Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

М.Буянбадрах:  Гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхэд давхардуулсан АМНАТ саад болж байна

The Mongolian Mining Journal. Nov.2022

Монголын хүнд үйлдвэрийн эрдэс холбоо ТББ-ын Гүйцэтгэх захирал М.Буянбадрахтай Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөртэй холбоотой асуудлаар MMJ-ийн сэтгүүлч Г.Идэрхангай  ярилцлаа.

Баяжуулах, боловсруулах үйлд­вэ­рүүдийн төлж байгаа АМНАТ бодит байдалтай нийцэхгүй байна гэж үйлдвэрлэгчид үзэж байна. Энэ асуудал Үндсэн хуулийн цэц дээр ч яригдаж, шийдвэр гарч байсан шүү дээ? 
Газрын доорх эрдэс баялаг Үндсэн хуулиар “төрийн нийтийн өмч”. Төрийн нийтийн өмчийг ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй этгээд олборлодог. Дэлхийд байга­лийн баялгийг ашигла­хын тулд “royalty” төлдөг. Монгол Улсад үүнийг АМНАТ гэж нэрлэдэг. АМНАТ төлөгдсөний дараа олборлогч тухайн тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж баялгаа ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, бусдад зарж борлуулж болно. Ашигт малтмалын тухай хуулиар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч АМНАТ төлдөг байсны дээр 2019 оны гуравдугаар сард хуульд гэнэт  нэмэлт, өөрчлөлт оруулан экспортлогчийг төлөгч болго­сон. Энэ нь явсаар Үндсэн хуулийн цэц дээр унаж  2019 оны арваннэгдүгээр сард Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулсан юм.  Гэхдээ хуулийг өөрчлөхдөө өмнөх шатны АМНАТ-ийг хасч байгаа тул давхардалгүй болголоо гэж тайлбарлаад хуулийг батлуулсан. Өөрөөр хэлбэл, уурхайгаас олбор­лосон АМНАТ шингэсэн хүдрийг баяжуулах үйлд­вэр  экспортод гаргахад уурхайд төлсөн АМНАТ-ийг хасдаг болгож НӨАТ-ын загварт оруулан УИХ-аар давхар­далгүй гэж батласан юм. 

Энэ нь бодит амьдрал дээр нийцдэггүй. АМНАТ бол  хүдрийн олборлолт, баяжуулалт, боловсруулах шатанд нэг удаа төлдөг татвар. 
Ашигт малтмалын тухай хуулийн 47.7-д хүдэр, баяжмал, бүтээгдэхүүнд АМНАТ-ийг давхардуулалгүйгээр ногдуулах үндсэн зарчим байсан. Энэ зарчмыг 2019 онд Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулахдаа өөрчилсөн нь өнөөдөр асуудал дагуулсаар байгаа юм.  
     
Баяжуулах үйлдвэрүүдийн экс­портлосон баяжмалыг олон улсын зах зээлийн үнээр тооцдог болсон нь тэдний үйл ажиллагаанд илт сөргөөр нөлөөлөх болсон. Ийм өндөр үнээр гэрээ хийж чадахгүй байгаагийн гол учир юу вэ? 
Олборлогчийн төлсөн АМНАТ бол дотоодын борлуулалтын үнээр байдаг. Гэтэл баяжуулагчийн экспортлосон баяжмалыг олон улсын зах зээлийн үнээр тооцдог болсон. Олон улсын зах зээлийн үнээр гэдэг нь, тухайлбал төмрийн хүдрийг 75 ам.доллараар экспортлоход танай компани үүнийг 120 ам.доллараар экспортлосон гэж үзээд АМНАТ-ийг 5+3% буюу 8%-ийн татвар авдаг. Энэ 8%-ийн татвараасаа уурхайн төлсөн АМНАТ-ийг хасахаар бодит хасалт болохгүй байгаа юм. Олон улсын зах зээлийн жишиг үнээр буюу ийм өндөр үнээр бид яагаад зарж чаддаггүй юм бэ гэдгийг бодох ёстой. Төмрийн хүдрийн тухайд Хятад улс  хамгийн том импортлогч. Бразил, Канад зэрэг орнуудаас хүхэр багатай, их хэмжээний төмрийн хүдэр нийлүүлдэг. Бид тэдний жишиг үнээр татвар төлдөг болсон нь хүндрэлтэй. Монголын баяжуулах үйлдвэрүүд ийм өндөр үнээр гэрээ хийж чадахгүй байгаагийн учир нь Хятадын жижиг үйлдвэрлэгчид л бидэнтэй холбогддог. Тэд манай төмрийн хүдрийг хүхэр ихтэй,  тээвэрлэлт найдваргүй, үйлдвэрлэлийн хэрэгцээг хангаж чаддаггүй, тогтмол биш гэж үздэг. 

Төмрийн хүдэр дээр дагалдах металлуудыг манай үйлдвэрүүд ялгаж авах боломжгүй. Үүн дээр бас АМНАТ тогтоосон нь асуудал үүсгээд байна, тийм үү?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Оюу Толгойн зэсийн баяжмалын дагалдах металлд АМНАТ ногдуулах талаар одоо ч маргаантай. Төмрийн хүдрийн дагалдах металлуудад хортой хольц гэж байдаг. Манай улсад  лабораторийн дүгнэлтээр гарсан, хортой хоргүй, үнэтэй үнэгүй бүх элементүүдэд АМНАТ ногдуулдаг. Үүнийг манай улсад ялгаж салгаж авах боломжгүй. Агуулга багатай жоншны хувьд өөрийн ордгүй баяжуулах үйлдвэрүүд олборлогчоос худалдаж аваад баяжуулж боловсруулан гаргахад мөн АМНАТ-ийг олоогүй орлогоос нь тооцож авч байна. Жоншны баяжмал 1 тонныг 220 ам.доллароор гэрээг хийсэн байхад танай үйлдвэр 320 тонноор борлуулсан гээд АМНАТ ногдуулдаг. Дотоодын аж ахуйн нэгжүүд жоншны баяжмалаа их хэмжээгээр байнга нийлүүлж чаддаггүй учраас гэрээ ийм доогуур хийгддэг гэж хэлж болно. 

Өөрийн ордгүй баяжуулах үйлдвэрүүд АМНАТ-аас болоод бүгд хаалгаа барилаа. Олоогүй орлого, дагалдах металлд нь өндөр татвар ногдуулж байгаа нь ийм байдалд хүргэсэн гэж аж ахуйн нэгжийн төлөөллүүд мэдэгдэж байгаа. 

Өөрийн ордгүй баяжуулах үйлдвэрүүд агуулга багатай хүдрийг баяжуулж эдийн засгийн эргэлтэд оруулан валютын орлогын эх үүсвэрийг бий болгодог давуу талтай. Баяжуулах үйлдвэрүүдээс баригдаж байгаад үйл ажиллагаа нь зогссон, ширэм, ган үйлдвэрлэх төлөвлөгөөтэй төслүүд ч гацсан. АМНАТ-өөс болоод сүүлийн гурван жилд  Монголд гадаадын хөрөнгө оруулалт орж ирсэнгүй. Орж ирэх ч боломжгүй. Энэ алдаагаа засахгүй бол Монголын баялаг зөвхөн түүхийгээрээ экспортлогдоод байх болно. Төр засгаас хэрэгжүүлж байгаа “Олборлолтоос- Боловсруулалт” руу чиглэсэн бодлого өнөөдөр хэрэгжихэд хүндрэлтэй   нь эндээс харагдана. Ингэж АМНАТ-ыг давхардуулж ногдуулдаг улс манай улсаас өөр байхгүй. Зарим улсад  зардлыг нь хасаад цэвэр ашигт нь роялти ногдуулдаг. Манай улс шиг борлуулалтын орлогод нь АМНАТ тогтоодог орнууд байдаг ч уян хатан. Тээвэр, үйлдвэрлэлийн үндсэн зардлууд, зарим татвар хураамжийг хасч тооцож байж АМНАТ ногдуулдаг. Гэтэл манай улсад ямар ч хасалтгүй буюу олсон орлогоос нь  илүү орлогод   АМНАТ ногдуулдаг болсон. Өнгөрсөн оны тавдугаар сард Европын сэргээн босголт хөгжлийн банкны танилцуулах хурал дээр АМНАТ тооцох суурь буруу мөн давхардуулан ногдуулж, хууль эрх зүйн орчин байнга өөрчлөгдөж байгааг шүүмжилж  энэ бүгдийг засч залруул гэж Засгийн газарт зөвлөмж хүргүүлсэн.  

АМНАТ-өөс шалтгаалж үйл ажиллагаагаа зогсоогоод байгаа хэчнээн компани байна вэ?
Манай холбоонд харъяалагдаж байгаа арав гаруй компани татварын шалгалтад ороод нэлээд өндөр акт тавигдсан. Компаниуд энэ актыг хүлээн зөвшөөрөхгүй гэж Татварын ерөнхий газрын маргаан таслах зөвлөлд, захиргааны хэргийн шүүхэд хандаж байна. Бид цаашид дэлхийд байдаггүй, ийм стандарт бус шийдвэртэй яваад байх юм бол   хөрөнгө оруулагчид орж ирэхгүй нь тодорхой. Тиймээс Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгад АМНАТ-ийн асуудлыг шийдвэрлэж, өмнөх зохицуулалтаар явах хэрэгтэй. Одоогоор өөрийн ордгүй баяжуулах үйлдвэрүүдийн 1500 гаруй хүн ажлын байраа алдаж, туслан гүйцэтгэгч нар орлогогүй болсон төдийгүй орон нутагт төлдөг татваруудаа ч төлж чадахаа больсон. 

“Эрдэнэс Тавантолгой” ХК эрчим хүчний нүүрсээ 14 ам.доллараар зараад 15$ АМНАТ төлдөг өндөр хувь хэмжээг жил гаруй мөрдүүлсэн. Үр дүнд нь тус компанийн санхүүгийн байдлыг хүндрүүлэн өрсөлдөх чадварыг нь буурууллаа. Энэ талаар таны байр суурь юу вэ?
Засгийн газрын 2021 оны 174 дүгээр тогтоол гарахаас өмнө экспортлогчид  Сангийн яамныхантай уулзалт хийсэн ч  салбарын яамны болон бидний үгийг сонсоогүй. Тэд төрийн нийтийн өмчөөс төр хэдэн хувийн татвар авахаа мэднэ гэж   хариулдаг. Татварын ерөнхий хуульд татварын хувь хэмжээ үр ашигтай, шударга байх ёстой гэж бий. Үр ашигтай гэдэг нь татвар төлөгч төлж чадахуйц байхыг хэлдэг. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд 174 дүгээр тогтоолоор эрчим хүчний нүүрсээ 14 ам.доллараар зараад 15 ам.долларын АМНАТ төлдөг зарчимд шилжсэн. Бусад компаниудын хувьд экспортоо хэсэг хугацаанд  зогсоож, дараа нь нүүрсээ нэлээд хэмжээгээр гаргасан. Нүүрстэй холбоотой асуудлууд одоо шуугиан тарьж байна.  Давхар АМНАТ ногдуулж баяжуулах боловсруулах үйлдвэрүүдээ дампууруулж байхаар хэдэн сая тонноор  алдагдсан,  хулгайлагдсан нүүрсний АМНАТ-ийг төлүүлэх ёстой. Хэрэв АМНАТ-ийг нөхөн төлүүлж чадвал 2023 оны улсын төсвөө алдагдалгүй, ашигтай болгох тооцооллыг бид хийсэн.

Ярилцсан Танд баярлалаа.