Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Сангийн сайдад “Чингис” бондын өрийн үлдэгдэл төлбөр болох 136 сая ам.долларын гүйлгээг шилжүүлэх эрх олгосон захирамжид гарын үсэг зурсан байна. Монгол Улс “Чингис” бондын 1.5 тэрбум ам.долларын өрийг бүрэн төлж барагдуулж байна” гэж Ерөнхий сайд мэдэгдлээ.
“Чингис” бондын 1.5 тэрбум ам.долларын хүүгийн төлбөрт 2012 оноос энэ оны зургадугаар сарын 5-ны хооронд нийт 542.9 сая ам.долларын төлбөрийг төлжээ. 2022 оны арванхоёрдугаар сард 3.4 сая ам.долларыг “Чингис” бондын сүүлийн хүүгийн төлбөрт төлж байна.
Хөгжлийн банкнаас олгосон зээлийн эргэн төлөлтийг 2022 оны 1 дүгээр улирлаас эхлэн Монголбанкан дахь Төрийн сангийн иений тусгай дансанд байршуулж эхэлжээ.2022 он гарснаас хойш ам.доллартай харьцах иенийн ханш 20-иод хувиар суларч 1990 оноос хойших түүхэн доод түвшинд хүрсэн байгаа нь иен худалдан авах таатай нөхцөлийг бүрдүүлсэн байна. “Самурай” бондын үндсэн төлбөрийг төлөхөд шаардлагатай иений нөөцийг бүрдүүлснээр иений ханшийн эрсдэлийг удирдах зорилгоор гадаадын банк, санхүүгийн байгууллагатай байгуулдаг санхүүгийн үүсмэл хэрэгслүүдийн зардлыг хэмнэж ажиллах боломж ч бүрджээ “Самурай” бондын үндсэн төлбөр болох 30.0 тэрбум иен нь өнөөгийн ханшаар нийт 751.5 тэрбум төгрөг бөгөөд Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтөөр бондын үндсэн төлбөрийг бүрэн төлөх боломжтой боллоо.
“Самурай” бондын төлбөрийг бүрдүүлснээр хөрөнгө оруулагч болон олон нийтэд Монгол улсын Хөгжлийн банканд итгэх итгэлийг нэмэгдүүлэх ач холбогдолтойг онцолсон. Хоёрт, өчигдрийн жагсаалтай холбоотой шаардлагад хариу өгөх нь зүйтэй гэж үзэж байна. Нийт 20 орчим шаардлага ирүүлснийг багцалбал 14 шаардлага болж байна.
Манай Засгийн газар Хөгжлийн банкны хулгай, Оюутолгойн гэрээ хэлэлцээртэй холбоотой хулгай луйврыг ичилсэн. Оюу толгой асуудлыг гарган тавьж, амжилттай яриа хэлэлцээ хийж, их хэмжээний өр үүсэхээс сэргийлж чадсан. Эрдэнэт үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохой үйлдвэрийн булхай луйвар, түүнтэй холбогдсон хууль хяналтын байгууллагынхныг ил болгосон. Энэ асуудал хууль, шүүхий байгууллагаар шийдэгдэх ёстой.
Засгийн газраас өнгөрсөн есдүгээр сард "Эрдэнэс-Тавантолгой" ХК дээр онцгой дэглэм тогтоож, нууц гэрээнүүдийг ил болгох шийдвэр гаргасан. Энэ компани байгуулагдсан цагаасаа хулгай луйвар явж ирсэн. Байгуулсан 178 гэрээ шударга шалгуураар явсан эсэхийг нягтлах зүйл их бий. Оффтейк гэрээтэй холбоотой асуудлыг шалгаж, энэ компанийн үйл ажиллагааг олон улсын жишгээр, биржийн үнээр бүтээгдэхүүнээ худалдан борлуулах шаардлага үүссэн. С зөвшөөрөл, бөмбөлөг тээврийн үйл ажиллагаа ямар нөхцөлд, хэрхэн хийгдэж байгааг шалгах шаардлага байгаа юм. Хилээр гаргаж байгаа нүүрсний агуулга, хэмжээ зөрсөн асуудлыг шалгах зайлшгүй шаардлага үүссэн. Ийм ч учраас онцгой дэглэм тогтоосон. Хамгийн амаргүй ажил нь энэ байх болно. АТГ, ЦЕГ-аас ажлын хэсэг гарч шалгаж байна. Иргэдийн жагсаалыг өдөөн турхирч, зарим нь энэ асуудлыг юу ч биш болгох далд санаа агуулж байгаа нь харагдаж байна. Энэ асуудал дээр жагсагчид томоохон саналуудыг гаргаж тавьсан. Нүүрсний хулгайн асуудалд хариуцлага тооцох шаардлагыг хүчтэй тавьсан. Би Оюутолгой, Хөгжлийн банк, Эрдэнэт үйлдвэр, Дархан төмөрлөгийн үйлдвэрийн асуудлыг шийдсэн шигээ нүүрсний хулгайн асуудлыг шийднэ. Харин ард түмэн та бүхэн шүүх, хуулийнхныг анхааралтай ажиглаарай. Эрх зүйт төрийн дагуу удахгүй энэ асуудал шийдэгдээд явна.
Өчигдөр болсон жагсаалыг нүүрсний хулгайч нар өөр зүйл болгох гэж оролдсон. "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн хуучин удирдлагууд болон МОАХ-ын үе үеийн удирдлагууд жагсаалыг эргүүлэх гэж оролдсон. Амь нь давчдаж байгаа хүмүүс өнөөдөр өөрсдөө нүүрсний хулгайн асуудлаар хамгийн их мэдээлэл гаргаж тавьж байна. Тэр хүмүүст хандаж хэлэхэд, би тэмцлээсээ сөөм ч ухрахгүй. Нүүрснээс хулгайлсан мөнгөө цацаж байх шиг байна. Гэхдээ Монгол Улсын Засгийн газар нүдтэй, чихтэй, чадамжтай гэдгийг мэдэгдье.
Гуравт, жагсагчдаас өчигдөр тогтолцооны өөрчлөлт хийх саналыг гаргасан. Энэ асуудлыг намын удирдах түвшинд, төрийн өндөрлөгүүд нэлээд ярьсан. Бид өнөөгийн тогтолцоогоороо 30 жил явлаа. Сөрөг хүчин, жижиг намууд хүчтэй биш байна. Парламент бол ард түмний жинхэнэ төлөөллөөс бүрдсэн, ард түмний итгэлийг хүлээсэн байх ёстой. Иргэд бидний сонгосон төлөөллүүд биднээс хол гэдгийг хэлж байна. Өөрөөр хэлбэл, УИХ төлөөллийн үүргээ биелүүлж чадахгүй байдал руу явж байна. Тиймээс улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагуудтай зөвшилцөж, тогтолцооны шинэчлэл хийх шаардлага үүсэж байна. Үндсэн хуульт байгууллагын тогтолцооны өөрчлөлтийн асуудлыг ярина гэсэн үг. Жагсаалыг хараад олон намын тогтолцоотой байх агуулгыг хөндөхгүй бол өнгөт хувьсгал болж ч магадгүй юм байна гэсэн болгоомжлох бодол надад төрсөн.
Монгол Улсын Ерөнхий сайд, эрх барьж байгаа намын даргын хувьд тогтолцоог шинэчлэх асуудлаар үндэсний хэмжээний зөвшилцөл хийх хэрэгтэй гэж үзэж байна. Надад ийм түүхэн үүрэг ирж байна гэж харж байна. Намын удирдах зөвлөлийг хуралдуулж, энэ асуудлыг ярилцсан. Үдээс хойш улс төрийн намын удирдлагуудтай уулзаж ярина. Нийгэм том агуулгаар нь тогтолцооны шинэчлэлийг хүлээн зөвшөөрвөл Ерөнхий сайдын хувьд манлайлан ажиллана. Тогтолцооны томоохон шинэчлэл эхэлбэл ард түмэндээ дахин сонгох эрхийг нь өгнө. Сонгодог парламент бол хүчтэй Ерөнхий сайд, Засгийн газартай байхыг хэлдэг. Үүнийг Монголын ард түмэн, улс төрийн намууд дэмжих байх" гэлээ.
Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба