Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, техникийн ухааны доктор, ШУТИС-ийн хүндэт профессор, зөвлөх инженер Д.Дондов
Монгол Улсад орчин үеийн уул уурхай үүсч хөгжсөн 100 жилийн хугацаанд энэ салбарын хөгжил дэвшилд асар том өөрчлөлт гарсан. 1922 онд хүрз жоотуугаар зэвсэглэн уулын малталт, ухалтын ажлыг явуулдаг, жилдээ 800 тн нүүрс олборлодог Налайхын нүүрсний уурхайг улсын мэдэлд авч байсан тэр үеэс хойш Монгол Улсын уул уурхайн салбар одоо цагийн өндөр хүчин чадлын тоног төхөөрөмжөөр хангагдсан, бүрэн механикжиж автоматчлагдсан уул уурхайн олборлолт, боловсруулалт, баяжуулалт, тээвэр логистикийн иж бүрдэл бүхий улс ардын аж ахуйн тэргүүлэх салбар болсон байна. Энэ бол төр засгаас уул уурхайн салбарын хөгжил дэвшлийг хангах олон арга хэмжээг дэс дараалалтай байнга авч хэрэгжүүлж байсны үр дүн гэж миний бие үздэг. Ирэх зуунд, түүнээс цааших олон зуун жилд манай уул уурхайн эрдэс баялаг монгол хүний, Монголын ард түмний амьдрах хэрэгцээг хангах гол эх үүсвэр байх болно. Ирэх зуунуудад уул уурхайн салбарт техник, технологийн шинэ хувьсгалууд гарч ирэх нь ойлгомжтой.
Ашигт малтмалыг иж бүрэн, бүрэн гүйцэд ашиглах технологи, газрын доорх “Хүнгүй ашиглалтын технологи” зэрэг шийдлүүд гарахын дээр далай тэнгисийн ёроолоос эрдэс баялаг олборлох үйл явц өрнөх төлөвтэй байна. Тэрч байтугай сансар гаригаас эрдэс баялаг олборлох үйл явц өрнөх магадлал өндөр байх болно. Энэ бүх ирээдүй цагийн үйл явдлуудад монгол уурхайчид хамтран ажиллах хувь тавилан бий гэдэгт миний бие итгэлтэй байдаг. Нэгэн зүйлийг онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Эх орны газрын хэвлийн эрдэс баялаг, ашигт малтмалыг одоо эх орондоо амьдарч байгаа цөөхөн монголчууд бид зөвхөн өөрсдөдөө зориулан одоо сайхан амьдарна гэх бодол хүслийг нэлээн сайтар тунгаан бодох хэрэгтэй юм.
Бид хойч үедээ дараа дараагийн зуун жилүүдэд амьдрах үр хүүхэд удам угсаатандаа “юм” үлдээх үүрэгтэй гэдгийг мартаж хэрхэвч болохгүй. Эрдэс баялаг, ашигт малтмал байнга хорогдож байдаг, дахин шинээр бий болдоггүй байгалийн хувь тавилантай “эд” гэдгийг бүү март, үргэлж санаж явагтун гэж хэлэхийг хүсэж байна. Өвөг дээдсээс өвлөгдсөн эх орны минь алтан хэвлийд хадгалагдсаар ирсэн үнэт баялгийн нөөцийг эрж хайх, олборлох, баяжуулах, боловсруулах үйл хэрэгт манлайлан улс орныхоо хөгжил, цэцэглэлт, ард түмнийхээ сайн сайхан амьдралын төлөө эрдэм мэдлэг, авьяас чадвараа зориулж чин шударгаар хөдөлмөрлөж ирсэн үе үеийн уурхайчид, ахмадууд, салбарын нийт хамт олон Та бүхэндээ Монгол Улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Монголын яруу алдарт уурхайчин Та бүхэнд болон танай гэр бүл, хамт олонд аж жаргал, амжилт бүтээл, эрүүл энхийг хүсэн ерөөе.