Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Геологийн салбарын улсын зөвлөгөөн зохион байгуулна

Г.Идэрхангай

      
       Монгол Улсын Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг, “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрүүд болон Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогод геологийн судалгааны ажлыг эрчимжүүлж, эрдсийн түүхий эдийн нөөцийг нэмэгдүүлэх, тус салбарт хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах томоохон зорилтууд тусгагдсан. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд өнөөдөр геологи, уул уурхайн салбарын гол хууль Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг салбарын яам, агентлагаас санаачлан боловсруулж байгаа билээ. 
        Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 57 хувьд 1:50.000 масштабтай геологийн зураглалын ажил, цаашлаад нарийвчилсан эрэл, эрэл үнэлгээний шатны хайгуулын ажлууд үндсэндээ орхигдоод байгаа энэ цаг үед салбарын түвшинд хууль, эрх зүйн шинэчлэл хийгдэж байна. Тиймээс Монголын Геологийн Холбоодын Нэгдсэн Зөвлөлөөс санаачлан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Үндэсний Геологийн Алба,  Ашигт малтмал, газрын тосны газар, бусад төрийн болон төрийн  бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн дэмжлэгтэйгээр  Геологийн салбарын улсын зөвлөгөөнийг 2023 оны гуравдугаар сарын 24-ний өдөр танхимаар зохион байгуулах гэж байна. 
        Геологийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд, төрийн бус байгууллага болон орон нутгийн зэрэг 500 орчим төлөөлөгч оролцох  уг зөвлөгөөний гол зорилго, ач холбогдол нь салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл, хууль эрх зүйн шинэчлэлийн талаар нээлттэй хэлэлцэж, ЗӨВЛӨМЖ гаргахад оршиж  байна. Уг ЗӨВЛӨМЖ-ийг төр, засгийн холбогдох бүх л шатанд хүргэн салбарын хууль, эрх зүйн баримт бичгүүдэд тусгуулах нь Зөвлөгөөнөөс гарах гол үр дүн юм. Зөвлөгөөнд УУХҮЯ, ҮГА, АМГТГ-ын холбогдох албаны хүмүүс, их дээд сургуулийн эрдэмтэн судлаачид болон геологийн салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа ТББ, аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүдийг төлөөлсөн холбогдох илтгэл тавигдаж хэлэлцүүлэхээр бэлтгэж  байна. 
         Өнөөдөр геологийн салбарт төр засгийн зүгээс онцгой анхаарч, гадаадын хөрөнгө оруулалтыг татах нь нэн тэргүүний тулгамдсан асуудал болжээ. Түүнчлэн Үндэсний Геологийн албаа бэхжүүлж, геологийн суурь судалгаа, эрлийн хэтийн төлөвийг тодорхойлох нь манай улсын геополитикийн түлхүүр, суурь зарчмыг бий болгоход томоохон бааз суурь болох учиртай. Монгол Улсад геологийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, бүх төрлийн геологийн судалгааг эрчимжүүлэх, геологичдын мэдлэг чадварыг нэмэгдүүлэх, салбарын ажиллагсдын нийтлэг, хууль ёсны  эрх ашгийг хамгаалахад чиглэсэн тус Зөвлөгөөн  цаашид  5 жилд 1 удаа зохион байгуулагдаж байхаар төлөвлөгдөж байгаа юм.