“Эрдэнэс Тавантолгой” ХК-д томилогдон ажиллаж байгаа Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат өнөөдрөөс эхлээд тус компанийн бүхий л мэдээлэл ил тод, нээлттэй болсныг мэдэгдэн хэвлэлийн хурал хийлээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны даргаар н.Болортуяа томилогдон ажиллаж байгааг танилцууллаа. Тус компанийн ett.mn сайтад “ЭТТ нээлттэй уурхай” цэсийг шинээр нэмжээ. Уг цэсээс олборлолтын гэрээ болон гэрээний, тээврийн нэгдсэн мэдээллийг олж харах боломжтой. Ж. Ганбат " Энэ цэсийг цаашид баяжуулж, байнга мэдээллээр хангаад явна. Энэ дэд цэс дээр уурхайгаас ачигдаж байгаа нүүрсний хэмжээ, нүүрсийг ямар компаниуд худалдаж авч, тээвэрлэж байгаа болон олборлож байгаа тухай ил тод байна. Өнөөдрийн байдлаар 30.497 тонн нүүрсийг 265 тээврийн хэрэгслээр ачсан. Өмнө нь ачилтын компанийн мэдээлэл хаалттай байлаа. Өнөөдрийн байдлаар 13 худалдан авагч нүүрс тээвэрлэж байна. Tender.gov.mn дээр худалдан авалтын бүх мэдээллүүдийг ил болгосон. Оффтэйк гэрээ "Эрдэнэс Тавантолгой" компанид дөрөв бий. Гэхдээ энэ гэрээ Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөл, Богд хаан төмөр замын төсөл, Нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөл, Газрын тос дамжуулах хоолой барих төсөл санхүүжүүлэх байдлаар нүүрсээ худалдан борлуулах нөхцөлтэйгөөр урьдчилж мөнгөө авсан байгаа. Энэ хүрээнд Засгийн газар шийдвэр гаргаж, энэ дөрвөн төсөл дээр оффтэйк гэрээ байгуулсан.
Нэг нь маш нууцын, нөгөө нь нууцын зэрэглэлтэй байгаа тул мэдээллийг дэлгэрэнгүй өгөх боломжгүй. Оффтэйк гэрээгээр томоохон төсөл хөтөлбөр санхүүжүүлдэг нийтлэг жишиг бий.
Төсөл хөтөлбөртэй холбоотой бус дахин дөрвөн оффтэйк гэрээ байна. "Чалко" зэрэг дөрвөн том компанитай хийсэн. 2011 оноос хойш "Чалко" компанитай гэрээ байгуулж, оффтэйк буюу нүүрсээ урьдчилан зарж борлуулах нөхцөлтэйгөөр хамтарч ажилласан. 2022 онд авсан гэрээний мөнгө байна. Зарим нь төрийн өмчит компани бол зарим нь Хятадын хувийн хэвшлийн гэрээтэй компаниуд байна. Одоогийн байдлаар 45 сая ам.долларыг эдгээр дөрвөн компаниас авч, 605 сая тонн нүүрсээ ачуулахаар гэрээ хийсэн байна. Бусад арилжааны гэрээ гэвэл 100.000-1 сая тоннын хэмжээтэй коксжих нүүрсний 27 гэрээ, 20-300 мянган тоннын эрчим хүчний нүүрсний 109 гэрээ байна. Энэ бол бизнесийн зарчмаараа явж байгаа. Гэрээнүүдийг ил болгохын тулд худалдан авагч талаас зөвшөөрөл авдаг. Тэр зөвшөөрлийг авч дууссаны дараагаар бүх мэдээллийг ил тод болгоно.
Ж. Гэрэлт