А.Халиун
Засгийн газар 2023 оны нэгдүгээр сарын 11-нд “Сенчири-2” бонд гаргасан. 8.65 хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай энэ зээлийг Засгийн газар өрийн зохицуулалт хийх зорилгоор авсанаа Сангийн сайд мэдэгдэж байсан билээ. Засгийн газрын, бондын зохицуулалтын талаар Сангийн сайд Б.Жавхлангаас тодрууллаа.
2022 онд төлөх бондын төлбөрийг Засгийн газар бонд гаргаж хаахаар боллоо. Бага хүүтэй зээлийг өндөр хүүтэй зээлээр хааж байна гэсэн шүүмжлэлд Та ямар хариулт өгөх вэ?
Засгийн газар дахин санхүүжилтийн зорилготой бондыг амжилттай гаргалаа. 8.65 хувийн хүүтэй “Сенчири-2” бонд нь өмнөх бүх бондоос өндөр хүүтэй биш. Жишээ нь, “Мазаалай” бонд 10 хувийн хүүтэй, 8 хувиас дээш хүүтэй бондууд ч гаргаж байв. Тэр үед Америкийн Төв банкны бодлогын хүү 2-оос доош буюу маш бага байсан. Одоо Америкийн төв банкны бодлогын хүү түүхэн дээд хэмжээ буюу 4.5 хувьд хүрсэн.
Тэгэхээр 8.65 хувийн хүүтэй “Сенчири-2” бондын зөрүү нь 4.1 хувь. Энэ зөрүүг харахад “Сенчири-1” буюу өмнөх жил гаргасан бонд, энэ жил гаргасан Сенчири-2 бондын хүү Засгийн газрын өмнө гаргасан бондуудаас хамгийн бага хүүтэй гэж ойлгож болно. Мөн Монгол Улс дефолт зарлах бодит эрсдэл байсан. Тэр эрсдэлээс бүрэн ангижирсан гэдэг нь энэ бондын хамгийн гол өгөөж.
Засгийн газар үүн дээр нэмж төсвөөс санхүүжүүлэх зорилт бүхий бонд гаргахгүй гэсэн дунд хугацааны стратеги барина. УИХ-аас ч өгсөн үүрэг даалгавар нь энэ.
Ойрын жилүүд Засгийн газрын хувьд зээл төлөх, өрийн дарамт хамгийн өндөр байх цаг үе. Зээл төлөх хуваарийг ямар байдлаар гаргав. Монгол Улс дефолт болох аюулаас ангижирсан гэж Та итгэлтэй хэлж байна уу?
Дефолт болох эрсдэл ойрхон байсан нь үнэн, одоо эрсдэлгүй болсон гэдгийг давтан хэлье. Засгийн газар 2023, 2024 он дамнан 1 тэрбум 260 сая долларын өр төлөх хуваарьтай. Үүний 650 сая долларыг “Сенчири-2” бонд гаргаж дахин санхүүжилт хийсэн. Үлдсэн 450 сая ам.долларыг хоёр жил дамнуулан улсын төсвөөс шууд төлөх юм. Ингэснээр 2023, 2024, 2025 оныг дуустал Монгол Улс гадаад өрийн эрсдэл буюу дефолт зарлах эрсдэлгүй болсон. Хоёр жил дамнан төлөх 1.2 тэрбум ам.долларын 60 хувь буюу 650 сая долларыг бондоор, үлдсэн 450 сая долларыг Улсын төсвөөс төлнө.
Өрийг өрөөр санхүүжүүлдэг энэ зохицуулалт хэр удаан үргэлжлэх вэ?
Хоёр жил дамнан төлөх 1.2 тэрбум ам.долларын 60 хувь буюу 650 сая долларыг бондоор, үлдсэн 450 сая долларыг улс төсвөөс төлөхөөр төлөвлөсөн. Төсөв даах хэмжээнд өрөө төлөөд, даахгүй байгаа хэсгийг бондоос санхүүжүүлж, хугацааг нь сунгах стратегиэр ажилласан.
Засгийн газар үүн дээр нэмж төсвөөс санхүүжүүлэх зорилт бүхий бонд гаргахгүй гэсэн дунд хугацааны стратеги барина. УИХ-аас ч өгсөн үүрэг даалгавар нь энэ.
Эргээд харахад Засгийн газраас гаргасан найман бондын анхных буюу “Чингис” бонд л төсөл хөтөлбөр санхүүжүүлсэн. Дараах “Дим Сам”, “Мазаалай” бондууд төсвийн алдагдал санхүүжүүлсэн. Түүнээс хойших “Гэрэгэ”, “Номад”, “Сенчири” бондууд бүгд өрийг өрөөр санхүүжүүлсэн зарцуулалттай байна.