Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байр суурь

“Эрдэнэс Тавантолгой”-г онилсон засгийн шийдвэр

Төлбөрийн тэнцлийн хямрал нэгэнт нүүрлэснийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д  (10.26-наас)  тогтоо­сон зургаан сарын хугацаатай онцгой дэглэм харуулна. Энэ бол гэнэтийн мэдээ. Тус компа­нийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын өнгөрсөн хавар үг “цухуйлгасан” нүүрсний экспортоос хулгай хийдэг гэх бүлэглэлийг  шалгах ажил ийнхүү  эхлэв. Гадаад валютын Монголд орж ирэх урсгалыг нэмэгдүүлэхэд Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолын дагуух онцгой дэглэм туслана гэж засаг үзжээ. Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэр дотор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулж, орлогыг нэмэгдүүлнэ гэсэн өгүүлбэр тодорхой бий.

Сангийн яам энэ ажлыг бүрэн хариуцаж ажиллах юм. Төлбөрийн тэнцлийн хямрал Монголд гурав дахиа “дэгдэж” эдийн засгийн нөхцөл байдал хаашаа эргэж байгааг сэтгүүлч  Ц.Элбэгсайханы нийтлэлээс харагдана. Ямартаа ч “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бүх оффтэйк гэрээг нууцаас гаргаж, ил болгоно гэдгээ Засгийн газрын Хэрэг эрхлэх, газрын дарга Д.Амарбаясгалан тодорхой илэрхийлж. Оффтэйк гэрээ буюу урьдчилсан нөхцлөөр нүүрсээ зарж борлуулах, бартердах үйл ажиллагааг “Эрдэнэс Тавантолгой” компани зохион байгуулж байсныг Засгийн газар шууд хяналтдаа оруулж, ирэх сараас бүх гэрээг ил болгохоор ийнхүү ажилдаа орлоо. Хамгийн гол нь, экспортод гарч буй нүүрсний ихэнхийг оффтэйк гэрээнүүд эзэлж байгаа тул Засгийн газраас бэлэн мөнгөөр борлуулалт хийх чиглэл өгч байгаа юм.

Төлбөрийн тэнцлийн хямралаас гарахын тулд Засгийн газраас оффтэйк гэрээ хийхийг зогсоохоор шийдвэрлэсэн нь олон улсын байгууллагуудын өгсөн зөвлөмжтэй холбоотой ажил гэдгийг шинжээчид хэлж байсан. Оффтэйк гэрээнүүдтэй холбоотой асуудал  нэг өдөр “сенсаци” болох нь тодорхой байсан гэж хэлж болно. Энэ талаар “Трансперенси интернэшнл Монгол” ТББ-ын хараат бус зөвлөх Д.Тэгшбаяртай хийсэн ярилцлагыг MMJ-ээс уншина уу. Коксжих нүүрсний хамгийн том экспортлогч  “Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит компани есдүгээр сарын дүнгээр 587 орчим сая ам.долларыг Монголбанкинд төвлөрүүлсэн ба 1.860 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ. Эдгээр мөнгийг оруулж ирэх үүргийг засаг “Эрдэнэс Тавантолгой” компанид өгөв. Оны төгсгөлд мөн хүлээгдэж буй гүйцэтгэлээр  300 орчим сая ам.доллар төвлөрүүлэх боломжтойг компанийн зүгээс тайлбарлаж байгаа. Тийм болохоор асуудлыг илүү нухацтай авч үзэж, гэрээ хийсэн талуудтай яриа хэлцэл өрнүүлэх, экспортод гарч байгаа нүүрсний хуваарилалт, борлуулалт, ачилтад менежмент хийх байдлаар бэлэн мөнгөөр борлуулалт хийвэл 500 сая ам.доллар төвлөрүүлэх боломжтой болох юм.

Юутай ч Засгийн газрын шийдвэрийн маргааш нь ажлаа өгсөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал  Б.Ганхуяг  тус компани 2022 онд 1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, татварт 800 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлнэ” гээд “Эрдэнэс Тавантолгойн хөрөнгө оруулсан төслүүд, гарсан шийдвэр, оруулсан хөрөнгийн тоон хэмжээ, борлуулалттай холбоотой  худал маш олон мэдээлэл явж байна. Үүнийг шалгаж нягтлаад, нэг тоон мэдээлэлтэй болох шаардлагатай” хэмээн хэвлэлээр үгээ дайв. Үнэхээр төр, засгийн өндөр албан тушаалтнуудын хэлээд байгаа шиг ЭТТ нүүрсний хулгай хийв үү, үгүй юу гэдэг зургаан сарын дараа тодорхой болох бололтой. 

Эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаа энэ цаг үед  2023 оны улсын төсвийг хууль тогтоох байгууллага хэлэлцэж байна.  Түүхэндээ анх удаа 20 их наяд төгрөг давсан төсөв өргөн баригдаад байгаа ба танах боломжгүйгээ Сангийн яам илэрхийлсэн. Төсөв хэт их тэлэлттэй, дотоодын нийт бүтээгдэхүүний 30-40%-тай байхад мөнгөний бодлого үр дүнтэй хэрэгжихэд хэцүү. Ийм нөхцөлд мөнгөний бодлого явуулах төвөгтэй. Мэдээж хэрэг, хамгийн хүндрэлтэй нь дээр дурдсан төлбөрийн тэнцэл.

Бондуудаа төлж чадахгүй бол Монгол Улс дефолт зарлах эрсдэлтэй тулна. 2023 онд  3 тэрбум орчим ам.долларын бонд төлнө. Монголбанк үүний бэлтгэл ажлыг хариуцаж таарна. Валютын нөөцийн хувьд манай улсад одоогоор 2 тэрбум ам.доллар байна. Бондыг дахин санхүүжүүлэх байдлаар төлье гэтэл хүү нь 35%-тай байх жишээтэй. Төсвийн алдагдлын 2 их наядыг санхүүжүүлэх бонд, Шинэ сэргэлтийн бодлогыг санхүүжүүлэх 2-3 их наядын бонд, 1.5 их наядын Засгийн газрын баталгаа гэх зэргээр яривал 2 тэрбум орчим ам.доллар болно. Үүн дээр Монголбанкны 3 тэрбум ам.долларын зээлийг нэмбэл бараг 5 тэрбум ам.доллар шаардлагатай. Ийм нөхцөлд дахин бонд гаргахаас илүүтэй Олон улсын валютын сангийн хөтөлбөрт орох л хаалга нээгдэнэ. Ирэх оны эдийн засгийн төлөв байдал ямар байх талаар эдийн засагч Г.Батзоригтой хийсэн ярилцлагыг The Mongolian Mining Journal-аас хүлээн авч уншина уу. Иргэдийнхээ худалдан авах чадварыг богино хугацаанд огцом унагаж эдийн засгаа маш хүнд нөхцөл рүү оруулсныг эдийн засагч дурдаад, Гашуунсухайтын төмөр замыг эдийн засгаа бүхэлд нь золиосолж барьсныг ил шулуухан өгүүлжээ. Мөн  Ц.Баасансүрэнгийн  “Эрсдэл дүүрэн ирэх оны ганц аврал нь нүүрс” нийтлэл хэвлэгдлээ. Мөнгөний бодлогоо дэмжсэн, алдагдалгүй  төсөв батлагдаж байж эдийн засгийн гүн хүндрэлд оролгүй тэсч үлдэх нь  Монголын өнөөдрийн тулгамдсан асуудал юм. Ирэх онд Засгийн газар хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулах замаар экспортыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллах төлөвлөгөөтэй.  Энэ хүрээнд голлох боомтын дэд бүтцийн ажлуудыг дуусгаж, автомат удирдлагат чингэлэг тээврийн терминалыг бүрэн ашиглалтад оруулах юм. Мөн Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын холболтыг хийж гүйцэтгэн, ирэх онд нүүрсний экспортын хэмжээг 36.5 сая тоннд хүргэхээр тооцож.  Төсөвт зэсийн зах зээлийн үнийг тонн тутамд 8,400.0 ам.доллар байхаар тооцоолж, уул уурхайн салбарын орлого 2023 онд 4,909.5 тэрбум төгрөгт хүрч, төсвийн нийт орлогын 25 орчим хувийг бүрдүүлэхээр байгаа юм. Төсвийн хэлэлцүүлэг УИХ-аар хэрхэн өрнөж, эдийн засгаа аврах төлөвлөгөө хэрэгжихийг л харах үлдэж байна.

                                                                                                                                                                            Г.Идэрхангай