Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хэлэлцүүлэг

Маргаан гарах үед мэдээллийн эрэлт нэмэгддэг

Нээлттэй мэдээллийн тухайн хуулиар мэдээлэл хариуцагч байгууллагын 68 төрлийн мэдээллийг  байнга, ил тод, нээлттэй байдлаар нийтлэх үүрэг хүлээсэн. Үүний 25 нь уул уурхайн салбарт хамаарах мэдээ мэдээлэл эзэлдэг байна.

ОУСК-ийн “Хөгжлийн төлөө ил тод байдал” хөтөлбөр, УУХҮЯ –наас хамтран зохион байгуулж буй  “Уул уурхайн салбарт нээлттэй өгөгдлийн сайн жишгийг тогтоох нь”  хэлэлцүүлэгт мэдээлэл хариуцагч байгууллагууд болох Ашигт малтмал, газрын тосны газар, Үндэсний геологийн алба, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Байгаль орчны мэдээллийн төв, Сангийн яамны Орон нутгийн хөгжлийн сангийн хэлтэс, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын  Хуулийн этгээдийн бүртгэлийн газар, Авлигатай тэмцэх газар, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын ажлын алба болон уг мэдээллийг ашиглагч иргэний нийгмийн байгууллагууд болон хэвлэл мэдээллийн төлөөлөл /11.10/ оролцлоо. Тэд уул уурхайн салбарын мэдээ, мэдээллийг хэрхэн сайжруулах талаар хэлэлцүүлэг өрнүүлэн, Дэлхийн банк болон МУИС-ийн нээлттэй өгөгдлийг хэрэгжүүлсэн сайн туршлагатай танилцсан юм. Өнөөдөр хандалт багатай байгаа мэдээлэл хэрэггүй гэсэн үг биш. Маргаан гарах үед тухайн мэдээллийн эрэлт эрс нэмэгддэг болохыг иргэний нийгмийн төлөөлөл хэлж байсан юм.

Дата мэдээллийг сайтдаа оруулснаар уг мэдээлэл нээлттэй гэсэн үг хараахан биш. Нээлттэй өгөгдлийн бүтцийн чанар ямар байхаас хамааран өгөх өгөөж нь нэмэгддэг байна. Өнөөдөр Америк, Европын орнууд, Азиас Солонгос  улс нээлттэй өгөгдлөөр тэргүүлж байна. Эдгээр орнууд  таван одтой өгөгдөл руу хэдийнээ шилжжээ. Таван одтой нээлттэй өгөгдөл нь үндэсний хэмжээнд хүртэл холбох боломжтой. Уул уурхайн яамны нэг дата мэдээлэл Сангийн яамны өөр нэг мэдээлэлтэй зуун хувь холбогдох боломжтой болгон өөрчлөгдөх тэр технологийг таван одтой нээлттэй өгөгдөл олгодог байна.

Харин манай улсын хувьд ихэнх нээлттэй өгөгдөл нь лицензгүй эсвэл PDF файлаар байдаг. Энэ хэлбэрээр байх нээлттэй өгөгдлийг нэг одоор үнэлдэг аж.

ОУСК-ийн “Хөгжлийн төлөө ил тод байдал” хөтөлбөрөөс  уул уурхайн салбартаа  судалгаа хийжээ. Уул уурхайн мэдээлэл судлаачаас эхлээд энгийн нэгэн малчин харахад эдгээр мэдээлэл ойлгомжтой байх нь нэн тэргүүний зорилго. Гэтэл энэ салбарын бүрэн мэдээллийг авахын тулд олон сайтын мэдээллийг харах хэрэгтэй болдог. Олон вэбсайтад төрөл бүрийн форматаар ил тод болж байгаа энэ мэдээллийг хэрхэн богино хугацаанд нээлттэй мэдээлэл болгон хүмүүст хүргэж үр ашгийг нэмэгдүүлэх вэ? гэсэн зорилгоор уг судалгааг хоёр хэлбэрээр хийжээ. Уул уурхайн мэдээллийг түгээж байгаа төрийн байгууллагууд нөгөө талаас уг мэдээллийг ашиглагч иргэний нийгмийн байгуулага болон хэвлэл мэдээллийн дунд судалгаа явуулсан байна. Уул уурхайн салбарын ямар мэдээллийг нээлттэй өгөгдөл болговол ямар асуудлыг шийдэх боломжтой вэ? гэж эрэлтийг тодорхойлж, нөгөө талаас төрийн байгууллагуудын хувьд тухайн эрэлтэд нийцсэн нээлттэй өгөгдөл бэлтгэхэд ямар хүндрэл гарч байгааг асууж лавлажээ.

Судалгааг хийхдээ мэдээллийг эрэмбэлсэн байна. Өндөр эрэлттэй өгөгдлийн бүрдэлд орон нутгийн төсөвт төлсөн татвар, байгаль орчны нөхөн сэргээлт байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, хандив, шинээр олгосон тусгай зөвшөөрөл, газар ашиглалт, ОҮТБИС-ын тайлагнасан байдал, усны ашиглалт, ОНХС зэрэг нийт 37 өгөгдлийн бүрдлийг өндөр ач холбогдолтой гэж судалгаанд оролцогчид дүгнэсэн байна.

                                                                                             Ж.Мөнх