А.Халиун
Засгийн газар 2023 оны хоёрдугаар сараас эхлэн нүүрсийг биржээр ил тод худалдах бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн ба энэ хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХХК хоёрдугаар сард гурван удаа биржийн арилжааг хилийн үнээр амжилттай зохион байгуулсан.
УИХ-аар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль батлагдсан бөгөөд 2023 оны долоодугаар сараас хэрэгжиж эхлэх юм. Хууль хэрэгжих хугацааг хүртэл нүүрсний биржийн арилжааг Засгийн газрын тогтоолоор хэрэгжүүлж байна.
УУХҮЯ-наас уг хуулийг танилцуулах, уул уурхайн бүтээгдэхүүн худалдаалах Засгийн газрын бодлогыг БНХАУ-ын нүүрс худалдан авагч байгууллагуудад танилцуулах уулзалтыг өнгөрсөн даваа гарагт /2023.02.27/ зохион байгууллаа. Энэ уулзалтад урд хөршөөс 200-гаад байгууллагын төлөөлөл ирж оролцсон юм.
Энэ үеэр БНХАУ-ын худалдан авагчид Уул уурхайн биржийн хуулийг шүүмжилсэн тухай мэдээлэлд сэтгүүлч өнөөдөр /2023.03.01/ УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатараас хариулт авсан юм.
Сайд Ж.Ганбаатар, Хуулийн талаар шүүмжлэл огт гараагүй. Гэхдээ манай биржийн хуулийг бойкотлох, хуучин тогтолцоогоо санагалзах, ширээн доогуур наймаалцдаг байдлаа хэвээр нь хадгалж үлдэх гэсэн сонирхол худалдан авагчдад байхыг үгүйсгэхгүй.
Уул уурхайн бүтээгдэхүүнийг худалдан авагч тал Биржийн арилжаанд оролцох бэлтгэл муутай байх шиг байна. 20-30 жил явж ирсэн “соёлоо” хэвээр үлдээх хүсэлтэй байхыг үгүйсгэхгүй. Монгол Улс нүүрсээ биржээр дамжуулан худалдах бодлогоосоо ухрахгүй гэв.