Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Б.Чинзориг: Экспортын бүтээгдэхүүнд тавигдах шаардлага өндөрсөж байна

“Эрдэс боловсруулалт-2022” олон улсын онол практикийн бага хурал энэ сарын 21-нд болохоор бэлтгэл ажлаа хангаад байна. Тус хуралтай холбогдуулан Монголын Ашигт Малтмал Баяжуулагчдын холбооны Ерөнхийлөгч Б.Чинзоригтой ярилцлаа. 

“Эрдэс боловсруулалт” олон улсын онол практикийн хурлаас ярилцлагаа эхэлье. Уриаг харахад эрдэс баялгийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, улмаар хөгжилд хөтлөх нэг чухал хөшүүрэг гэдгийг тодотгосон санагдлаа. 

Манай Монголын Ашигт Малтмал Баяжуулагчдын Холбоо 1998 онд байгуулагдсан цагаасаа хойш гишүүддээ үйлчлэх, уул уурхайн баяжуулалтын салбарт гарч ирж байгаа дараах асуудлуудад өөрсдийн байр сууриа илэрхийлж, нэгдсэн бодлоготойгоор хэрэгжүүлж ирсэн. Үүнд:
    техник технологийн дэвшлүүдийн талаар харилцан санал солилцох, 
    тэдгээрийн үр дүнгүүдийг хуваалцах, үүний үндсэн дээр баяжуулах үйлдвэрүүдийн хөгжлийг хангах, 
    ялангуяа олон улс, дэлхийн зах зээл дээр гарч ирж байгаа хэрэглэгчийн чанар стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг хангах нөхцөл боломжийг бүрдүүлэх, 
    улс орны экспортын гол орлогыг нэмэгдүүлэх гэх мэт олон ажлууд багтана. 

Дээрх бодлогын хэрэгжилтийг хангах нэгэн томоохон талбар нь энэхүү “Эрдэс боловсруулалт” хурал юм. Анх гишүүдийн дунд зохион байгуулагдаж байсан бол 2014 оноос олон улсын түвшинд зохион байгуулж, Монголын баяжуулагчдыг олон улсын инженерүүдтэй хөл нийлүүлэн алхах боломжийг бүрдүүлж өгсөн гэж үздэг. Хурлаар шинэ туршилт, судалгааны ажлуудын үр дүнг харилцан солилцох, шинэ техник технологийн шийдлийг судлах, хамтран ажиллах замаар өөрсдийн туршлагыг нэмэгдүүлэх, үйлдвэрийн тогтвортой үйл ажиллагааны байр суурийг бэхжүүлэх нөхцөл боломжуудыг эрэлхийлж ирсэн. Миний хувьд, Монголын баяжуулагчид өнөөдөр зөвхөн үйлдвэр дээрээ байх биш, баяжуулагчдын ололт амжилтыг дэлхийн хэмжээнд олон улсын инженерүүдтэй хуваалцах түвшинд нэгэнт хүрчихсэн гэж үздэг. 2022 оны 10 дугаар сарын 21-ны өдөр манай холбоо, зургаа дахь удаагийнхаа “Эрдэс боловсруулалт-2022” олон улсын онол практикийн хурлыг "Эрдсийн баялгаас-Эдийн засгийн хөгжилд..."  уриатай явуулж байгаа нь ч дээрх дэвшүүлсэн бодлогоо дахин нэг шат ахиулж, “Үйлдвэрийн хөгжил-Улсын хөгжил”-д шууд хувь нэмэр оруулдаг гэдгийг илэрхийлэх зорилгыг давхар агуулж байгаа юм.

Өнөө жилийн бага хурал өмнөх хурлаасаа ямар онцлогтой вэ. Ямар өөрчлөлтүүд шинээр орж ирж байгаа вэ?

За, энэ асуултад хариулахын тулд эхлээд жаахан тодруулга хийе. Ер нь цаг үеэ дагаад аливаа бараа бүтээгдэхүүний чанар, стандартууд маш огцом өөрчлөгдөж байна. Үүнтэй холбоотойгоор уул уурхайн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд тавигдах шаардлагууд  ч өөрчлөгдөхөөс өөр аргагүй. Нөгөө талаас, ашигт малтмалын ордыг иж бүрэн ашиглах хуульчлагдсан асуудлыг хангахад баяжуулах үйлдвэр онцгой байр суурийг эзэлнэ. Тухайлбал, Ашигт малтмалын зах зээлийн үнийн өсөлтөөс шалтгаалан бага агуулга хүдэр, бохирдол ихтэй нүүрсний орд ашиглалтыг эдийн засгийн эргэлтэнд үр ашигтайгаар оруулахад баяжуулах үйлдвэрийн технологийн шинэчлэл, сайжруулалт тасралтгүй хийгдэж, бэлтгэгдэж байдаг.

Хамгийн наад захын жишээгээр зөвхөн нүүрсийг аваад үзэхэд, олборлоод шууд экспортод гаргадаг байсан бол өнөөдөр агаарын бохирдол, дэлхийн дулаарал, хүн амын эрүүл мэнд  болон бусад хүчин зүйлтэй уялдуулах хэрэглэгчийн шаардлага гарсан. Мөн дэлхийн томоохон улс орнуудын хэрэглээний бүтэц өөрчлөгдсөнөөс хамаараад экспортын бүтээгдэхүүнд тавигдах шаардлагууд хүссэн хүсээгүй өндөрсөөд эхэлж байна. Үүний цаана бид дэлхийн зах зээлд нийлүүлэх бүтээгдэхүүнээс олох орлогын хэмжээг бууруулахгүй байх үүднээс нүүрсийг зайлшгүй баяжуулах, улмаар боловсруулах шаардлага гарч ирж байгаа юм. 

Зэсийн баяжмал дээр л гэхэд манай улс зах зээлээс үнэ хүлээн авагч гэдгийг мартах учиргүй. Иймд бүтээгдэхүүний чанарыг өндөр борлуулах түвшинд байлгаж байж л борлуулалтын орлогыг хадгалах, ялангуяа экспортоос орж ирж байгаа валютын нөөцийг бүрдүүлэхэд манай салбар гол үүргээ гүйцэтгэнэ. 

Баяжуулалтын техник технологийн дэвшил гэдэг нь ялангуяа ордын дундаж агуулгын бууралт, уул геологийн болон бусад үзүүлэлтүүд нь хүндэрч байгаа нөхцөлд баяжмалынхаа стандарт шаардлагыг хангах бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийг тасралтгүй боловсруулж байх туршилт судалгааны ажлын үр дүнд гарч байдаг. Мөн ижил төстэй орд түшиглэсэн үйлдвэр ашиглалтад орж байгаа тохиолдолд олон улсад шинээр бий болж байгаа дэвшилтэт технологийн хүрээнд бүтсэн тоног төхөөрөмжүүдийг шилжүүлэн нутагшуулахад онцгой анхаарах зайлшгүй шаардлага байна. 

Ийм учраас МАМБХолбоо гадаад харилцааны тал дээр өнгөрсөн зургаан жилийн хугацаанд нэлээд анхаарч, үүнд чиглэсэн бодлого барьж ажиллалаа. Энэ хүрээнд зардлыг хэмнэх, илүү өндөр үр ашигтай, байгаль орчинд аль болох сөрөг үр дагавар багатай техник тоног төхөөрөмжийг шилжүүлэх чиглэлд цаг үеийн нөхцөл байдлыг харгалзах шаардлага, зорилгыг өмнөө тавин ажиллаж байна. Эдгээр олон асуудлуудад цогцоор нь хариу  хүлээж  байгаагаараа энэ удаагийн хурал онцлог болно гэсэн хүлээлт байгаа. 

Баяжуулах үйлдвэрлэлийн эрх зүйн орчин, түүний зохицуулалт манай улсад хэр бүрдсэн бэ. Тулгамдсан ямар асуудлууд байна вэ?

Ашигт малтмал баяжуулах үйлдвэрүүдийн эрх зүйн орчин гээд тусгайлан бие даасан дүрэм журмууд харьцангуй хязгаарлагдмал байсан. Сүүлийн жилүүдэд өмнө нь ярьсан хэрэгцээ шаардлагууд гарснаар хууль эрх зүйн орчны шинэчлэл, сайжруулалт зайлшгүй хэрэгтэй болсон. Иймээс УУХҮЯам, АМГТГ, МАМБХолбооны хамтарсан ажлын хэсэг 2017, 2018 онд баяжуулах үйлдвэрүүдийн төлөөлөгчидтэй хэлэлцүүлэг зохион байгуулсан. Үүний үр дүнд 2019 онд “Баяжуулах үйлдвэрүүдэд тавигдах шаардлага, үйл ажиллагаа эрхлэх журам” гэж бие даасан эрх зүйн баримт бичиг батлагдан мөрдөгдөж байна. Энэ ажилд манай гишүүд маш өргөн хүрээтэй оролцсон. Үүний дараахан, өмнө нь 1980-аад онд үйлдвэрлэл дээр мөрдөгдөж байсан ч шинэчлэн, сайжруулах шаардлагатай байсан “Ашигт малтмалыг баяжуулах, боловсруулах үйлдвэрийн аюулгүй ажиллагааны дүрэм” 2020 онд шинэчлэгдсэн батлагдсан. 

Цаашид орд түшиглэсэн болон бие даасан үйл ажиллагаа эрхэлж баяжуулах үйлдвэрүүдийн хувьд ч эрх зүйн орчныг бүрдүүлэх, тэр дундаа татвар хураамжтай холбоотой болон эрх зүйн орчны асуудлууд тасралтгүй сайжруулж явах шаардлагатай байна. Иймээс эхний ээлжинд татварын, цаашилбал баяжуулах үйлдвэрүүдэд тавигдаад буй хүндрэл бэрхшээлтэй асуудлуудыг шийдвэрлэхэд хууль эрх зүйн орчинд тусгуулах шаардлагатай асуудлуудыг бид энэ удаагийн хурлын эхний хэсэгт хэлэлцүүлэхээр бэлдсэн. Үүний үр дүнд дараа дараагийн шатны Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгад холбогдох зүйл, заалтаар тусгагдаад явах санаа гарч ирэх байх гэж найдаж байгаа. 

Манай улсын баяжуулах үйлдвэрт ажиллах хүчнээ хангалттай бэлдэж чадаж байгаа юу, ажиллах хүч дутагдалтай байна уу? 

Ашигт малтмал баяжуулалтын технологи-инженер мэргэжлээр хүний нөөцөө дотооддоо бэлдээд бид өнөөдөр 30-аад жил болж байна. 1993 онд анх ашигт малтмал баяжуулалтын технологи мэргэжлээр ШУТИС-ийн Уул уурхайн сургуульд анхныхаа элсэлтийг авч эхэлсэн. Эдүгээ 1998 онд төгссөн, анхны төгсөгчид үйлдвэрлэл дээр 25 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд зөвхөн ШУТИС-аар тогтохгүй, Эрдэнэт, Дарханы Технологийн сургууль, бусад хувийн их, дээд сургуулиудад бэлдсэн 2,000 орчим баяжуулагч инженер бүртгэлтэй байдаг. Олон улсад бэлтгэгдсэн 300 орчим баяжуулагч инженер бий гэсэн судалгаатай байгаа. Хэдий тасралтгүй бэлдэж байгаа ч үйлдвэрийн өсөлт, цар хүрээ тэлэлттэй уялдахаар үндсэн эрэлтээ төдийлөн хангаж чадахгүй байгаа нь ажиглагдаж байна. 

Манай баяжуулагч инженерүүд зарим уурхайнуудад очиход гадаадын мэргэжилтнүүдтэй зохих түвшинд, зарим нь бүр илүү түвшинд ажиллаж байгааг олон жишээгээр бахархалтайгаар хэлж чадна. Гэхдээ энэ нь сэтгэл ханах зүйл биш. Өөрөөр хэлбэл, нэгэнт бэлтгэгдсэн хүний нөөц маань ажлын талбарт, цаашилбал бусад судалгаа шинжилгээний чиглэлд, мөн мэргэшсэн болон зөвлөх инженер болтол өөрийгөө тасралтгүй хөгжүүлж байх хэрэгтэй. Энэ тал дээр Монголын ашигт малтмал, баяжуулагчдын холбоо тасралтгүй анхаарч, ажиллаж байгаа. 

Үүний зэрэгцээ, цаг үеийн шаардлагаар сургалтын хөтөлбөрүүдийг тогтмол сайжруулж байх шаардлага тулгардаг. Энэ нь технологийн хурдацтай хөгжлөөс ихээхэн хамаарч байна. Бидний өнөөдөр шинээр нэвтрүүлж байгаа технологи 10-15 жилийн дараа нэлээд хоцрогдох шинжтэй болж эхэлнэ. Тэгэхээр энэ хурдацтай хөгжилтэй хөл нийлүүлж алхах нь манай хүний нөөц бэлдэх бодлогод томоохон байр суурь эзлэх ёстой юм. Иймд энэ асуудлыг ч МАМБХолбоо зорилгынхоо хүрээнд онцгой анхаарч ажиллаж ирсэн. Цаашдаа ч анхаарч, бүх үйл ажиллагааныхаа нэг хэсгийг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байгаа. 

Өмнө нь баялгаа тэр чигээр нь гаргадаг байсан бол одоо баяжуулах, боловсруулах, өртөг шингээх, зөвхөн дамжуулах биш ядаж хагас боловсруулъя гэдэг байдлаар хардаг боллоо. Яамны бодлого ч мөн боловсруулалтыг чухалчилж эхэлсэн. Ер нь уул уурхайн салбараа бид өндөр өгөөжтэй болгоё гэвэл баяжуулах, боловсруулах гэдэг дээр илүү анхаарах хэрэгтэй юм байна. Энэ ойлголтыг бэхжүүлэхгүй бол цаашдаа дэлхийн зах зээлд худалдан авагчгүй ч болох эрсдэл ч бий. Энэ талаарх таны байр суурийг сонсмоор байна?

Та маш чухал асуудал хөндөж тавилаа. Баярлалаа. Ашигт малтмал баяжуулалт гэдэг эрдэс баялгийн салбарын олон үе шат, дамжлагуудын нэг хэлхээ нь. Эдгээр хэлхээний аль нэг нь тасалдахад эрдэс баялгийн салбар бүхэлдээ доголдоно. Үүний гол үндсэн зорилго нь экспортын бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, түүнийхээ хэрээр орлогоо нэмэгдүүлэх, зардлаа бууруулах, үр ашиг дээшлэх зэрэг нийгэм-эдийн засгийн олон талын ач холбогдолтой. Мөн баяжуулах технологийн процесст орж ирж байгаа урвалж бодис буюу химийн асуудлын хувьд байгаль орчинд хамгийн бага нөлөөлөл үзүүлэх, эргээд үйлдвэрийн бүсээс тархвал хүн болон мал, амьтны эрүүл мэнд, ахуйн нөхцөлд сөрөг үр дагавар учруулахааргүй байх, хор хохирлыг удирдаж болохуйц хэмжээнд, байгаль орчинд задрах түвшинд гэх мэтээр олон талын үр дүнгүүдийг гаргаж ирж байгаа нь тогтвортой хөгжлийн дэлхийн нийтийн үндсэн шаардлагыг хангаж байгаа хэрэг. Ийм учраас энэ удаагийн “Эрдэс боловсруулалт-2022” хурлаар олон, олон шинэ дэвшилтэт технологиудын танилцуулгууд хийгдэхээр байгаа. Энэ техник технологийн шилжилт, өөрчлөлт нь 2024 он хүртэл хадгалагдаж, дараа дараагийн гарч ирж байгаа бүтээгдэхүүнүүдэд харьцуулалт хийх үндсэн суурь бааз бүрэлддэгээрээ давуу тал олгодог.
 

Сэтгэгдэл (1)

  • DR ADITYA (197.211.58.29)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2022 оны 10 сарын 24 | Хариулах