А.Халиун
Орон нутгийн “Тавантолгой” ХК-ийн ТУЗ хуралдаж, ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргажээ. Тус компани 2022 оны бизнес төлөвлөгөөндөө 61 орчим тэрбум төгрөгийг ногдол ашиг болгон тараана гэж тусгаж байсан бол урьдчилсан байдлаар компанийн татварын дараах ашигт байдлыг харгалзан нэгж хувьцаанд 2743.8 төгрөгөөр тооцон нийт 144 тэрбум төгрөг ногдол ашиг болгон хуваарилахаар болж байна хэмээн "Тавантолгой" ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч П.Сайнзориг мэдээлэв.
Орон нутгийн “Тавантолгой” ХК нь 50 гаруй жилийн түүхтэй, 1900 гаруй хувьцаа эзэмшигчтэй. Хамгийн том хувьцаа эзэмшигч нь Өмнөговь аймаг бөгөөд тус аймгийн 51 хувийн хувьцаа эзэмшигчийг аймгийн ИТХ нь хэрэгжүүлдэг. Тэгэхээр орон нутагт орж ирсэн ногдол ашгийг Төсвийн тухай хуульд заасны дагуу зарцуулна гэсэн үг.
-Орон нутгийн “Тавантолгой” компани жилд хэдэн тонн нүүрс олборлодог вэ?
-2023 оны бизнес төлөвлөгөөнд гурван сая тонн нүүрс олборлож, үүнийхээ 90 гаруй хувийн экспортлохоор тусгасан. Монгол Улсын Засгийн газраас баталсан тогтоолын дагуу нүүрсийг хилийн үнээр борлуулах бодлогын хүрээнд “Тавантолгой” ХК-ийн нефть ачиж, буулгах талбай, тээврийн тендер сонгон шалгаруулалтууд явагдаж байна. Гуравдугаар сарын 15-наас жигдэрч уурхайгаас нүүрс тээвэрлэх ажил эхэлнэ.
Тус компани үүнээс өмнө 2021 онд 13 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, 90 орчим хувийг ногдол ашиг болгон тараасан ба нэгж хувьцаанд 530 орчим төгрөг хуваарилж байжээ.