Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Гадаад валютын улсын нөөц 3.4 тэрбум ам.долларт хүрчээ

А.Халиун

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 5-ны өдрийн 362 дугаар тогтоолын хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газрын гишүүдэд танилцуулав.

Тогтоолын хэрэгжилтийг хангуулах хүрээнд валютын орлого төвлөрүүлэх, экспорт, тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, гааль, татварын автомат бүрдүүлэлтийн систем бий болгох, хяналтыг сайжруулах, ашигт малтмалын олборлолт, боловсруулалт, тээвэрлэлтийн гэрээг ил тод болгох чиглэлээр холбогдох арга хэмжээг үргэлжлүүлэн авч байна.
2023 оны хоёрдугаар сарын эцсийн байдлаар нүүрсний нийт экспорт 8.7 сая тоннд хүрч өнгөрсөн оны мөн үеэс 3.6 дахин, төмрийн хүдрийн нийт экспорт 0.9 сая тоннд хүрч өнгөрсөн оны мөн үеэс 50 хувиар, газрын тосны экспорт 0.8 сая баррелд хүрч өнгөрсөн оны мөн үеэс 100 хувиар тус тус өсжээ.

ТӨХК-иуд он гарснаас хойш 443.1 сая ам.долларын орлого төвлөрүүлсэн байна.

Гадаад валютын улсын нөөц 2023 оны хоёрдугаар сарын эцсийн байдлаар 3.4 тэрбум ам.долларт хүрсэн нь 2022 оны есдүгээр сарын эцэстэй харьцуулахад 21 хувиар өсчээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монголросцветмет” ТӨҮГ, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-иуд он гарснаас хойш 443.1 сая ам.долларын орлого төвлөрүүлсэн байна.

Гааль, татварын автомат бүрдүүлэлтийн систем бий болгох, гаалийн хяналтыг сайжруулах хүрээнд бүх төрлийн ашигт малтмалын экспортыг гааль, татварын автомат бүрдүүлэлтийн системээр дамжуулж байна.

"Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам"-ын хүрээнд 2023 оны хоёрдугаар сарын 9-нөөс хойш нийт таван арилжаа зохион байгуулж, 204.8 мянган тонн нүүрсийг дуудлага худалдаагаар анхны үнээс 0-12.2 хувиар өсгөн 37.3 сая доллартай тэнцэх хэмжээний валютаар худалдсан байна.