах баялаг” нийтлэл гарсныг уншигч та бүхэн санаж байгаа биз ээ. “Хоёр долларын гэрээ”-г хаах эхлэл ийнхүү тавигджээ.  /... Хилийн цаана хоёр доллароо авна. Арван сая тонны гэрээнээс  хорин сая доллар халаасанд нь “чимээгүйхэн” ороод ирнэ. https://www.mongolianminingjournal.com/a/72400

 Манай гаалиар гарсан тоо баримт, Хятадын гаалийн албан мэдүүлэгтэй зөрж байна гэдгийг ажил байдалтай нь танилцсан Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдэгдэж  байсан билээ.

Засгийн хийсэн дараагийн зохицуулалт нь нүүрсийг биржээр худалдаалахаар тогтжээ. Энэ тогтолцоо руу 2023 оны нэгдүгээр сарын 1-ны өдрөөс шилжих юм.  ...Баялгаа  урьдчилан зарж борлуулах байдлаар гэрээ хийнэ гэдэг байж болох гэрээ хэлцлийн бүхий л хэлбэрээс хамгийн муу хувилбар нь... https://www.mongolianminingjournal.com/a/72400

Юутай ч Л.Оюун-Эрдэнийн засаг удаан хугацаанд бугшсан нүүрсний хулгайтай тэмцэхээр ийнхүү зоригтой алхмуудыг хийж эхэлсэн нь сайшаалтай. Түүний дараагийн алхам юу бол?

                                                                                                        Ж.Мөнх