“Геологийн судалгааны төв”, “Геологийн төв лаборатори ТӨҮГ”-ыг нэгтгэн “Геологи, судалгаа шинжилгээний төв” нэртэй төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болгон, өөрчлөх тухай Засгийн газрын 317 дугаар тогтоол энэ оны наймдугаар сард гарсан. Харин өнөөдөр "Геологийн төв лаборатори” ТӨҮГ-ын ажилчид үүнийг эсэргүүцэн хэвлэлийн бага хурал хийлээ. “Засгийн газрын тогтоолыг эсэргүүцэж байгаадаа биш, харин тогтоолыг хэрэгжүүлэхэд гарах хүндрэл, хөндөгдөх эрх ашгийн асуудлыг бид ярихаас өөр аргагүй” гэж тус байгууллагын ҮЭ-ийн хорооны дарга С. Биндэрьяа мэдэгдлээ.
1967 онд байгуулагдсан тус байгууллага Монгол Улсын болон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн анхны лаборатори юм. 1986 онд чанарын удирдлагын системийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлсэн, 2000 онд ISO-17025 чанарын стандартыг нэвтрүүлж 2005 онд ХБНГУ-ын итгэмжлэлийн байгууллагаас 43 оронд хүлээн зөвшөөрөгдсөн итгэмжлэлийг авсан анхны лаборатори болж байжээ. Геологийн төв лаборатори гэдэг сайхан нэрээ түүхийн хуудаснаас арчуулмааргүй байна гэж хэвлэлийн хуралд оролцсон байгууллагын ахмадууд өгүүлж байна.
Ж.Мөнхцэцэг