Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хэлэлцүүлэг

“Уул уурхайн салбарт нээлттэй өгөгдлийн сайн жишгийг тогтоох нь”  хэлэлцүүлэг болно

Олон улсын санхүүгийн корпорацийн Хөгжлийн төлөө ил тод байдал хөтөлбөрөөс  зохион байгуулж буй “Уул уурхайн салбарт нээлттэй өгөгдлийн сайн жишгийг тогтоох нь” олон талт оролцогчдын хэлэлцүүлэг маргааш Новотел зочид буудлын хурлын танхимд болно. Энэхүү хэлэлцүүлэгт мэдээлэл хариуцагч байгууллагууд болох Ашигт малтмал, газрын тосны газар, Үндэсний геологийн алба, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Байгаль орчны мэдээллийн төв, Сангийн яамны Орон нутгийн хөгжлийн сангийн хэлтэс, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын  Хуулийн этгээдийн бүртгэлийн газар, Авлигатай тэмцэх газар, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын ажлын алба болон уг мэдээллийг ашиглагч ТББ-ууд болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцох юм.

2022 оны 5 сарын 13-ны өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Олон улсын санхүүгийн корпораци хооронд орон нутгийн иргэдэд тустай дата, мэдээллийг нээлттэй өгөгдлийн стандартын дагуу хэвлэн нийтлэхэд техникийн туслалцаа үзүүлэх, хамтран ажиллах санамж бичиг зурсан. Энэ ажлын хүрээнд ОУСК-ийн дата шинжээчид уул уурхайн салбарын 10 гаруй байгууллагын цахим хуудсаар ил тод болж буй 40 гаруй төрлийн өгөгдлийн бүрдлийг жагсааж, нээлттэй өгөгдлийн стандартын үнэлгээ өгч, мэдээлэл хариуцагч байгууллагуудтай техник уулзалтуудыг хийсээр иржээ. Мөн уул уурхайн мэдээллийг идэвхтэй ашигладаг 30 гаруй байгууллагаас тэдгээр дата, мэдээлэл хэр зэрэг ач холбогдолтой талаар онлайн санал асуулгыг ч авсан байна. Энэхүү судалгааны үр дүнг танилцуулах юм. Мөн  нээлттэй өгөгдлийн стандартаар  зайлшгүй нийтлэх шаардлагатай мэдээллийн жагсаалтыг танилцуулж, оролцогч талуудтай хэлэлцэх, хамтарч хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах зорилгоор энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулжээ. Хэлэлцүүлгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд О.Батнайрамдал нээж, Төрийн нээлттэй өгөгдөл, Хууль эрх зүйн орчин, шинэчлэлийн талаар  Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал илтгэл тавих юм. Энэ хэлэлцүүлгийн үр дүнд мэдээлэл гаргаж байгаа байгууллагууд болон мэдээлэл ашиглагч нарын дунд нэгдсэн ойлголт бий болж, нээлттэй өгөгдлийн стандартын талаар мэдлэг ойлголт дээшилнэ. Хамгийн гол нь орон нутгийн иргэдэд хэрэгцээтэй байгаа уул уурхайн салбарын өгөгдлийг стандартын дагуу хэвлэн нийтлэх боломж бүрдэх юм.

                                                                                   Ж.Мөнх