Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Ноолуур боловсруулах үйлдвэрлэгчдэд 500 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно

А.Халиун

Засгийн газраас ноолуур боловсруулах үндэсний үйлдвэрлэгчдийн түүхий эдийн зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, тэднийг эргэлтийн хөрөнгөөр дэмжих зорилгоор сүүлийн жилүүдэд ноолуурын салбарт хөнгөлөлттэй зээл олгож байна.  
     
Энэ зорилгын хүрээнд 2023 оны ноолуур бэлтгэлд зориулан Олон улсын санхүүгийн корпораци, Европын сэргээн босголт, хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллага болон арилжааны банкны эх үүсвэрээр 500 тэрбум хүртэлх төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох шийдвэрийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргалаа.

Зээл олгохдоо ноолуур экспортлогч компаниудын гүйцэтгэлийн болон гадаад худалдааны төлбөр тооцооны эрсдэлийг бууруулах, барьцаа хөрөнгийн хүндрэлийг шийдвэрлэх зорилгоор экспортын гэрээ болон агуулах дахь түүхий эдийн үлдэгдлийг барьцаалах, экспортын даатгалын үйлчилгээг нэвтрүүлэх зэрэг санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг туршин нэвтрүүлэхийг чиглэл болгожээ.

Мөн үйлдвэрлэгчдэд олгох зээлийн Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн хөнгөлөлт 13.0 нэгж хүртэл хувийг төсвийн ерөнхийлөн захирагчийн батлагдсан төсвийн хүрээнд зохицуулалт хийх замаар шийдвэрлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Сангийн сайд нарт даалгасан байна.