Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

ТӨСВӨӨС ТОГТОЖ ХАРАХ ӨӨРЧЛӨЛТҮҮД

 Ирэх оны төсвийн төлөвлөгөөнд гадаад орчны таагүй байдал аргагүй сүүдэр тусгалаа. Гадаадын шууд хөрөнгө оруулалт татарсан, экспортын үүд нь “Тэг ковид” хорионд үе үе өртөж, өндөр инфляцын шуурганд цохиулж буй Монгол Улс ирэх оны төсвөөр “Шинэ сэргэлтийн бодлого”-оо дэмжих оролдлого хийв. Харамсалтай нь, олон жил алдагдалтай баталж, улстөрчдийн тойргийг “услахад” зориулагдсаар ирсэн төсөвт үр ашигт байдал тийм амархан тогтохгүй бололтой.

 Ирэх оны төсөв 18.9 их наяд төгрөгийн орлоготой, 20.4 их наяд төгрөгийн зарлагатай. ДНБ-ий 2.8%-тай тэнцэх буюу 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар батлагдав. УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн төсвийг санхүүжүүлэх гадаад эх үүсвэр ховор байгаа тул алдагдлыг бууруулах боломж хумигдсан гэдгийг хэлсэн юм.

ДАЛД УУРХАЙГ ДАГАСАН ЭДИЙН ЗАСГИЙН ИДЭВХЖИЛ

 Юм л бол “нохойд барьдаг мод” гэдэг шиг ирэх оны эдийн засгийн зуднаар уул уурхай л “хүрзээ” бариад гарах нь ойлгомжтой боллоо. Бусад салбарын хувьд өндөр инфляц болоод төсөв, мөнгөний хатуу бодлогын сүүдэрт “жиндсэн” хэвээр байхыг төсвийн “төлгөн”-д буулгажээ. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг цар тахлын өмнөх 2019 оны түвшинд хүргэхийн тулд Засгийн газар боомтуудын нэвтрэх чадварыг сайжруулж, газрын тос боловсруулах үйлдвэр, эрчим хүчний мега төслүүдээ эхлүүлж үр дүнд нь ДНБ-ий өсөлтийг таван хувьд хүргэнэ гэж тооцоод буй. Гэхдээ Оюу Толгойн далд уурхайг дагасан эдийн засгийн идэвхжлээс бусад нь одоохондоо төсөвт орлогыг биш зарлагыг л тэлж байгаа нь үнэн.

 Эрх баригчид татварын орлогыг 17 их наяд төгрөгөөр төлөвлөсөн нь өмнөх оныхоос 3.4 их наяд төгрөгөөр нэмэгдүүлсэн дүн. Эдийн засаг саарч, аж ахуйн нэгжүүд маань чардайж байхад Төрийн ордонд суугаа эрхмүүд татварын орлогоо ингэж “хийдүүлэн” төсөөлснийг шүүмжлэхээс өөр яах билээ. Энэхүү төсөөллийг нь бодит болгох хүндэт үүрэг хүрз барьсан уурхайчдад л ногдов. Тэд татварын орлогын 29%-ийг төвлөрүүлэх журамт үүрэгтэй.

 Макро бодлогын шинжээчдийн хэлж буйгаар ирэх онд манай улсын экспортын гол түүхий эдүүдийн ханш саарах аж. Зэсийн ханш тонн нь 8800 ам.доллараас буурч 8400, алт унц нь 1830 ам.доллар, төмрийн хүдрийн үнэ энэ оныхоос 20 гаруй хувиар үргэлжлэн саарах, коксжих нүүрсний үнэ тонн 338 ам.доллараас 220 ам.доллар болно гэж 2023 оны төсөвт тооцжээ. Тиймээс Засгийн газар өөдрөг төсөөлөлтэй орлогоо залгуулахын тулд ашигт малтмалын бүтээгдэхүүний биет хэмжээг нэмэгдүүлэхээр ажиллаж буй. Гаалийн хяналтыг сайжруулж хилээр гарч буй баяжмалын дээж болгонд лабораторийн шинжилгээ хийснээр уул уурхайн татварын орлогоо бүрдүүлэх боломжтой гэж үзэж байгаа юм.

 Боомтын шинэчлэлээр нэн тэргүүнд ирэх онд Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг холбох, голлох боомтуудын болон боомт хүртэлх дэд бүтцийн ажлуудыг дуусгаж, шинэ технологи нэвтрүүлж, автомат удирдлагатай чингэлэг тээврийн үйл ажиллагааг эрчимжүүлэх замаар нүүрсний экспортоо эрчимжүүлэх аж. Мөн нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад буй Цагаандэл[1]Уул, Хавирга боомтыг нээх үйл ажиллагааг эхлүүлж, экспортын гарцыг нэмэгдүүлнэ гэж үзэж байгаа нь хэрэгжих болов уу.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛЫН АЧААЛАЛ ЭРС НЭМЭГДЭВ

 Хэдийгээр шинэ төсөл эхлүүлэхгүй гэж байгаа ч 2023 оны төсөв өмнөх жилүүдээс илүү хөрөнгийн зардлын ачаалалтай байх аж. Хөрөнгийн зардал нийтдээ 5.3 их наяд төгрөгөөр хэмжигдэж байгаа нь түүхэндээ хамгийн өндөрт тооцогдож байна. Үүнээс 2.7 их наядыг барилга байгууламж, тоног төхөөрөмж, ТЭЗҮ боловсруулах гээд он дамжсан хөрөнгө оруулалтын зардлууд бүрдүүлж буй. Гэхдээ түгжрэлийг бууруулах үүрэгтэй томилогдсон шинэ сайдад ирэх онд 318 тэрбум төгрөгийг нийтийн тээврийн парк шинэчлэлд зарцуулахаар болсон нь “шинэ” гэх тодотголтой дөрөвхөн төслийн хамгийн өндөр дүнтэй нь.

 Сүүлийн долоон жилийн төсвийн гүйцэтгэлийн дата мэдээллээс харахад хөрөнгө оруулалтын зардал сонгууль угтаж нэмэгддэг жишиг харагдаж байна. 2017 оноос хойших төсвийн гүйцэтгэлийг авч үзвэл 2019 онд буюу УИХ-ын сонгуулийн өмнөх жил төсвийн хөрөнгө оруулалт эрс нэмэгджээ. Тэр жил нийт хөрөнгө оруулалтынх нь гуравны хоёрыг шинэ төслүүд эзэлж байв. Хөгжлийн бодлоготойгоо уялдахгүй, нэр дэвшигчдийн тойрог услах зарчмаар явагдаад байгаа нь хөрөнгө оруулалтын үр ашгийг үгүй хийж байгааг мэргэжилтнүүд шүүмжилдэг. Гэсэн хэдий ч эрх баригчид энэ хэцүү цагт мөн л “шинээр санхүүжүүлэхгүй, шилжих төслүүдээ л дуусгана” гэдэг халхавч үгээр үр ашиггүй төслүүдээ зүтгүүлэхээр шийджээ. Ирэх оны төсөвт нийт 1059 төслийг санхүүжүүлэхээр төлөвлөснөөс бараг 65-70 орчим хувь нь он дамжин хэрэгжиж буй төслүүд эзэлж байгаа юм.

 Гэхдээ эерэг тал нь гэвэл “өмнөх оноос шилжин хэрэгжиж буй төсөл, арга хэмжээг дуусгах чиглэлийг баримталсан нь хөрөнгийн ашиглалтыг сайжруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих эхлэлийг тавьсан арга хэмжээ” хэмээн Үндэсний аудитын газар дүгнэжээ. Төсөл, арга хэмжээний 51.9% нь орон нутагт, 30.1% нь нийслэлд, 18% нь улсын хэмжээнд хэрэгжих аж.

 Онцлон хэлэхэд, төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиггүй байдлыг халахын тулд ирэх оноос зураг төсөвгүй төслүүдийн санхүүжилтийг төсөвт суулгахыг эрс хориглов. Ялангуяа, зам тээвэр, барилгын салбарт хавтгайрсан энэ үзэгдлийг халахаар болж, ирэх оноос хэрэгжих зураг төсвийн санхүүжилтийг нэгдсэн байдлаар Сангийн яам хариуцахаар 80 тэрбум төгрөгийг төсөвт суулгажээ.

ОНХС-НД ТӨВЛӨРДӨГ АМНАТ-ЫН ОРЛОГЫГ 2 ДАХИН НЭМНЭ

Уул уурхайн төслүүдийн орон нутагт үлдэх өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий хэд хэдэн зохицуулалт ирэх оны төсөвт суув. УУХҮЯ-ны Судалгаа, хөрөнгө оруу[1]лалтын газрын Статистик, судалгааны хэлтсийн дарга Б.Дэлгэржаргал ОҮИТБС-ын Зүүн бүсийн аймгуудын олборлох салбарын ил тод байдлын чуулганы үеэр энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Тухайлбал, ирэх оноос ОНХС-нд АМНАТ-ын орлого хоёр дахин, мөн А болон Х тусгай зөвшөөрлийн төлбөр, газрын тосны нөөц ашигласны төлбөрийн орлого, АМНАТ-ын гэсэн дөрвөн төрлийн татвар төлбөрийн орлогын 30%-ийг сум, дүүргийн ОНХС-д төвлөрүүлдэг байсан бол ирэх оноос 50%-ийг төвлөрүүлэхээр болжээ. Түүнчлэн ААНОАТ-ын 40%-ийг тухайн аймаг, нийслэлд, газрын төлбөр, ХХОАТ, үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг 100% сум, дүүргийн төсөвт төвлөрдөг зохицуулалт хийсэн байна.

 Харин Ашигт малтмалын тухай хуульд аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутгийн захиргаатай байгуулдаг гэрээг ил тод болгох, ажлын байрыг дэмжих, орон нутгийн захиргаанд өгсөн хандив дэмжлэг, тусламжийг ОНХС-д авах нэмэлт өөрчлөлтийг тусгажээ. Тухайлбал, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч, түүний туслан гүйцэтгэгч компаниудад гадаад ажилчдын тоог 10%-иас ихгүй байлгах, нийт монгол ажилчдын 5%-иас багагүй хэсгийг тухайн сум дүүргийн иргэд байх гэсэн зохицуулалтыг Ашигт малтмалын тухай хуулийн 43.1.1, 43.1.2-т оруулжээ.

 Хэрэв 43.1.2 дахь заалтыг биелүүлэхгүй бол “сул” ажлын байр тутамд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төлбөрийг сар бүр төлөх аж. Харин хамтын ажиллагааны гэрээний орлогыг хавтгайрсан байдлаар зөвхөн ОНХС-нд төвлөрүүлнэ гэдэг зохицуулалт бодит амьдрал дээр амжилттай хэрэгжинэ гэдэг эргэлзээтэй. Орон нутгийн гэрээ бол орон нутаг уул уурхайн өгөөжөө хүртэх, нөгөөтэйгүүр компанийн хувьд ч нутгийн захиргаатай ойлголцож, төслөө тогтвортой үргэлжлүүлэх хөшүүрэг болдог. Ховд, Өмнөговь, Дорноговь, Төв гээд уул уурхайн анхаарлын төвд байдаг аймгуудын хувьд Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд төвлөрсөн орлогыг хүлээж авдаг бие даасан сангуудтай. Сангийн үйл ажиллагаа нь төсвөөс гадуур, төрийн бус байгууллагын тухай хуулиар зохицуулагддаг. Хөрөнгө оруулалтын квоттой, хөгжлийн бодлоготойгоо уялдуулж зарцуулалтаа төлөвлөдөг жишиг тогтоосон сангууд. Эдгээр сангуудыг яасан нь дээр гээд байгаа юм бол?

 Уул уурхайн орон нутагт хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх нь Засгийн газар хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалт татахад чухал. Гэсэн хэдий ч төсөл хэрэгжүүлэгчдийн тогтвортой үйл ажиллагаа явуулах ашгийг хөндөхгүйгээр, орон нутгийн бие даасан байдлыг үгүйсгэхгүйгээр шийдэх гарц байгаагүй гэж үү?

                                                                                               З.Цэлмэг          / November 2022. № 011 (168). /